Д.МЯГМАР
Нийслэл, дүүргийн Засаг даргын орлогчийн тоо сүүлийн жилүүдэд улам л нэмэгдсээр. Дарга ангийнхан олширч, төрийн үйлчилгээний албаныхан хумигдах вий гэсэн яриа иргэдийн дунд таржээ. Шинэ бүтцээр нийслэл, дүүрэг дээрээ данхайж төрийн үйлчилгээ иргэдэд төдийлөн үр, өгөөжөө өгч чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол хаа, хаана бий болжээ.
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Нийслэл дээрээ данхайсан бүтэцтэй, доороо ядмаг бүрэлдэхүүнтэй байж болохгүй. Нийслэл өнөөдөр 48 төрлийн 1064 үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд шат, шатандаа ажлаа сайн хийх хэрэгтэй” гэж шуурхай хуралдааны үеэр хэлж байсан нь нэгийг бодуулахад хүрэв.
Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор Нийслэлийн удирдлагын бүтцийг баталж, зургаан орлогчтой байхаар тогтоосон. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн, Хот байгуулалт хөрөнгө оруулалтын, Зам тээвэр дэд бүтцийн, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын, Экологи, ногоон хөгжлийн, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч нарыг ажиллуулахаар томилсон билээ.
Ж.Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт нарын үед хотын даргыг нэг хүн орлоод ажил нь болж, бүтэж, иргэд амгалан аж төрж байсан цаг саяхан. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа хотын мээр Г.Мөнхбаяр орлогч нарынхаа тоог нэмж, Б.Баатарзориг, Ц.Цогзолмаа, Б.Мөнхбаатар, Да.Ганболд нарыг томилж байсан. Ингэхдээ “Бээжин хотын дарга найман орлогчтой, Москва хотыг гэхэд 16...” гэх мэтээр хоёр хөрштэйгөө барьцсан тайлбар хэлж билээ. Тухайн үедээ Ардчиллынхан ч гэсэн сүйд, майд болж “Төрийн албаны толгой данхайлаа” гэж эсэргүүцлийн үг чулуудаж байв.
Одоо энэ байдал ил цагаандаа гарав. Улаанбаатар хотын хүн ам өсч, шийдэх асуудал олширч, бүтээн байгуулалтын ажил хүч хүрэгдэхээ байсан. Хотын төсөвт төвлөрөх орлого ч эрс нэмэгдэж Засгийн газар хүртэл тогтоол гаргаж нийслэлийн Засаг даргын эрхлэх ажлыг хуваан зургаан хүнд салбарлан хариуцуулсан байх.
Нийслэлийн удирдлагын зөвлөл өнгөрсөн оны сүүлчээр хуралдаж дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны орон тоог баталсан юм. Нийслэлийн есөн дүүргийн хүн амын тооноос хамаарч бүтцийг хийж байгаа гэсэн. Тодруулбал, шинэ бүтцээр хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрханы ЗДТГ-т нийтдээ 60 хүртэлх хүний орон тоог бий бол госон. Багануур, Налайх дүүрэг алслагдсан, хүн ам цөөтэй тул 35 албан хаагч ажиллахаар болсон. Орон тоо нэг дүүрэгт л гэхэд 10-20 орчим хүнээр нэмэгдүүлсэн байх жишээтэй. Дүүргийн Засаг даргад нийгмийн болон хот тохижилтын асуудал эрхэлсэн хоёр орлогч шадарлах юм. Ингэснээр орлогч нарын тоо нийслэлд тэр хэрээр олширч байна. Даргын тоо, албан тушаалын цараагаар дүүрэг, хороодын ажил сайжирдаг бол сайн л байна. Адил төстэй хэлтсүүдийг нэгтгэж, зайлшгүй шаардлагатай хэлтсийг шинээр бий болгох замаар асуудлыг шийдэх болжээ.
Үүнийг дагаад дүүрэгт 1-3 хүний ажил давхар эрхэлдэг мэргэжилтнүүдийн нуруу амарсан. Гэсэн хэдий ч шинэ мэргэжилтэн ирж “Би ширээ сандалгүй яах юм бэ, техник хэрэгсэл авмаар байна, чи компьютер, сейфээ үлдээнэ үү. Би аль өрөөнд суух уу” гэх мэтээр бяцхан маргаан дүүргүүдийн ЗДТГ-т гарч эхэлжээ. Үүний зэрэгцээ дүүргүүдэд хэвлэл, мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан ганц хүний ажлыг хоёр болгож алба болгон өргөжүүлж ач холбогдол өгчээ. Мөн газрыг өмч гэж үзэн Өмчийн харилцааны газартай Нийслэлийн газрын албыг нэгтгэж цар, хүрээгээ томруулсан гэнэ. Энэ бүхний эцэст нийслэл, дүүргийн бүтэц томорч, толгой данхайгаад ирэхийн цагт иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ тэр хэрээр “гялс”, хялбар болох уу. Энэ асуултад одоо хариулт нэхэхэд арай эртэднэ. Тодорхой хугацааны дараа иргэд хүссэн ч, эс хүссэн ч төрийн үйлчилгээнд өөрсдөө дүн тавих биз ээ.
Дүүрэгт захиргаа хуулийн хэлтэс, санхүү төрийн сан, нийгмийн хөгжил, дэд бүтэц, гэрэлтүүлэг ногоон байгуулж эрхэлсэн зэрэг долоон хэлтэстэй байх аж. Дүүргийн Засаг даргын харъяанд нийт 21 байгууллага багтах юм. Тухайлбал, Ахмадын, Биеийн тамир спортын хороо, Албан бус боловсролын, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, Соёлын, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг багтаажээ. Дотоод аудитын, Өмчийн харилцаа, газрын, Худалдан авах ажиллагааны алба, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Хөдөлмөрийн, Мэргэжлийн хяналтын, Нийгмийн даатгалын, Боловсролын, Бүртгэлийн, Нийгмийн халамж үйлчилгээний, Онцгой байдлын, Статистикийн, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл зэрэг байгууллага дүүргийн мэдэлд үлдлээ.