Б.Туул

Хаврын шалгалт хаяанд ирлээ. БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв энэ сарын 1-ээс элсэгчидээ  албан ёсоор бүртгэж эхэлсэн. Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нд эхлээд, дөрөвдүгээр сарын 15-нд дуусдаг. Энэ жил товлосон хугацаанд  ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс  элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчдад дараах мэдээллийг хүргэж байна.

 

ЭНЭ ЖИЛИЙН ШАЛГАЛТАД 43 МЯНГА ОРЧИМ СУРАГЧ ХАМРАГДАНА

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд нэлээд хэд хонож байна. Шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчид  бүртгэлд идэвхтэй хандаж байгаа тухай Боловсрол үнэлгээ­ний төвийн мэргэжилт­нүүд ярьж байсан. Мөн их, дээд сургуульд сурал­ца­хаар төлөвлөж буй хүүх­дүүдийг интернэтээр, тэр дундаа www.eec.mn  гэсэн цахим хаягаар бүртгэнэ. Гэхдээ цахим ертөнцөд нэвтрэх боломжгүй зарим орон нутгийн суралцагч­дын боломж, нөхцлийг харгал­зан бүртгэлийг хоёр ян­заар явуулж байгаа  гэдгээ тэд  онцолж байсан. Тий­мээс бүртгүүлэхээр зэхэж буй  хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий  шал­галтад хэрхэн бүртгүүлэх тухай дараах мэдээллийг хүргэж байна.

Энэ жилийн шалгал­тын  бүртгэл  ирэх дөрөв­дүгээр сарын 15-ны орой 18:00 цагт дуусна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хугацаа, цагийг нь сунгах­гүй бас нэмэлт бүртгэл хийхгүй учир дээрх хуга­цаанд амжиж бүрт­гүүлээ­рэй гэсэн юм. Энэ хичээ­лийн жилд  төг­сөх ангийн 39667 су­рагч шалгалт өгөх  бөгөөд үүн дээр  өмнөх оны төг­сөгчид нэмэгдээд  нийт 43 мянга орчим хүүхэд шалгалтанд хамрагдах магадлалтай байгаа гэ­сэн урьдчилсан судалгаа гар­чээ. Элсэлтийн ерөн­хий шал­галтыг энэ онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн, мөн  2013 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмш­сэн болон түүнээс дээш боловс­ролтой иргэн өгч болно.  Элсэгчид нь мон­гол хэл, англи хэл, орос хэл, мате­матик, физик, хими, био­логи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгалтаа өгөх  юм. Энэ талаарх  дэлгэ­рэнгүй мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээл­лийн хэрэг­сэл болон Боловс­ролын үнэлгээ­ний төвийн Олон нийт­тэй харилцах ажилт­нууд, “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэнэ.

 

ШАЛГУУЛАГЧИД ЗААВАЛ ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ

Энэ жил оюутан болж, их, дээд сургуульд сурал­цахаар төлөвлөж буй хүүх­дүүдийг  интернэтээр, тэр дундаа www.eec.mn  гэсэн цахим хаягаар бүртгэнэ гэдгээ тус төвийн мэргэ­жилтнүүд онцолсон. Интернэтээр бүртгүүлэх боломжгүй хөдөө орон нутгийн сурагчид  тухайн аймгийн Боловсролын үнэл­гээний төвөөс тус­гай­лан томилогдсон бүртгэг­чид хандах  хэрэгтэй  аж. Хэрэв өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөг­чөөр дамжуулан бүртгүүлж  болно. Шалгуулагчид заа­вал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй. Бүртгэлийн хуудсаа Боловс­ролын үнэлгээний төвийн вэб хуудаснаас болон Боловсрол соёлын газар, сурч байгаа сур­гуулиасаа авах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байна.

 

ШАЛГАЛТЫН ХУРААМЖ 4800 ТӨГРӨГ

 

Онлайн бүртгэлийг  Боловсролын үнэлгээний төвийн цахим хаягаар явуулна гэж дээр хэлсэн. Гэхдээ www.eec.mn вэб сайт нь төлбөр хийсэн тохиол­долд л бvртгэдэг гэдгийг анхаараарай. Энэ жилийн шалгалтын ху­раамж  4800 төгрөг. Бат­ламж карт 700 төгрөг.  Шал­гуулагч хэдэн ч шал­галт өгсөн нэг бат­ламж карттай байна. Тий­мээс онлайнаар бүртгүүлж буй хүүхдүүд шалгалтын­хаа хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлж болно.  Харин хөдөө орон нутагт paycode-ийн систем ашиглан бүрт­гүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловс­ролын Үнэлгээ­ний Төвийн 1105038452 тоот дансанд тушаах юм байна. (paycode-дотоод төл­бөрийн систем) Хэрэв  дээр дурьдсан бүртгэлийн хуга­цаанд бүртгэлээ цуц­лах тохиолдолд шалгалтын ху­раамжийн 70 хувийг эргүү­лэн олгох ба бүртгэл дуус­саны дараа ямар нэ­гэн шалтгаанаар шалгал­танд ороогүй тохиолдолд шал­галтын хураамжийг эргүү­лэн олгохгүй, бусдад шил­жүүлэн тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

 

ШАЛГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ 70119498, 70119484 ДУГААРЫН УТСААР АСУУГААРАЙ

Интернэтээр бүрт­гүүлж буй хүүхдүүд ихэвч­лэн овог, нэр, регистрийн ду­гаараа буруу бичих,  шаард­лага хангахгүй зу­раг оруулах зэрэг нийтлэг алдаа гаргадаг. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд  бүртгүүлэхээсээ өмнө эл­сэл­тийн журамтай сайтар танилцаарай. Учир нь интернэт бүртгэлийг буюу автоматжуулсан системд байрлуулсан овог нэр, регистрийн дугаарыг зас­вар­лана гэсэн ойлголт байхүй. Мэдээллийн санд оруулсан регистрийн ду­гаа­­раар тухайн шалгуу­лаг­чийг ганцхан удаа бүрт­гэдэг учир бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэ­жилтнүүдээс болон 70119498, 70119484 дугаарын утсаар асуугаарай

Түүнчлэн Боловс­ро­лын үнэлгээний төвийн­хөн элсэгчдэд ямар нэгэн хүндрэл учруулахгүйн тулд энэ жилээс эхлэн мессеж үйлчилгээ нэвтрүүлсэн бөгөөд тухайн шалгуулагч хувийн мэдээллээ оруу­лахдаа бичсэн утасны дугаараа ашиглан  БҮТ-ийн тусгай 133233 дугаарт мессеж илгээн интернэт орох шаардлагагүйгээр өөрт холбогдолтой мэдээл­лээ авах боломжтой юм байна. Тухайлбал, бүрт­гэлийн дугаар, нууц дугаа­раа мартсан бол тэдгээ­рийг сэргээн авах, шал­гал­тын хуваарь, шалгалт өгөх анги, танхим, сууд­лын дугаарын мэдээлэл, шал­галтын дүн онооны мэдээл­лийг жирийн мессежний төлбөр буюу 40 төгрөгөөр  авах боломжтой.