
М.ГАН
УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хуулийн хугацаатай. Чуулганаар 13 асуудал хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамж гаргасан байна. Үүнд Газрын багц хуулийн төсөл болон газрын төлбөрийг хэлэлцэхээр тусгажээ. Харин намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүд энд багтаагүй аж. Гишүүд хурууны хээгээр бүртгүүлж санал өгдөг болох, найман удаа 50 хувиас дээш ирц бүрдүүлээгүй бүлгийг татан буулгахаар заасан Дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч хойшлуулсан юм. Эдгээр төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй байна. Гэхдээ бусад асуудлын хүрээнд хэлэлцэж магадгүй юм. 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг нийтлэв.
1/”Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
5/”Улсын төсвийн хөрөнгөөр 2014-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга;
7/Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
8/Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
9/Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төсөл;
11/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
12/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/Баянмонгол “Эрдэнэс Монгол” компанийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
14/бусад.