М.ГАНЦЭЦЭГ
Ардын намын ээлжит Бага хурал маргааш болно. Тусгаар тогтнолын ордонд болох Бага хурлаар ярих зүйлүүд тодорхой байгаа. МАН-ынхан сонгуульд яагаад ялагдсанаа тунгааж, хэнд хариуцлага тооцох тухайгаа хэлэлцэнэ. Мөн дараагийн шинэ дарга нараа томилох юм. Сонгуульд намаа удирдаж орсон С.Батболд сайн дураараа ажлаа өгсөн. Мэдээж нам нь ялагдсан учир хамгийн түрүүнд огцрох ёстой хүн нь С.Батболд мөн. Дараа нь У.Хүрэлсүх. Тэрээр намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгчихсөн. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон учир хуулийн дагуу ажлаа өгсөн юм. Гэхдээ У.Хүрэлсүх “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн С.Батболдын өмнүүр орж дуугарсан удаатай. Намын даргын хариуцлага хүлээх эрхийг У.Хүрэлсүх булаалаа гэж тайлбарлах хүн тухайн үед байсан. Ер нь Ардын намыг С.Батболд, У.Хүрэлсүхээр төсөөлвөл дэндүү өрөөсгөл болно. 90 жилийн түүхтэй нам удирдлагын том багтай. Тэр багт ажилладаг дарга нар яах вэ. Удирдах зөвлөлийн гишүүд гэж олон дарга бий. Аливаа шийдвэрт намаас барьж орох бодлогыг тодорхойлдог Удирдах зөвлөлийнхөн бүгдээрээ хариуцлага хүлээвэл зохих ёстойг зарим гишүүд ярьж байгаа юм. Намын нэр солих, сонгуулийн хуулийн өөрчлөлтүүдийг Удирдах зөвлөлөөс гаргаж Бага хурлаар баталжуулсан хөдлөшгүй баримт бий. Тэгэхээр Удирдах зөвлөл МАН-ын толгой гэсэн үг. Иймд Ардын нам толгойгоо өөрчилж байж шинэчлэлийн тухай ярих ёстой.

Бага хурлын гишүүд ч шинэчлэлийг нэхэж маргааш болох Бага хуралдаа ирэх болов уу. Цоо шинэ хүмүүсээр удирдуулвал МАН шинэ болж харагдана. Түүнээс С.Батболд, У.Хүрэлсүх нартай хамт намын толгойд мөр зэрэгцэн явсан хүмүүсийг даргаар сонговол хуучин дээлээ сольж өмссөнтэй адил билээ. Ард түмэнд тоогдохын тулд Ардын намд цоо шинэ дээл хэрэгтэй. 1960-аад онынхныг шинэ гэж харахгүй. Харин 10 жилийн дараа төрсөн 1970-аад оныхон байж болох хувилбар байх. Намын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргад 70-аад оны залуус нэлээд өрсөлдөж байгаа юм билээ. Гэхдээ л зарим нь хуучин генсекийн хүмүүс. У.Хүрэлсүхийн хүмүүс энэ албанд очлоо гэхэд араасаа байнга татлаа, түлхээстэй ажиллах болно.
Ялагдчихаад ядаж байхад нь Ардын намд залуус нь шинэ жигүүр “ургуулчихлаа”. Өмнө нь байсан ганц жигүүрээ татан буулгаж, дарга нартайгаа арцалддаг хэдэн хүнийхээ амийг хамхисан нь энэ нам шинэчлэлээс ухарсан ч гэдэг. Одоогийн жигүүр мөн л намынхаа шинэчлэлийн төлөө гарч ирснээ зарласан. Тэр жигүүр үнэхээр шинэчлэлийн төлөө хашгирч байгаа бол тэдний үгийг дарга нар нь нааж авах ёстой болно. Түүнээс албан тушаал горилсон хэдэн нөхөр байвал явцгүй.
МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хүч түрж буй хүмүүс нь голдуу сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхөд юм билээ. Ардын намаас сонгуульд өрсөлдөх эрх авна гэдэг жирийн иргэд Америкийн виз даруулахаас хамаагүй хэцүү. Ийм хэцүү эрхийг арай гэж олж авчихаад ялагдсан нь сөрөг тал ч гэлээ тэдний дунд шинэ хүн ганц, хоёр бий. Ардын намын гал тогоог бариад явчихаар, муу нэр, луу дансгүй боловсон хүчин байгаа. Бас казиноддог, банк дампууруулдаг нөхөд ч Ерөнхий нарийн бичгийн даргын өрсөлдөөнд орж буй сурагтай. Мөн намын эсрэг дуугарсан хэдэн гишүүнээ хөөхийг шаардаж талбай дээр поошик нүдэж зогссон нөхөд ч өрсөлдөөний талбарт бичигдэж байна.
Ардын намын шинэ дарга нь Ө.Энхтүвшин болох гэнэ. Түүнийг Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлснийг албан ёсоор зарласан. Түүний хувьд өнгөрсөн парламентын сүүлийн жилд УИХ дахь намын бүлгээ удирдсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн гол авторуудын нэг нь. Сонгуулийн хуулийн өөрчлөлт тус намын ялагдлын гол шалтгаануудын нэг гэж үзэх хүмүүс байгаа. Тэгвэл Ө.Энхтүвшин хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн. Тус намын шийдвэрт оролцдог гол хүмүүсийн нэг. Энэ утгаар харвал тэр бас хариуцлага хүлээх дарга нарын нэг нь байж таарна. Хэрэв Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Бага хурал дэмжвэл МАН-ын дарга хуучин хүн байх нь. Намаа унагасан гол хүний нэгийг даргаар сонговол гишүүддээ таалагдаж магадгүй. Гэхдээ ард түмэн гэж том хүч цаана нь харж байгаа шүү дээ. Даргын төлөөх улс төрийн тоглолт нам дотор сонирхолтой өрнөж болох ч ард түмэнд таалагдахгүй бол үзэгчгүй, хөгжөөн дэмжигчгүй тоглолт болно.
Тэгэхээр Монголын улс төрд хэт хуучирсан намыг хуучин дарга шинэ арга барилаар удирдах нь юу л бол. Хуучин туйпуугаар шинэ байшин барьж болдоггүй гэдэг дээ. Мөн шатсан байшингийн суурин дээр шинэ ордон барьдаггүй л гэх юм. Ардын намын шинэчлэлд санаа зовниж суугаа хүмүүс МАН руу шинэ салхи үлээмээр байгаа биз. Энэ өнцгөөс Бага хурлын гишүүд харвал шинэ хүмүүсийг МАН-ын удирдлагад дэвшүүлж магадгүй юм. 1970-аад оныхныг зүтгүүлж болзошгүй. Тэд ах нараа бодвол элдэв хов жив дагуулаагүй, харьцангуй цэвэр хүмүүс. Нэр цэвэр, шударга хүмүүс МАН-ын толгойд гарвал арай ашигтай. Ард түмэнд тоогдож, ядаж орон нутгийн сонгуульд ялна гэсэн зорилго байдаг бол цоо шинэ дээл хэрэгтэй. Тус нам шинэчлэгдэж чадахгүй бол яах вэ. Шинэчлэгдэхгүй бол удахгүй болох орон нутгийн сонгуульд ялагдах нь тодорхой болно. Энэ бол МАН-д үхлийн цохилт . Улс төрд дахиж босохгүйгээр сөхөрнө гэсэн үг. Халаасандаа багтахгүй их мөнгөтэй болох прогнозтой эдийн засгийн энэ үед тус нам босч ирэх магадлал тун бага байна.