
М.ГАН
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин зэрэг зарим хүнд Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. Хөдөлмөрийн баатар цолоор Мал аж ахуйн салбарт дөч гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн шандаст олон хүлгийн хурд угшилыг хамгаалан өсгөж, уяа сойлгыг тааруулж, наадамчин түмнээ олон жил баясгаж, Монгол адууны соёлд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж удам дамжсан Монгол Улсын Тод манлай уяач, судлаач, гавьяат малчин Д.Даваахүүг, Ардын жүжигчин цолоор “Агуйн нууц”, “Талын цуурай”, “Тус биш, ус”, “Хонины найр”, “Бүлээн нурам”, “Уул усны үр сад”, “Сахиул уу, сахиус уу” зэрэг киноны гол дүр, “Эх бүрдийн домог”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг киноны туслах дүрд тоглон, “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Зайран зэрэг орчуулгын болон уран сайхны кинонд дуу оруулж, сэтгэлд хоногшсон олон бүтээл туурвин кино урлагийн салбарт давтагдашгүй өвөрмөц түүхийг бүтээхийн сацуу ерөөл магтаал, морин хуурын эрдмээ залуу үеийнхэнд өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, гавьяат жүжигчин Н.Дагийранзыг шагнав.
Ардын багш цолоор Хичээл заах ур чадварын улс, хот, дүүргийн тэмцээнд олон удаа амжилттай оролцож, сургалтын өгөөжийг дээшлүүлэх, өөрийн бүтээлч арга барилыг дэлгэрүүлж, бага ангийн сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлж, сурган хүмүүжүүлэх үйлст оруулж буй их хувь нэмрийг нь үнэлж, гавьяат багш Л.Гантөмөрийг, Ардын эмч цолоор Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт олон арван жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, нүдний хавдар, эмгэгийг оношлох, мэс засал, эмчлэх арга барилыг боловсруулан нүдний нөхөн сэргээх мэс заслыг нэвтрүүлж, нүд судлалын судалгааны чанартай бүтээл туурвин, шилдэг олон шавь нарыг бэлтгэж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, гавьяат эмч Э.Санжааг, Гавьяат багш цолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, ахмад багш С.Базар, Нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн ахмад багш Түндэвийн Дулмаа, Нийслэлийн 31 дүгээр сургуулийн зөвлөх багш Дамдины Мижиддорж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн, ахмад багш Зулын Сунрав, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны өндөр настан, ахмад багш Ц.Төвөө нарыг шагнажээ. Гавьяат жүжигчин цолоор Кино урлагийн дээд сургуулийн багш Ш.Дэлгэржаргалыг шагнав.
Мөн Хүний Гавьяат эмч, Гавьяат малчин, Гавьяат мал зүйч, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат барилгачин цолоор олон хүнийг шагнасан юм.