Б.ЭНХЗАЯА 
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга Т.Ариунболдтой ярилцлаа. Тус аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нэг бол Хужирт юм.
-Танай сум өвөлжилт хүндэрсэн сумын нэг. Малчид өвлийг хэрхэн давав?
-Манай суманд 1303 өрхийн 145 мянган мал өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрсний улмаас нэг наст мал хорогдох тохиолдолд цөөнгүй гарлаа. Нэг наст мал 400 гаруй хорогдож. Өнгөрсөн оны есдүгээр сарын 25-нд анхны цаснаас хойш их, бага хэмжээгээр 24 удаа цас орж, нийт нутгаар цасан бүрхүүл тогтчихсон. Тал газартаа 30-35 см, уул бэл, гуул жалганд 90-115 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Өвс тэжээл, түлээ нүүрс, хүнсний хомсдолд орох үе байлаа. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар зудын штаб байгуулсан. Штабт байнгын жижүүртэй тогтмол утас ажиллуулж иргэдтэй харилцаж, шуурхай арга хэмжээ авч байгаа. Өвс тэжээлийг Хархорин сумын нөөцийн сангаас хөнгөлөлттэй үнээр авсан.
-Улсын нөөцөөс өвс тэжээл татсан уу?
-Улсын онцгой комиссоос манай сумын малчдад 40 тонн өвс үнэгүй тараасан. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагынхан хандивын аян өрнүүлж тусалж дэмжсэнд талархаж байна. Зам даваа гаргаж, малчдад тусламж хүргэхээр аймгийн Онцгой байдлын газрын туулах чадвар сайтай 131 загварын машин өнгөрсөн сарын 5-наас энэ сарын 1 хүртэл ажилласан. Энэ ажилд есөн сая гаруй төгрөг зарцуулсан байна. 2010 оны зудтай харьцуулахад энэ өвөл харьцангуй гайгүй. Гэхдээ цас хатуурч, мөстсөний улмаас өрхүүд эмнэлгийн үйлчилгээг зэргийг авч чадахгүйд хүрсэн.
-Эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй иргэдээ хэрхэн анхаарч байна. Зарим аймагт эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй эндэх тохиолдол гарсан?
-Жирэмсэн эхчүүдээ сумын төвд татаж байгаа. Ер нь малчдаас ханиад, даралт ихсэх дуудлага зонхилж байна. Гэтэл түргэн тусламжийн ганц машинаар өрх бүрт хүрч үйлчилж чадахгүй байгаа. Туулах чадвар муутай учир замд эвдэрч, цаг хугацаа алдах тохиолдол гарч байна.
-Хүйтний эрч тавигдаад байна. Танай нутгаар цас хайлж газар харласан биз дээ?
-Орон нутгийн сонгуулиас хойш цас бараг орсонгүй. Хүйтний эрч сулран, өдөр уртсаад малын бэлчээрлэлт тавигдаж байна. Гэхдээ хэчнээн цаг наашилж байгаа ч нягтаршсан цасны зузаан нимгэрэхгүй байна. Сумыг бүрхсэн цас хайлвал шар усны үер гарах эрсдэлтэй. Шар усны аюулаас хэрхэн сэргийлэх талаар ярилцаж байгаа. Цас их орж мөстсөн учир малын туурай, ам халцрах бэрхшээлийг малчид уламжлалт аргаар эмчилж, арчилсан. Өнгөрсөн зун өвс ургамал сайн ургасан болохоор цасан дороос мал бэлчээрлэх идэш гарч эхлэх байх.
-Сум бүрт төсөвлөөд байгаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах гэж байна. Мөрийн хөтөлбөрөөсөө онцлооч?
-Орон нутгийн хөгжлийн сангаас манай суманд 313,6 сая төгрөг хуваарилсан. Мэдээж журмын дагуу зарцуулна. Нутагтаа зайлшгүй хийх шаардлагатай ажлыг дурьдвал хогны асуудал бэрхшээлтэй байгаа. Түүнчлэн нохой устгах талаар ч асуудал үүсээд байна. Мөн ирэх жил сумын 90, сургуулийн 80 жилийн ой болно. Түүх ойгоо угтаж, сумын бүтээн байгуулалт, тохижилтод зүй ёсоор анхаарна. Хужиртын рашаан сувиллыг түшиглэн ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн өвөлжилт хүндэрснээс нэлээд өрх малгүй болсон учир малжуулах төсөлд хамруулах хэрэгтэй байна. Харин мөрийн хөтөлбөрөөс онцолбол “Бүтээлч Хужирт” мөрийн хөтөлбөр батлуулсан. Мөрийн хөтөлбөрөө орон нутгийн хөгжлийн сангийн бүтээн байгуулалттай уялдуулан хийнэ. Ялангуяа сумын онцлог, давуу талыг ашиглан хийж болох ажлууд бий.