Б.ЗАЯА
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн албанаас “Дархан хотын түлш, эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, түүний үр ашгийг дээшлүүлэх шаардлага” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулав. Дархан хотын гал голомт болсон эрчим хүчний эх үүсвэр Дарханы дулааны цахилгаан станцын хамт олон өнгөрсөн хугацаанд цахилгаан дулаан үйлдвэрлэх төлөвлөгөөт зорилт, эрчим хүчээр найдвартай хангах үүргээ нэр төртэй биелүүлж, “Олон улсын ажил хэргийн чанарын төлөө алтан медаль”, МҮХАҮТанхимаас шалгаруулдаг “ТОП-150” аж ахуйн нэгж байгууллагаар 11 удаа шалгарчээ. Гэвч амжилтын эздэд бэрхшээлтэй асуудал тулгарч эхэлснийг зөвлөгөөний үеэр хэлэлцэв. Дарханы Дулааны цахилгаан станц 48 жил тасралтгүй ажиллаж, хүн амыг цахилгаан дулаанаар хангаж ирсэн ч техник шинэчлэл хийх шаардлагатай болсон байна. Тус станцын дэд захирал Г.Туяахүү “Станцыг найдвартай ажиллуулахад тоноглолын засварт шаардагдах сэлбэг хэрэгслийн 95 хувийг ОХУ-аас авдаг байсан ч үйлдвэрлэл зогссон учир захиалгаар хийлгэдэг. Ингэхэд дор хаяж хоёр дахин их үнээр хийж байна” гэв. Мөн аймгийн эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийг барьж байгуулах шаардлагатай болжээ. УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтот суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2007-2021”, Дархан-Уул аймгийн ИТХ-аар 2009 онд баталсан “Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажилд яаравчлан орохыг зөвлөгөөнд оролцогчид онцолжээ. Дарханчуудын сэтгэл зовоосон дараагийн асуудал нь тус станцын үнс зайлуулах байгууламж юм. Үнс зайлуулах технологи нь Хараа голын ойролцоох талбайд сувагжуулалтын усаар тунгаан үнсээ хуримтлуулдаг. Хаягдал усаа эргүүлэн технологидоо ашигладаг. Гэтэл зайлуулагдсан үнс хуримтлагдсаар дахин нөөцлөх газаргүй болжээ. Хуримтлагдсан үнсийг цементийн үйлдвэрлэлд ашиглая гэвч Шарын гол, Багануурын уурхайн нүүрсний үнсний найрлагад цацраг идэвхит бодис агуулагддаг болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон байна. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 1ккал дулааны эрчим хүчийг 22542 төгрөгөөр үйлдвэрлэж 5053 төгрөгөөр борлуулах тухай гурван жилийн өмнө нь баталсан шийдвэр нь тус станцыг 7.8 тэрбум төгрөгийн алдагдалд ороход хүргэжээ. Эрчим хүчний үнэ чөлөөлөх тухай УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоол гарсан ч хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн байна. Тиймээс эрчим хүчний үнийг 30-40 хувиар нэмэх шаардлагатайг тэд онцоллоо.