Д.БОЛОР
Булган аймгийн цагдаагийн газрынхан олон удаа банк дээрэмдэхийг завдсан бүлэг этгээдийг илрүүлэн саатуулжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Булган сумын “Эрдэнийн сан” ломбардын цоожийг эвдэн орж сейфийг нь хулгайлаад зугтсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны залуус үйлдсэн гэнэ. Тэдний үйлдэл үүгээр зогсохгүй өмнө нь хэд хэдэн банк дээрэмдэхийг завдаж байжээ. Тухайлбал, Булган аймгийн Дашинчилэн сум дахь ХААН банкны цахилгааны эх үүсвэрийг таслан дээрэмдэхийг завдсан. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хадгаламж банкинд мөн ийм аргаар дээрэмдэхийг завдаж байжээ. Тухайн үед дохиолол ажиллаж зугтсан тухайгаа хүлээсэн байна. Тэдний хэрэг үүгээр дуусахгүй Сэлэнгэ аймагт хүнсний дэлгүүр тонож, 2.5 сая төгрөгний хохирол учруулсан. Өвөрхангай аймагт барааны дэлгүүрийн хаалга эвдэн орж 300 хос гутал, булган шуба хулгайлж 47.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэх. Хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.