Д.ОЮУН
Хотын төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудын хувьчлалыг өнгөрсөн сарын 30-нд хүчингүй болгох шийдвэрийг Нийслэлийн Өмч хувьчлах комиссоос эл шийдвэрийг ТҮК-ийн удирдлагууд хууль бус гэж эсэргүүцэн, түр хороо хүртэл байгуулаад байгаа юм. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос тодрууллаа.
-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн хувьчлалыг яагаад нийслэлийн шуурхай хуралаан дээр ярьж, зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болов?
Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн чухал сэдвийн нэг нь хотын тохижилт, хог, цас мөс, ногоон байгууламжийн асуудал байдаг. Тохижилт үйлчилгээний компаниудыг анх хувьчлахдаа дээрх ажлуудыг өмнөхөөс нь дээрдүүлэх, улам сайжруулах зорилгоор менежментийн хувьчлал хийсэн. Гэтэл хувьчлаад ямар үр дүнд хүрснийг хотын хүн бүр мэдэж байгаа. Гэр хороолол, гудамж талбай хогондоо дарагдаж, цас мөсөө дор бүрд нь цэвэрлээгүйн улмаас хальтиргаа, гулгаа үүсдэг ийм л дүр төрхтэй явж ирсэн. Тиймээс хувьчилсан гэрээний зохих заалтын дагуу үүргээ биелүүлээгүй тул нийслэлийн өмчид буцаан авч байна.
-Хотын энэ шийдвэрийг төр хувийн өмчид халдсан гэж үзэх хүмүүс байна?
Ер нь ТҮК, нийтийн тээвэр гэх мэт салбарыг нийтийн эрх ашгийн үүднээс хот нуруун дээрээ үүрч эрсдэлийг хариуцаж явах нь зүйтэй. Хувьчилж болдог, болдоггүй салбар гэж байна. Эдгээр салбар бизнесийн ашиг хөөх бус нийтийн сайн сайхны төлөө ажиллах учиртай. Хувьчлалын гэрээнд зааснаар зохих үүргээ биелүүлээгүй бол нийслэл өмчөө буцааж авна гэсэн заалт бий. Тиймээс тэд үүргээ биелүүлээгүй тул нийслэл өмчөө буцаан авч байгаа юм. Үүнд хувийн өмчид халдсан зүйл огт байхгүй. Гэрээний хариуцлага тооцож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд үүргээ сайн биелүүлсэн бол өнөөдөр хотын хог ийм түвшинд хүрэхгүй л байх байв. Энэ нь иргэдийн эрүүл мэндтэй ч холбоотой асуудал шүү дээ. Нөгөөтэйгүүр өмчийг олж авахдаа зөв замаар, шударгаар олж авах хэрэгтэй. Компаниуд ийм замаар хувийн өмчтэй болоод нийтийг хохироож болохгүй. Бид цэвэр орчинд амьдрах эрхтэй.
-Энэ маргаанаас үүдэлтэйгээр ТҮК-ийн ажил зогсож, хот хогондоо дарагдчихлаа гээд байгаа. Ажилчид ажлаа хаясан юм уу?
Тийм юм огтхон ч байхгүй. Дүүргийн удирдлагууд ТҮК-ийн асуудлыг анхааран ажиллаж байгаа. Энэ завсарын үед ажил цалгардуулахгүй байх чиглэлийн дагуу ажиллаж байна. Зарим газар хог ачигүй байж магадгүй юм.
-Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцдэг энэ асуудал хэзээ цэгцрэх вэ?
Одоогийн ТҮК-иудыг Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, дүүрэг тус бүр дээр нь ажиллуулна. Дүүргийн Засаг дарга нар үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлагаар хангах юм. Ер нь аливаа ажилд сэтгэл дутвал ямар байдалд хүрдэг, зориглоод хийвэл ажил яаж сайжирдгийг хүмүүс харна биз.