-Жилийн хугацаанд бид 70 гаруй хүүхдийг Японд аялуулсан-
Э.БЭРЦЭЦЭГ
Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт аялал жуулчлалын салбар нэлээд өргөжсөн, хүн ам өсч, дэд бүтэц эрчимтэй хөгжсөн. Тиймээс тус аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяатай уулзаж, Дорноговь аймаг гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж байгааг сонирхов.
-Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай найрамдалт харилцаа тогтоосон гэж дуулсан. Өөр ямар улс оронтой хамтарч ажилладаг вэ. Мөн энэ ажлын хүрээнд аймаг, орон нутагтаа ямар ажлууд хийж байна вэ?
-Дорноговь аймаг Бүгд найрамдах Болгар улс, Япон Улс, БНСУ-ын Ульсан хот, Австрали улсын Куинсланд муж, Англи, ОХУ, БНХАУ гэх мэт 10 гаруй улс орон тэдгээрийн мужуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, холбоо тогтоох санал солилцсон. Үүнээс Буриад улсын Иволгын муж, Хятад улсын Эрээн, Бугат, Ляонинь , Ордос хотууд, Солонгос дахь Зүүн хойд Азийн бүс нутгийн холбоод, Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагаагаа хурдацтай хөгжүүлж байна.
Аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Япон улсад ажиллахдаа Япон улсын Шизүока мужтай найрамдалт харилцааны гэрээ байгуулсан. Улмаар Шизүока мужийн Захирагч Кавакацу Хейта 2011 онд манай аймгийн 80 жилийн ойгоор айлчлан ирж хамтын ажиллагааны гэрээнд хоёр муж аймгийн дарга нар үзэглэсэнээр бидний харилцаа эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Боловсрол соёл, эрүүл мэнд дэд бүтэц гээд хөгжлийн олон тулгуурт салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.
-Боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж байгаа ажлаасаа сонирхуулаач?
-Боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Манай аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Одоо ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх “Шинэ Дорноговь -2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрөө ард иргэдээрээ хэлэлцүүлж, Аймгийн иргэдийн хурлаар батлуулаад ажиллаад эхлэлээ. Сайншанд хүнд аж үйлдвэрийн парк энэ тэр гээд Дорноговь аймаг дотооддоо болон гадныхны анхаарал татсан хөгжлийн төв болоод байгаа энэ цаг үед манай аймгийн хувьд хөгжлийн тулгуур хүчний нэг бол яах аргагүй боловсон хүчний асуудал юм. Хүний хөгжлөөс нийгмийн хөгжил эхтэй гэдэг дээ.
Үүнтэй холбогдуулаад гадаад улс орнуудад боловсон хүчнээ сургах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшлийн 300 гаруй хүнийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил дээшлүүлэх туршлага судлууллаа. Нөгөөтэйгүүр ирээдүй болсон хүүхдүүдийн мэргэжлээ хэрхэн сонгох, мэдлэг боловсролд дэмжлэг үзүүлэх үүднээс хоёр аймаг мужийн гэрээний хүрээнд “Дорноговийн хүүхдүүд Японд” сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд жил болж байна. Энэ хөтөлбөрөөр Дорноговийн 1000 хүүхэд Японд аялах юм.
Мөн Говийн нөхцөлд ундны цэвэр ус бол амин хэрэгцээ. Сайншанд хотын ундны усыг цэвэршүүлэхээр Шизүока мужийн цэвэр бохир усны газрын судалгааны багтай “Чандмань илч” ОНӨҮГ хамтран ажиллаж хоёр шатны судалгааг явууллаа. Цаашид хот баг хотлоороо усаа цэвэршүүлэн хэрэглэх боломж юу байна гэдгийг судалж байна. Аль болох хурдан хугацаанд манай нөхцөлд таарсан зөв шийдэлтэй технологи оруулж ирэхээр холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
-Гадаадын өндөр хөгжилтэй орон руу явж туршлага судлана гэдэг хэн хүнд тийм амар олдох боломж бас биш байх. Сурагч солилцооны хөтөлбөрт одоогоор хэчнээн хүүхэд хамрагдаад байгаа вэ. Мөн энэ аялалыг яаж зохион байгуулдаг юм бэ?
-Өнөөдрийн байдлаар нэг жилийн хугацаанд 70 гаруй сурагч аялаад байна. Үүнд ахлах ангийн сурагчдыг Японы мэргэжлийн сургуультай танилцуулах, Японд суралцах боломжийг хайх судлах бололцоогоор хангах, соёл зан заншилтай танилцуулах аялал хийдэг бол, дунд ангийн сурагчдыг Япон айлд суулгах хүүхдийн зусланд амрааж үе тэнгийн найзтай болох хөгжилтэй орны хөгжлөөс суралцуулах, танилцах аялал хийдэг онцлогтой. Он гараад нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд 30 сурагч, хоёр багш аялаад ирлээ. Хүүхдүүд маань явсан газрын сонин хачин аяллын сэтгэгдлээ ирээд Аймгийн удирдлагууд болон ард иргэдтэйгээ хуваалцдаг.
-Бусад салбарт ямар ажил хийж байна вэ?
-Гадаад харилцааг тогтвортой хөгжүүлэхэд төр, төрийн байгууллагын харилцаа холбооноос илүү хувийн хэвшлийн ард иргэдийн харилцаа их чухал учраас бизнесийн салбарыг дэмжиж хамтын ажиллагаатай Япон улсын Шизүока мужид туршлага судлуулаад байгаа. Эхний ээлжинд 20 бизнес эрхлэгч туршлага судлаад ирсэн. Мөн хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 4 мэргэжилтэн, Хот байгуулалтын чиглэлээр 2, эмчилгээ үйлчилгээ ,эмнэлгийн чиглэлээр 2 хүн богино хугацааны сургалтад хамрагдсан. Өнгөрсөн сард төрийн захиргаа удирдлагын чиглэлээр 4 ажилтан мэргэжил дээшлүүлэхээр яваад ирлээ.
-Танай аймаг саяхан Японы соёлын өдрүүдийг Дорноговьтоо зохион байгуулсан байх аа?
-Бид соёлын чиглэлээр нэлээд ажлуудыг хийдэг. Япон улсад болдог олон улсын Дайдоге наадамд “Говийн уянга” хамтлагийн 16 сурагч оролцоод бүжиглээд ирсэн. Үүгээр манай хоёр аймгийн хооронд соёлын харилцааг эхлүүлсэн гэж болно. Мөн Японы соёлын өдрүүдийг Японы элчин сайдын яамтай хамтраад Дорноговь аймагт зохион байгуулсан. Энэхүү соёлын өдрийн арга хэмжээнд Японы элчин сайд Шимизү Такенори ирж оролцсон. Шизүока мужаас төлөөлөгч нар ирж оролцсон Сайншанд хотод хоёр хоног болсон.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой байна. Үүгээрээ дотоодын бизнес эрхлэгчдээ чадавхижуулах юм. Мөн сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Зарим хот сумдыг эдгээр өндөр хөгжилтэй орнуудын хотуудтай ах дүү хот болгож туршлага судлуулах. Гадаадад ажиллах хүчин ажиллахад боломжит нөхцөл бололцоог судалж эрх зүйн туслалцаа үзүүлэх гээд олон ажлууд хийхээр төлөвлөж байна.