Ч.ЗОТОЛ, Б.ТҮШИГ 

АНУ-ын Калифор­нийн их сургуулийн про­фессор, “National Geog­raphic” сэтгүүлийн суд­лаач Альберт Лин Монголд ирж, Бурхан Халдун уулын орчим малтлага хий­сэн байж болзошгүй гэх хардлага байна. Учир нь тэрээр сүүлийн хэдэн жилийн турш “Хаадын хөндий” нэртэй төслийг удирдан Чингис хааны бул­шийг хайж байгаа нэ­гэн. Энэ ажлаар Монголд хэд хэдэн удаа нууцаар ирээд буцсан гэх мэдээл­лүүд ч тухайн үед гарч байсан юм. Тэгвэл Америк-Монголын хам­тарсан гэх түүний экс­педиц хиймэл дагуул ашиг­лан радиолокацийн тан­далт хийн Монголын эзэнт гүрнийг үндэслэг­чийн бунханг олсон тухай­гаа оны өмнөхөн мэдэг­дэж шуугиан тарьсан билээ. Тэр бүү хэл нисгэгчгүй автомат удирд­лага­тай онгоцоор найман  мянган км газрын зургийг авсан. Түүний үндсэнд Кали­форнийн их сургуу­лийн лабораторид  Чингис хааны бунхны гурван  хэм­жээст зургийг гарга­сан хэмээн мэдэгдсэн. Су­дал­гааны багийн удир­дагч­дын нэг Фред Хубер­тийн мэдэгдсэнээр Чингис хааны булш манай орны баруун хойд хэсгийн алс­лагдсан газар байгаа гэнэ.  Төслийн удирдагч Альберт Лин хэлэхдээ “Хэдий­гээр Чингис хааны бул­шинд асар их эрдэнэс бий гэсэн домог байдаг ч бид түүний бунханг малтахгүй. Энэ булш ЮНЕСКО-гийн дэлхийн өв хэмээг­дэн хадгалагдах ёстой” гэсэн байна.

Хэдийгээр тэд ингэж мэдэгдэж бай­гаа ч  су­далгааны багийнх­ны хий­сэн “Чингис хааны хо­риотой булш” нэртэй ба­римтат киноны бич­лэгээс үзэхэд Бурхан Халдуны оройн хэсгээс холгүй тахилын сүмийн туурь орчмыг Альберт Лин онил­сон байж болзошгүй. Тэр бүү хэл тус газарт малт­лага хийсэн байхыг үгүйс­гэх­гүй хэмээн эх сурвалжууд хэлж байна.

Үнэхээр тийм зүйл болсон бол Альберт Лин хэнээс зөвшөөрөл авсан бэ, холбогдох байгуул­лагуудад хандсан уу, Монголын талаас хэн түүнд замчилж, хамтарч байна гээд олон асуулт гарч байна.