Д.СҮРЭН
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар баталсан билээ. Төлөвлөгөөнд тусгасан Сонгинохайрхан дүүргийн 5-7 дугаар хороо Ханын материал орчим, аравдугаар хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчим, Сүхбаатарын 15 дугаар хороо Дамбадаржаагийн 58 дугаар сургууль, Чингэлтэйн 12, 15 дугаар хороо 72 дугаар сургууль, долдугаар хороо МҮОНРТ-ийн орчим, Баянзүрхийн долдугаар хороо Цэргийн их сургууль, 12 дугаар хорооны Амгалан орчмын зэрэг 12 байршилд бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар захирамж гаргалаа. Захирамжид, гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр баталсан 12 байршлын нэгж талбарт хамрагдсан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг өнөөдрийн дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нарт даалгажээ. Тухайн байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэхийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж батлуулах хүртэл түр зогсоохоор болжээ. Тэнд амьдарч байгаа иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга С.Содномдорж, дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.