Д.БОЛОР

“Энэ хоёр нам угсаа гарвал нэг. Хүчээ нэгтгэж ажиллах хэрэг байна” гэх улстөрч цөөнгүй байна. Зарим нь “Эв нэгдлийн хороо” гээчийг байгуулж намынхаа дарга нарт уриалга хүргүүлж байгаа юм. МАН, МАХН хоёрын хамтран ажиллах, нэгдэх уриалгад УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.
ТЭДНИЙ ДОТООД АСУУДАЛ. НАДАД ХАМААГҮЙ
Р.Бурмаа:
-Хоёр нам нэгдэх, үгүйг нь би мэдэхгүй. Ямар дүгнэлт өгөх ёстой гэж. Тэдний дотоод асуудал. Надад хамаагүй.
УДАМ УГСАА НЭГ УЧРААС НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн асан Р.Раш:
-Удам угсаа нэг МАХН-тай болж өгвөл нэгдэх хэрэгтэй.Намайг ингэж хэлсэн хэлээгүй хоёр намын Ахмадын холбооны удирдлагууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна лээ. Бидний нэрт нөхөр, нэртэй хуульч Ц.Шаравдорж хүртэл хоёр намыг нэгдэхийг уриалсан захидал бичсэн шүү дээ. Иймд болж өгвөл нэгдэх хэрэгтэй. Яахав, намын нэрийг сольсон нь буруу биш. Гэхдээ буруу биш ч гэлээ цаг хугацааны хувьд сайн тооцож үзээгүй.
УЛС ТӨРИЙН НАМЫГ САЛЖ БУТРАХЫГ САЙШААДАГГҮЙ
Ц.Даваасүрэн:
-МАН, МАХН хоёр нэгдвэл сайн. Би угаасаа аль ч улс төрийн намыг салж бутрахыг сайшаадаггүй. Салж бутарсны дараа орон зайг нь хэн нэгэн л эзэлнэ. Аль нэг үндсэрхэг үзэлтэн нь юм уу, аль эсвэл нэг нам шинээр байгуулагдаад орон зайг нь эзэлнэ. Тийм учраас одоогийнхоо байгаа хэмжээнд намуудын төлөвшил яваасай л гэж боддог. Хагарч бутраад хүч нь сарниад байх нь улс төрийн төлөвшилдөө сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй төрийн төлөвшилд ч сөрөг нөлөөтэй. Тийм болохоор гарал угсаа нэгтэй хоёр намыг нэгдэнэ гэвэл дэмжинэ.
ИДЭЭ, БЭЭРТЭЙ ГЭСЭН ЮМ ЧИНЬ НЭГДЭХГҮЙ БАЙЛГҮЙ
Г.Баярсайхан:
-МАН, МАХН хоёр нэгдэх нь тэдний дотоод асуудал. Гэхдээ саяхан л МАХН-ынхан нөгөөхөө “Идээ бээрэнд баригдсан. Олигархиар дүүрсэн” гэж ярьж байсан шүү дээ. Энэ ярьж хэлснээ мартаад хамтран ажиллах цаашлаад нэгдэх тухай ярьж байгааг нь сонсоод гайхаж байна. Хэрэв МАХН өөрсдийгөө бие даасан, шударга ёсны төлөө гэсэн тэмцэлдээ үнэнч гэж бодож байгаа бол нэгдэхгүй байх.