Б.ЗАЯА

Барилгын норм, стандартыг хангаагүй хороолол сүндэрлэсээр долоон жилийг үджээ. Мэргэжлийн хяналтынхны хаалттай хуралдаанаар хүлээж авсан гэх хятадын “Богда холдинг” компанийн “Богд-Ар” хорооллын анхны байруудын нэг болох 7А байранд эдүгээ хүн амьдрахад хүндрэлтэй болж, оршин суугчид нь үгээ барж сууна. Хүүхдийн тоглоом, хөгшдийн нарлах талбай, машины зогсоолгүй уг барилга анхнаасаа зураг төсөлгүй баригдаж, холбогдох хууль дүрмийг зөрчсөн байх юм. Тодруулбал, инженерийн шугам сүлжээ байрлах хонгил нь мөлхөх төдий өндөртэй. Өөрөөр хэлбэл тус байр хонгилгүй баригдаж. Хууль ёсоор бол байрны хонгилын өндөр 170 см байх ёстой байдаг. Шугам сүлжээ гэмтэх үед хонгилд засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй, халуун, хүйтэн, бохир усны сүлжээ хамтдаа байдаг юм байна. Түүнчлэн стандартад нийцсэн агааржуулалтын системгүйгээс байрны хонгилд ялзралт бий болж, нэгдүгээр давхарын айлуудад олон жилийн турш өмхий үнэртэх болжээ. Байрны хана, тааз мөөгөнцөртөх нь энгийн үзэгдэл гэнэ. Жил бүр засвар хийгээд ч нэмэргүй гэсээр угтах айл цөөнгүй байх аж. Зарим нь хананаасаа ундны ус авч хэрэглэх боломжгүйг хэлж байна. Тухайлбал, зургадугаар давхарын оршин суугч Ц.Чанцалынх долоон жилийн өмнө шинэ байранд оржээ. Тэрээр “Байранд анх орж байхад крантны ус өмхий гардаг байсан. Энэ талаар холбогдох хүмүүст хэлэхэд шинэ байр болохоор удахгүй үнэр нь арилна гэсэн. Гэтэл одоо хүртэл өмхий ус гарсаар байна. Тиймээс цэвэршүүлсэн ус хэрэглэдэг” гэв. Тэрээр байрандаа хэд хэдэн удаа засвар оруулжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард засварласан ч удалгүй мөөгөнцөртөж эхэлсэн байна. Оршин суугчдын засвараас гадна баригдаад гуравхан жил болсны дараа дээврийн их засварт орсон тус байр нөгөө л янзаараа.
Оршин суугчдыг эрүүл мэндээр хохироож буй мөөгөнцөр айл бүрт үүссэн нь барилгын дээврийг стандартын дагуу бариагүйтэй холбоотой болохыг СӨХ-ны захирал Б.Шүрхүү онцлов. Тэрээр барилгын инженерээр 40 гаруй жил ажилласан учир байрныхаа сантехникийн доголдлыг сайн мэдэх бөгөөд цахилгааны асуудалд санаа зовж буйгаа дуулгав. Бороо, цасны ус хайлж дээврээр нэвтэрснээс болж айлуудын цахилгаан хэрэгсэл шатах болжээ. Түүнчлэн “Богд холдинг”-ийнхан цахилгаан, холболтыг чанаргүй материалаар хийж, монголчуудыг хулхиджээ.
7А байрны бас нэгэн “но” бол орон сууцны талбайн хэмжээ. Худалдан авагчдыг байрны талбайн хэмжээг дутааж худалдсан тохиолдол зөвхөн 7А-д бус, “Богд-Ар”-ын бүх байранд байдаг бололтой. Гэвч иргэд дутуу талбайтай ч анхны хэмжээгээрээ дулааны мөнгө төгрөгөө төлсөөр байна. Ийм нэгэн байрныхан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр амьдарч байна. Амьдрах нөхцөлгүй болсон оршин суугчид нэгдэж, барилгын компаниас стандартын дагуу баригдсан байранд оруулж өгөхийг хүсэхээр зэхэж буй аж. Түүнчлэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалахаар СӨХ-ныхон нь холбогдох байгууллагуудад хандсан ч хариу авч чадахгүй явсаар, арга ядаж ШӨХТГ-т хандаад байгаа аж. Барилгын стандарт, журмыг хангалтгүй барьсан уг байрыг Улсын мэргэжлийн хяналтынхан хүлээж авахгүй буцаасан байдаг. Гэвч хаалттай хуралдаан зохион байгуулж, зөвшөөрөл олгосон болохыг албаны хүмүүс хэлдэг байна. Энэ талаар “Отто” СӨХ-ны захирал Б.Шүрхүүгээс цөөн асуултад хариу авсан юм.
Б.Шүрхүү:
“БОГД-АСАР”-ААС СТАНДАРТТАЙ БАЙРАНД ОРУУЛЖ ӨГӨХИЙГ ШААРДАНА
-Танай байрыг улсын комисс хүлээж авахгүй гэж буцааж байсан гэдэг. Яагаад ашиглалтад орчихов?
- Би СӨХ-ны даргын ажлыг аваад хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд судалж үзэхэд Мэргэжлийн хяналтынхан хүлээж авахгүй гээд буцааж байсан юм билээ. Гэтэл хаалттай хуралдаан болж, хүлээгээд авчихсан. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан монголчуудаа ингэж хохироож болохгүй шүү дээ.
-Оршин суугчид амьдрахад хэцүү болжээ. Хана, тааз цуурч, мөөгөнцөртсөн байна?
-Тийм. Олонх айлын хана цуурсан. Энэ нь байранд суулт өгсөнтэй холбоотой. Шөнийн цагаар хана цуурч байгаа чимээ айлуудад сонсогддог. Халуун хүйтэн хэрэглээний усыг ариун цэврийн өрөөнөөс шалан дээгүүр нь татсан айл ч байсан. Айлууд ийм асуудалтайг нь мэдээд сэмхэн зардаг. Нэгдүгээр давхарын зарим айлын шалаар бохирын ус хальж байсан удаатай. Тэр айлыг ашиглалт хариуцсан компанийнхан өөр байранд шилжүүлээд, нөгөө байраа засвар хийгээд л зарчихсан байдаг.
-Байрны стандарт алдагдсан гэж байна. Энэ талаар холбогдох хүмүүст хандаж байв уу?
-Манай байрт хонгилгүй, цахилгааны монтаж аюултай, байрны эргэн тойрны зай талбайгүй гээд оршин суугчдын эрх зөрчсөн олон асуудал байна. Байрны эргэн тойронд хог новшоор дүүрсэн. Хогийн цэг ч байхгүй. Галын аюулгүй байдлын талаар онцгой байдлынханд хандаж үзлээ. Хариу өгөөгүй. Мэргэжлийн хяналтынханд хандсан, шийдсэн юм байхгүй. Барилга 80-100 жилийн насжилттай байх ёстой. 20 жилийн дараа их засварт ордог. Гэтэл энэ байр баригдаад гурван жилийн дараа их засварт орсон. Арга ядахдаа ШӨХТГ-т хандаад байна. Маргааш оршин суугчдын хурал хийж, гарын үсэг цуглуулан ашиглалт хариуцсан “Богд-Асар” компанид хандана. Стандартад тэнцсэн байранд оруулж өгөхийг шаардана.