Н.МӨНХЖИН
Камерун улсад Францын долоон жуулчин хулгайлагдсаныг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд батлав. Тэрээр Грект айлчилж байхдаа энэ тухай мэдэгдсэн байна. Барьцаалагдсан хүмүүсийн дөрөв нь насанд хүрсэн хүн, гурав нь хүүхэд ажээ. “Reuters” агентлаг мэдээлж буйгаар, хулгайлагдсан жуулчид нь нэг гэр бүлийн хүмүүс бололтой. Жуулчдыг террорист бүлэглэлийнхэн хулгайлсан байж магадгүй байгаа ба тэднийг Нигерийн өмнөд хэсэг рүү авч явсныг эх сурвалж мэдээлж байгаа юм.
Франц жуулчдыг лалын радикал “Боко Харам” бүлгийнхэн хулгайлсан байж болохыг Франсуа Олланд ярьжээ. “Камеруны тэр хэсэгт “Боко Харам” бүлгийнхэн байдаг. Тэд энэ хэрэгт оролцсон байж болзошгүй. Тиймээс бид тийшээ хүч, анхаарлаа төвлөрүүлж байна” хэмээн Францын лидер өгүүлэв. Барьцаалагдсан жуулчдыг суллахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байгаа бөгөөд Камеруны хойд хэсэгт амьдардаг францууд болон гадаадын иргэдийг болгоомжтой байхыг сануулжээ. Камеруны албаны төлөөлөгчдийн баталж буйгаар, франц жуулчдыг Ваза дархан цаазат газраас буцаад явж байхад нь мотоцикльтой, зэвсэглэсэн хэд хэдэн этгээд дайрч, барьцаалан авч явжээ.
Нигерийн хойд хэсэгт “Боко Харам” бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус бүлгийнхэн Засгийн газрын барилга байгууламж, цагдаа цэрэг болон сүм рүү байнга довтолж, хүний аминд хүрэх нь элбэг байдаг аж. Мөн Нигерийн хойд нутгаар “Ансару” хэмээх лалын бүлэг багагүй нэр нөлөөтэй байдаг аж. Саяхан тус бүлгийнхэн гадаадын зургаан иргэнийг хулгайлсан юм. Тэдний дотор Итали, Британи, Грек, Ливаны иргэд байгаа аж. “Боко Харам”, эсвэл “Ансару” бүлгийнхэн франц жуулчдыг хулгайлсан байж магадгүй байна. Францын цэрэг Мали улсад байрлаж, тус улсыг лалын босогчдоос цэвэрлэх ажиллагаанд оролцсоор байгаа. Мали дахь франц цэргүүдийг барьцаалагдсан жуулчдыг аврах ажиллагаанд оролцуулах талаар ярилцаж байгаа ажээ.