Б.ГАРЬД

МИАТ-ийн хэмээх дуулиант хэргийн гол эзнээр ТӨХ-ны дарга асан, өдгөө ҮХЦ-ийн гишүүн болсон Д.Сугар нэрлэгдээд байна.
Байсхийгээд л гадаад дотоодод, Улаанбаатарт Өвөрхангайд гээд л хаус, зочид буудлын сураг нь дэлгэгдчихдэг энэ эрхэм нутгийнхаа ойн наадмаар онгоцоор морилж, өөрийнхөө нэртэй цаас бүхий чихэр тараасан гээд хийтэй түүх арвинтай.
Чалькотой байгуулсан алдаатай гэрээний гол эзнээр бас л нэрлэгдэж буй.
Гэхдээ Чалькогоос өмнө МИАТ-ийн асуудал нь сөхөгдчихөв бололтой. Түүнийг Цэцийн гишүүний дархан эрх хамгаалж байгаа гэх боловч яг үнэндээ ялагдал хүлээсэн ч сөрөг хүчин болж чадсан Ардын намынх нь нөөлөг хэрэгтэй цаг ирээд буй. Гэвч нам нь Д.Сугарыг “сугалж” авч үлдэх бодолгүй байгаа аж. Үүнийгээ Ардын намынхан урдаа барьдаг хуульч гишүүн Ц.Нямдоржоороо дамжуулан илэрхийлэв. Тодруулбал, “Д.Сугар энэ хэрэгт яаж ийгээд холбогдоно. Хэрэг Д.Сугарыг ТӨХ-ны дарга байхад болсон юм билээ. Хэрэгт холбогдсон МИАТ-ийн дарга нар ч Д.Сугарын үед томилогдсон. Тэр ч хуулийнхан надаас асуух юм байгаа гэж хэвлэлд өөрөө ярьсан байна лээ” хэмээн мэдэгдэв.
Эндээс үзвэл Ардын нам МИАТ-ийн хэргийг Д.Сугарыг өгөөд ч болов түргэн хугацаанд нэг тийш болгох сонирхолтой байна хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Цагдаагийн байгууллага Д.Сугарын эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт тавьсан. Прокурор хуулийн дагуу зохих байгууллагад хандана. Цэцийн хувьд Д.Сугарыг авч үлдэж, эрх баригчидтай тэрсэлдэх үндэслэл үгүй. Тиймээс Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь нэн тодорхой боллоо гэсэн үг. Хүрээг нь хумьсан МИАТ-ийн хэргийн хамгийн том акул нь Д.Сугар л болж үлдэх нь.