Д.МЯГМАР

Хууль зөрчсөн 41 компанийн барилгын үйл ажиллагааг өнгөрсөн намар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүрэн зогсоосон билээ. Урь орж, барилга, газар шорооны ажил эхлэх дөхөхтэй зэрэгцээд барилгын компаниуд “амь” орж эхэллээ. Хориотой 41 барилгын компанийн асуудлыг цаашид хэрхэх талаар өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Тухайн үед эрсдэлтэй гэж зарласан барилгуудад иргэд орон сууц захиалахгүй байх, санхүүгийн байгууллагуудыг хөрөнгө оруулж, зээл олгохгүй байхыг анхааруулж байсан. Гэтэл Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нэгэн хачирхалтай мэдээлэл дуулгалаа. Барилгын эзэд рүү дулаан, цахилгааны инженерүүд утасдаж “Дулаан, цахилгаан, усны асуудлыг чинь шийдээд өгье” гэж хэлдэг юм байх. Ингэж улсад орох ёстой дулаан, цахилгааны мөнгө чимээгүй алга болж болзошгүй гэнэ. Үүнийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахыг хүссэн юм. Харин дээрх мэдээллийг НМХГ-ын дарга М.Ням-Очир, “Тэгэх ямар ч бололцоогүй. Дулаан, цахилгаан тоолуураар мөнгөө төлдөг болсон” гэж үгүйсгэлээ.
Иргэдэд нар үздэг, дуу чимээгүй гэх мэт сайхан үгээр зарим барилгын компанийнхан далим хийн орон сууцыг зах, зээлийнхээс өндөр үнээр зарах нь бий. Гэтэл тун удалгүй нар үздэг айлын цонх, тагтыг сүүдэрлэн хууль бусаар өндөр барилга барьж байгаа явдлыг цаашид нийслэлд хэрхэвч гаргаж болохгүй гэдгийг хотын дарга анхааруулсан юм. Хууль бусаар ажлаа эхлүүлсэн 41 барилгын асуудлыг хэлэлцэхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, НМХГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очир нар гарын үсэг зураад асуудлыг шийдчих ухааны юм ярьж зарим даргыг бухимдуулаад авсан. Тухайлбал Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, “Барилгын компаниуд хэдэн сая бус хэдэн зуун тэрбум төгрөгийн ажил хийдэг. Барилгын зөвшөөрөл хөөцөлдөхөд тэд их хугацаа алддаг” гэх мэтээр барилгын салбарынхны зовлонг дуулгаж өмгөөлсөн юм.
Хотын даргын хэлсэн гол гаргалгаа нь хууль бусаар газартай болж барилгын ажил эхлүүлсэн компанийн эзэд, орон сууц худалдан авахаар зэхэж байгаа иргэд хохироод үлдэж байна. Үүний цаана тухайн үед газрын, барилгын асуудлыг нь хууль зөрчин шийдэж, хээл, хахууль авсан албан тушаалтнууд халаасаа түнтийлгээд гэмгүй үлдэж байгааг анхааралдаа авахыг Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэлд сануулсан юм. Хууль бусаар босгож байгаа 41 барилгын газрыг дуудлага худалдаа явуулалгүй үнэгүйдүүлж өгсөн хотын өмнөх дарга нарт тун удахгүй хариуцлага хүлээлгэх асуудлыг төлөвлөж оруулж ирэхийг түүнд сануулсан юм.
Сонгинохайрхан дүүрэгт хууль бусаар барьсан “Тэмүүлэнбаатар” компанийн барилгын газрыг дуудлагаар худалдаах саналыг хотын дарга нар гаргаж байсан. Ингэснээр тухайн барилгыг нураахаар болж байна гэсэн үг юм. Зарим дарга энэ барилгыг нийслэлийн ахмадын орон сууц болгон ашиглах саналыг хэлж байсан. Хотын дарга Э.Бат-Үүл тухайн үед ажлаа аваад удаагүй байсан учир “Иргэдийн хохирлыг төр хариуцаж, бүрэн барагдуулна” гэж хэлснээсээ болж өөрийн эсрэг жагсаж, тэмцэх иргэдийн эсэргүүцлийг санамсаргүй өдөөснөө хэлж дарга нартаа дахин ийм гоомой үг амнаасаа унагахгүй байхыг захисан юм. Хууль зөрчин барилгын ажил эхлүүлсэн 41 компанийн асуудлыг үүгээр хаачихгүй юм байна. Хамгийн багадаа гэхэд тухайн газрын үнийн 20 хувийн төлбөрийг төлүүлэх, хууль зөрчсөн торгууль тавих гэх мэтээр янз бүрийн л хувилбар гаргаж асуудлыг тал талаас нь хэлэлцэх гэж оролдож байсан. Ямар ч албан тушаалтан, ямар ч хуулиас дээгүүр иргэдийн эрх ашийг тавьж байгаагаа Үүл баатар хэлнэ лээ. “Авзага трейд” компанийн хууль бус барилгыг нураахаар болсныг тэд мөн хурлын үеэр хөндөж байлаа. Тус компанийн захирал Мэндбаяр “Огтхон ч хууль зөрчөөгүй” хэмээн нийслэлийн дарга нарын хаалгыг ойрдоо онголзуулах болсон гэнэ. Тиймээс энэ асуудлыг ул суурьтай үзэж хууль зөрчсөн бол бусдын жишгээр асуудлыг нь шийдэх эрхийг холбогдох албаныханд өглөө.
Цаашдаа нийслэлд хууль бусаар олж авсан газартаа барилга дураараа барих асуудал цэгцрэх эсэхийг хотын дарга нар асууж байсан. Мэргэжлийн хүмүүс үүнд итгэлгүй байгаагаа нуусангүй. Тун удахгүй хууль бусаар сүндэрлэж байгаа 52 барилгын ажлыг хэрхэх асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар болжээ. Ер нь цаашдаа хууль зөрчиж барилга барьж байгаа компанид хөрөнгө оруулах, зээл олгох, иргэд орон сууц захиалж худалдан авбал эрсдэл болон хариуцлагаа өөрсдөө үүрэхийг хотын дарга хатуухан санууллаа.