Н.МӨНХЖИН

Зартай тэрбумтан Уоррен Баффет хамгийн өгөөмөр америкуудын жаг­саалтыг дахин тэр­гүүллээ. “Хүмүүнлэгийн үйлс” сэтгүүл АНУ-ын хамгийн өгөөмөр 50 сэт­гэлтний жагсаалтыг гар­гасан юм. 2012 онд Америкийн баячууд нийт 7.4 тэрбум долларыг буяны үйл хэрэгт зарцуулжээ. Энэ хөрөнгө уламжлал ёсоор зөвхөн боловсрол, эмнэлэг, эрүүл мэндийн хөтөлбөрт төдийгүй өлс­гөлөн, ядуурлын эсрэг тэмцэлд зориулагджээ. Өгөөмөр сэтгэлтнүүдийн ихэнх нь Америкийн биз­несмэнүүдийн ахмад үеийн­хэн байна. Тэд бараг бүгдээрээ баян чинээлэг хүмүүсийн үр удам бус, тэгээс эхэлж, өөрөө өөрс­дийгөө гаргаж ирсэн, мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг хүмүүс ажээ. Энэ удаагийн жагсаалтын эх­ний тавын гурав нь 40-өөс доош насны бизнесмэн байгаа нь нэгэн өвөрмөц чимэг болж байгаа аж.

Өглөгч, өгөөмөр сэт­гэлтэй америкуудыг тэр­гүүлж буй 82 настай Уоррен Баффет бусдаасаа дэндүү “хол тасарчээ”. Тэрээр 1936 онд зургаан настай байхдаа өвөөгийн­хөө дэлгүүрээс бөөндөж авсан “Кока-кола”-ны савыг найзууддаа ам­жилт­тай зарж “бизнес”-ээ эхлүүлж байсан гэдэг. Баффет хөвгүүн энэ най­маанаас 30 центийн ашиг олдог байжээ. Ийнхүү “америк мөрөөдөл”-өө биелүүлж тэрбумтан бол­сон Уоррен Баффет 2012 онд 3.1 тэрбум долларыг янз бүрийн хөтөлбөр, буяны үйлст хандивласан байна. Түүний хандивын хөрөнгөөр хөдөө аж ахуйн хөтөлбөр, ядуурлын эсрэг тэмцэл, бохирдсон ундны усны чанарыг сайжруулах төсөл зэргийг дэмжин сан­хүүжүүлжээ. У.Баффет сүүлийн 25 жилийн турш “Форбс” сэтгүүлийн дэлхийн тэр­гүүн баячуудын жагсаал­тын эхний гуравт би­чигдэж байгаа билээ. Тэрээр 44 тэрбум дол­ларын хөрөнгөтэй. 2010 онд Баффет хүн төрөлхт­ний түүхэнд хамгийн өгөөмөр сэтгэл гаргаж, хөрөнгийнхөө дөрөвний гурвыг хүмүүнлэгийн үйл хэрэг эрхэлдэг сангуудад шилжүүлсэн юм. Одоо эдгээр санг түүний гурван хүү удирдаж байна. Ядуу орнууд дахь хорт хавдар, хумхаа, өлсгөлөнтэй тэмц­дэг Гейтсийн гэр бүлийнх­ний санд ч тэрээр ихээхэн мөнгө хан­дивладаг. Олон жилийн турш ихэд даруухан, голж шилэлгүй амьдарсан Баффетаас саяхан хорт хавдар илэрчээ.

Өгөөмөр америкуудын жагсаалтын хоёрт Face­book сүлжээг үндэс­лэгч, 27 настай Марк Цукерберг хүүхдийн эмч эхнэр Присцилла Чаныхаа хамтаар орж бай­на. Тэд өнгөрсөн онд буяны үйл хэрэгт 498.8 сая доллар хандивлажээ. Кали­форнийн Силикон хөндийд байдаг санд Facebook-ийн хувьцаа хэл­бэрээр хандиваа шил­жүүлсэн аж. Цукерберг хамгийн залуу тэрбумтан-хүмүүнлэгийн зүтгэлтэн болж байна. Завгүй биз­несийнхээ улмаас Хар­вар­дын их сургуулийг дундаас нь хаясан М.Цукерберг боловсрол, эрүүл мэндийн салбарт багагүй мөнгө зарцуулжээ.

38 настай Жон Арнольд эхнэр Лаурагийн хамтаар эхний гуравт багтлаа. Биржийн ам­жилт­тай тоглогч, гурван тэрбум долларын хөрөн­гөтэй “Центавр Энержи” компанийг үүсгэн бай­гуулагч Ж.Арнольд эх­нэрийнхээ хамтаар 423 сая долларыг боловсрол, тэт­гэврийн системийн ши­нэч­лэлд зарцуулжээ. “Google”-ийг үүсгэн бай­гуулагчдын нэг, Москва­гийн уугуул Сергей Брин 229.9 сая долларыг эмэг­тэйчүүдийн эрх болон, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд зар­цуулсан байна.