Б.ОНОН

Нэг ийм онигоо байдаг даа. Онигоо ч биш юм аа, хэд­хээн жилийн өмнө бол­дог байсан явдал. Том дарга нар хөдөө ажиллах үедээ ан хийнэ. Ингэхэд нь тэр нутгийнхан мань даргыг одтой хийморьтой анчин болохыг нь нотолж, хээрийн боохойг хотонд уях шахан байж дол­дойд­дог байж.

Шинэ цагийн ху­вил­бар нь өөр хэлбэрээр үр­гэл­жилж байна. Улс тө­рийн өрсөлдөгчөө нам­нах гэсэн эрх баригчдад хуу­лийн­хан жинхэнэ ут­гаар нь доль үсэрчээ. МИАТ-ийн..., Татварын... гэх том хэргүү­дийн сүрд дарагдан буй Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр нарын гэх хэр­гийг шалгах үед XX зууны дунд үеэс эрчээ авсаар ир­сэн дээрх явдал сонгодог ут­гаараа хэрэгжсэн байх юм.

Н.Энхбаяр, До.Чулуун­­баатар нарыг яллах гол нотлох баримтыг нэгэн компани гаргаж өгсөн ажээ. Тодруулж хэл­б­эл, “Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонины үнэлгээг гаргасан байна.  

Авлигатай тэмцэх газ­раас Хөрөнгийн үнэл­гээ­ний төв буюу “ХҮТ” ком­панид захиалга өгч шал­гаж буй объектуудад да­хин үнэлгээ хийлгэсэн аж.

Уг нь 2007 онд “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг “Ю Би Пропертиз” компаниар үнэлгээг нь 468 сая төгрөгөөр тог­тоолгож байжээ. Харин АТГ-ын захиалга бүхий “ХҮТ” компани үүнийг 605 сая төгрөг хэмээн үнэлсэн байдаг аж. Зөрүү нь 135 сая төгрөг. “ХҮТ”-ийнхан уг зөрүүг “Хуучин Ясны сүрьеэгийн эм­нэлгийн гал зуухны байр байсан, Дүнжингарав хэмээх 60 орчим жилийн өмнө баригдсан ба­рилгатай, найман жижиг өрөөтэй буудлын ба­рилгын доорхи газрын эзэмших эрхийг өмнө нь үнэлээгүй ор­хижээ” гэж тайлбарлаж буй гэнэ. Гэтэл “Өргөө” зочид буудлын нэр дээр уг газрын гэрчилгээ олгог­доогүй байсан. Мөн дууд­лага худалдаанд оруу­лахаар төлөвлөөгүй газрыг үнэлгээнд оруул­даггүй журамтай. Тэрчлэн “Өргөө” зочид буудлын барилгыг нурааж, зориу­лалтыг нь өөрчлөхийг нийслэлээс хориглосон байдаг аж.

“Улаанбаатар таймс”-ын тухайд, АТГ мөн л “ХҮТ” гэдэг компанид захиалга өгч үнэлүүлсэн байна. “ХҮТ” үүнийг 2.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Харин анх “Ю Би Про­пертиз” компани “Улаан­баатар таймс” сониныг бүрэн бүтэн барилгатай, орлогын эх үүсвэртэй, өр ширэнд баригдаагүй, үйл ажиллагаа нь доголдоогүй байхад 370 сая төгрөгөөр үнэлсэн байдаг аж. Эндээс үзвэл, “Ю Би Пропертиз” компа­нийн үнэлснээс АТГ-ын за­хиал­сан “ХҮТ” компа­нийнх хэд дахин илүү гарчээ. Учрыг нь ухаж үзлээ. Гэтэл “ХҮТ” компани нь дээрээ ба­рилгатай, газар эзэмших гэрчилгээ нь  “Улаан­баатар таймс”-д олгог­доогүй, тийм учир газрын хэмжээ, нарийн коор­динат гараагүй, барилгыг нь зориулалтын бусаар ашиглахгүй байх гэрээтэй байгууллагын барилгын доорхи газрын эзэмших эрхийн үнэлгээг хийж, дээрх тоог гарган, түүнийгээ Улаанбаатар хотод учруулсан хохирол гээд нэрийдчихсэн аж. Болоогүй ээ, “ХҮТ” компа­­нийн захирал Р.Зоригт гэдэг хүн Сүхбаатар дүүргийн шүү­хэд ирж мэдүүлэг өгөхдөө “Улаанбаатар таймс сонины байрын газрын эзэмших эрхийн үнэлгээг хийхдээ “Сэнтрал тауэр” барилгын доорхи газрыг “Эм Си Эс” компанийн захирал Ж.Оджаргал нь “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүүгээс 1 /нэг/ сая ам.доллараар худалдаж авсантай жишиж гаргасан” гэв. Шүүгч түүнээс “Тийм хэмжээний мөнгөөр авч өгөлцсөнийг өөрсдөөс нь сонссон уу, эсхүл тэгснийг нь батлах гэрээ зэрэг бичиг баримтыг нь үзсэн юм уу” гэж асуухад “Үгүй ээ, өөрсдөөс нь сонсоогүй, бичиг баримт хараагүй. Гэхдээ найдвартай эх үүсвэрээс сонссон” гэсэн нь өдгөө шүүх хурлын протоколд тэмдэглэгдэж үлджээ. Хачин сонсогдож байгаа биз. Жишээ бодъё. Миний бие хоёр жилийн өмнө 16 саяар автомашин авч байв. Харин одоо  “ХҮТ” дээр очоод “Мон Ураны за­хирал, одоо Их хурлын гишүүн болчихсон Б.Наранхүү саарал өнгийн Ланд-200-гаа 100 сая төгрөгөөр зарчихсан гэж байна. Б.Наранхүү тэр “Ланд”-аа гурван жил унаж байгаа. Харин би хоёр жил болох гэж байна. Адилхан үнэлээд өгөөч” гээд 16 саяар авч байсан машинаа 100 саяар үнэлүүлж болох нь.

“ХҮТ” яг л ингэж ажиллажээ. “Өргөө” зочид буудал хийгээд “Улаан­баатар таймс” сонины барилгуудын доорхи газ­рууд үнэлэгдэх бо­ломжгүй, угаасаа нийс­лэлийн өмчдөө л байсан эд аж. Мөн менежментийн гэрээгээр дээрх барилга нь л нэр бүхий хүмүүст ашиглагдаж байсан. Ингэ­хээр үнэлэх боломжгүй гэж хуулиар тайлбарлаж болох аж.

Харин Б.Наранхүү, Ж.Оджаргал нарын наймаа бол өөр өө. Ма­гадгүй, Б.Наранхүү “Өргөө”-г хувь­чилж байх үед авсан газраа дарсаар байгаад өдгөө Ж.Од­жаргалд “чулуу” болгон худалдсан биз.

Чухамдаа, энэ хоёр эрхэм нэг сая бус гурван саяар, түүнээс ч өндөр үнээр “Сэнтрал тауэр”-ын газрыг наймаалцсан гэж сонсгосон бол “ХҮТ”-ийн Р.Зоригт “Улаанбаатар таймс” сонины доорхи газрыг дуурайгаад л үнэлчих байж. Хошин сонсогдох энэ процесс яг л болох байлаа.

Бас нэг но-той асуудал байна. Энэхүү “ХҮТ” гэдэг компани нь хүчин төгөлдөр бус байжээ. Тод­руулж хэлбэл, тус компани АТГ-ын за­хиалгыг ийн гүйцэтгэж байхдаа үнэл­гээ хийх тусгай зөв­шөө­рөлгүй байсан гэнэ. 2010 онд УИХ-аас “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийг хэлэлцэн баталсны дараа 2010 он тавдугаар сарын 13-ны өдөр Сангийн сайдын 112 тоот тушаал гарч, шинэ журам бат­лагдсан байдаг аж. Энэ журам гарч байгаатай хол­боотой үнэлгээний компа­ниуд шинээр тусгай зөвшөөрлөө авах ёстой атал “ХҮТ” компани аваагүй байна. Энэ компани дээрх үнэлгээг хийхдээ хүчингүй бол­чихсон 2007 оны тусгай зөвшөөрөлтэй байсан нь илэрсэн байна.

Байдал нэг иймэрхүү. Хохирол гээчийг ингэж бий болгодог аж. Хо­хи­ролгүй, хохирогчгүй ч бай­сан өрсөлдөгчөө намная гэвэл зүгээр л захиалчихад хүн аймаар тоог нь гаргаад өгдөг “ХҮТ” мэтийн компани дахиад хэд байгааг бүү мэд.

Яагаав, “Дарга чоно агная гэнэ, авчраад уячих, буудах болохоор нь хамар дороос нь тавиарай” гэдэг шиг АТГ-ынхан “ХҮТ” компанид “Б.Наранхүү газраа сая ам.доллараар зарчихаж. Адилхан үнэлээрэй” гэсэн ч юм билүү, хэн мэдлээ.