Д.БОЛОР
МҮАН-ын дарга М.Энхсайханыг ажлаас нь халсантай холбогдуулан намынхан нь хуралдах болсон тухай зар хэдэнтээ түгсэн. Гэвч тэд товлосон цагтаа хуралдаагүй. Хуралдах эсэх нь ч тодорхойгүй байна. Үүнд УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг ийн хариуллаа.
-МҮАН-ын бүгд хурал товлосон хугацаандаа яагаад болсонгүй вэ. Хэзээ хуралдах вэ?
-Манайхан өмнө нь цагаан сарын дараа буюу шинийн 8-нд намынхаа бүгд хурлыг хийдэг байсан. Тэр үед парламентад суудалгүй нам байсан учраас бололцоо нь ч өргөн байлаа. Одоо парламентад суудалтай нам учраас парламентын бусад намуудын хуралдаж байгаа байдал, гаргаж байгаа шийдвэртэй өөрсдийнхөө асуудлыг уялдуулахгүй бол болохгүй. Үүнээс болж хойшлуулсан. Хоёрдугаарт, энэ хавар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улс төрийн намууд хөдөлгөөнд ороод эхэллээ. Зарим нь нийлнэ, эвсэнэ гэх хувилбаруудыг ярьж байна. Иймээс манай намын тухайд эвсэх, хамтрахаар ярьж байгаа намуудын чиг хандлага, тэдний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг харж байж өөрсдийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ утгаараа хурлаа хийх гэж яарахгүй байгаа.
-Тэгэхээр танай намын хурал ойрын хугацаанд болохгүй гэсэн үг үү?
-Бид гуравдугаар сарын дунд үе хүртэл хүлээлтийн байдалтай байна.
-Намын бүгд хурлаар Шинэчлэлийн Засгийн газрын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх. Цаашлаад М.Энхсайхан даргыг ажлаас нь халсан асуудалд хэрхэн хандах тухай ярилцана гэж байсан. Энэ асуудал орхигдож байна уу?
-М.Энхсайхан даргыг ажлаас халсан асуудалд манай намын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ МҮАН нь нэг хүнийг ажлаас гарсантай холбогдуулаад гэнэтхэн оволзоод байх нам биш. Тэгээд ч намын даргыг ажилд оруулсан, халсандаа асуудал орших учиргүй. Харин Монголын төмөр зам, Тавантолгойн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэд хүргэх зах зээлтэй холбоотой асуудлаар үзэл баримтлалын зөрүү гарсан байсан. Энэ асуудлаар хариуцлага тооцсон сайдтай нь бодлогын ямар зөрүү байв, яаж засах вэ гэдгийг нь хаврын чуулганаас өмнө ярина.
-МАХН, МАН эвсэх тухай ярьж байна. МАХН-тай эвссэн намын төлөөллийн хувьд асуудалд хэрхэн хандаж байна вэ?
-Харж л байя. МАН-ын ахмад гишүүд давамгайлсан байдлаар уриалга гаргаж байгаа юм билээ. Д.Тэрбишдагва даргатай санал солилцоход “МАН-ын зарим гишүүн уриалга ирүүллээ. Бид судалж байгаад хариугаа өгнө” гэсэн. Бидний хувьд байдлыг харзнаж байна.
-МҮАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн бэлдэж байгаа нь нууц биш. Танай намаас хэн нэр дэвших вэ?
-Бодож байна. Манайд лидер бол бий. 45 нас хүрсэн, туршлагатай, олон түмэндээ танигдсан улс төрчид байна. Иймээс нэр дэвшихийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар бидэнд өргөн сонголт байна. Хувиараа нэр дэвшүүлэх болон аль нэг нам эвсэлтэй эвсэх. Эсвэл аль нэгийг нь дэмжээд оролцох хувилбар бий.
-МҮАН-ын гишүүд монгол бичиг сурч байгаа гэсэн үү?
-Г.Уянгаа гишүүн санаачлаад ийм хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ нь бичиг соёлоо уйгаржин бичиг рүү оруулъя гэсэн зүйл биш. Ер нь үндэсний үзлийг дээдэлдэг намын хувьд хуучин бичиг соёлоо мэддэг байх нь зүйтэй гэж үзээд суралцаж байна.
-Та хичээлдээ сууж байна уу?
-Хичээлдээ сууж амжихгүй байна. Гэхдээ би чинь муруй хазгай бичээд ч болтугай бас ч нэг гадарлана шүү.