Б.ЭНХБАТ
Азийн төв хэсэгт тогтвортой, давшингуй хөгжин оршиж буй Казахстан улсыг бусниулах сонирхолтой бүлэглэл байдаг ажээ. Тэд манлайлагч, лидергүйн улмаас төдийлөн амжилт олохгүй байгаа юм. Яг үнэндээ тэд ард түмнээс дэмжлэг авч чадахгүй байгаа аж.
Лидерүүдийнх нь нэг Мухтар Аблязов урьд өмнө сайд явсан, банкир, одоо Казахстан, Орос, Английн цагдаагийнхан болон интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Одоо тэрээр хаа нэг газар нуугдаж байгаа гэнэ. М.Аблязовын багийнхан бүхэлдээ бутарсан байдалтай байгаа, зарим нь хувьсгал хийх гэсэн гэмт явуулгын хэргээр “нарсанд” орсон, үлдсэн нь ийш тийш зугтаж зайлсан ажээ.
Тиймээс Казахстаны сөрөг хүчний лагерь эзгүй шахуу болоод байгаа гэхэд болно. Хамгийн гол нь эрүүл улс төр хийж чадалгүй төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байгаа нь тэднийг гэмт хэрэгтэн болгож байгаа юм. Өнөөдөр ч гэсэн тоглоомын хүмүүсийг шинээр олж гаргах идэвхтэй ажиллагаа далдуур өрнөж байгаа бололтой. “Ардчилсан хүчин” хэмээх байгууллага нь өөрийн манлайлагч лидерийг олж гаргахаар ихэд мэрийж байгаа. Тэр нь М.Аблязовын ойр шадар хүмүүсийн нэг Галымжан Жакиянов юм. М.Аблязов, Г.Жакиянов хоёр нэгэн үед Казахстанд сөрөг хүчний “ДВК” намыг байгуулсан хүмүүс. Тэр нь ард түмний зүгээс дэмжлэг авч чадаагүй. Энэ нам зөвхөн олигархи бүлэглэл, бизнесийн элитүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан нам байжээ. Тэдний гол зорилго нь ЗХУ задрах үеийн замбараагүй байдлыг ашиглан санхүү, эд материалын гол нөөц газрыг эзэгнэж авах явдал байсан юм.
Тэр үед булхайн аргаар авсан өмч хөрөнгийн талаар хуулийн хүрээнд шалгаж эхлэнгүүт тэд эсэргүүцэл үзүүлж эхэлсэн байдаг. Гол нь энэ бүхнийг улстөржүүлж шуугиан дэгдээж эхэлсэн юм. Г.Жакиянов нь Семипалатниск, Павлодарск мужийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа өөрийн гэр бүлийнхэн, танил, найз нөхдийг баян тансаг амьдралтай болгоход үлэмж анхаарч ажилласан хүн. Эхлээд тэр даруухан бэлэг тарааж байлаа. Жишээлбэл, эхнэрийнхээ найзад “Куаныш” гэдэг хүүхдийн сургуулийг бэлэг болгон өгч байв.
Г.Жакияновын оролцоотойгоор “Семей” гэдэг санхүү-үйлдвэрлэлийн бүлэг байгуулагдаж түүний бүрэлдэхүүнд голчлон орон нутгийн бизнесийнхэн нийлснээр Г.Жакияновын гол баг бий болсон гэдэг юм. Ийм болонгуутаа тэд өөрийн тоглоомын хүрээгээ тэлж эхэлсэн байдаг. 1995 онд Г.Жакияновын дэмжлэгтэйгээр тэд Семиплатнискийн гурил-будааны комбинатыг хувьчилж авчээ. Түүний 71,8 хувийг “Шанырак” нэгдлийн удирдлага болох хүмүүст оногдуулсан байна. “Шанырак”-ийн хувьцаа эзэмшигчид бол Г.Жакияновын ойрын шадар хүмүүс бөгөөд түүний нэг нь Толен Тохтасынов.
1997 онд Г.Жакиянов “Семей” гэдэг санхүү, үйлдвэрлэлийн бүлгийн нэгэн бүтэц байдлаар Семипалатнискийн банк байгуулсан байна. Үүний дараа тэр Павлодарск руу томилолтоор очжээ. Тэнд очингуут тэр “Иртыш Бизнес Банк” гэдэг нэрээр нэгэн бүлэглэлийг бий болгожээ. Энэ банкны хувь эзэмшигчээр Толен Токтасынов болон Семипалатинскийн архины үйлдвэрийн эзэн Байсанков гэх мэтийн хүмүүс орсон байв. Хэсэг хугацааны дараа энэ банкийг М.Аблязовын “Астана холдинг” гэдэг корпорацид худалдаж шилжүүлсэн бөгөөд энэ үйлдлээр их хэмжээний мөнгө завших боломж гарсан байдаг аж. Г.Жакиянов Павлодарсийн мужийн захирагч болсны дараа энэ мужийн том том бизнесийнхнийг, албадан өөрийн хувийн банкны үйлчлүүлэгч болгосон байдаг. Тэндхийн нэлээд дамнууруулж олон саяын үнэ өртөгтэй объект газруудыг үнэгүйдүүлж авсан юм. Мэдээж энэ объектуудыг Семипалатинскийн найз, танилуудтаа өгсөн. Нэг үгээр хэлэхэд, ингэж нэг сонирхолтой бүлэглэл үүссэн ажээ. Г.Жакияновын ойрын нэг нөхөр Есентай Байсаков нь Павлодарскийн нэгэн үйлдвэрийн эзэн Борис Костановыг захиалгаар хороолгосон байна. Мөрдөн байцаах ажиллагаагаар энэ гэмт хэргийн ул мөрийг гаргаад ирэнгүүт Г.Жакияновын бүлгийнхэн үүнийг улстөржүүлж шуугиан дэгдээжээ.
Тэр үед захирагч болоод байсан Т.Тохтасынов энэ гэмт хэрэгтнүүдгийг нуун дарагдуулахад туслаж түүний дэмжлэгтэйгээр Байсаков Украйнд улс төрийн орогнолоор амьдарч байгаа ажээ. Гэвч сүүлд нь Т.Тохтасыновт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Ингээд хэрэг биш болоод ирэнгүүт тэд хүний эрх зөрчиж байна гэсэн шуугиан дэгдээж байгаад эцэст нь Т.Токтасынов Монголд эмчилгээ хийлгэх нэрийдлээр зугтан зайлсан. Одоо Монгол Улсад амьдарч байгаа гэнэ.
М.Аблязов, Г.Жакиянов нар өөрсдийн олон гэмт “бүтээлийн” хэргээр шоронд суусан юм. Гэхдээ тэднийг шоронд удаан хориогүй, төр засаг өршөөл үзүүлж суллагджээ. 2006 оны нэгдүгээр сард Галимжан Жакиянов Кушмуруны шоронгоос гараад нэг хэсэгтээ бизнес хийж байлаа. Тэр өөрийн хөрөнгийг хилийн цаана гаргаж чадсан байна. Тухайлбал, Г.Жакиянов, Т.Токтасынов хоёр өнөөдөр Хятад, Монгол хоёр улсын хооронд үнэт металл, төмөрлөгийн бизнес хийж байгаа гэнэ. Тэдний үйл ажиллагаатай холбоотой бүлэглэл Казакстаны баруун мужид байдаг гэсэн мэдээлэл бий. Тэд төмөр замын эд анги, цахилгааны тоног төхөөрөмж задалж түүхий эдийн цуглуулга болгоод тэдэнд бэлдэж өгдөг ажээ. Ийм төрлийн бизнесийг Г.Жакиянов анх яагаад сонирхох болсон нь үүх түүхтэй юм байна. Тэрээр дарга байхдаа 1996 онд Семпилатинскд байсан Лениний хөшөөг буулгуулсан ажээ. Тэгээд тэндээс гарсан 10 гаруй тонн зэсийг Хятадад гаргаж энэ бизнесийн амтанд орж эхэлсэн ажээ. Өнөөдөр Г.Жакияновын гэмт хэргүүд бараг мартагдах шахаад байгаа бололтой. Харин тэрээр өнөөдөр Казахстаны сөрөг хүчний уначихсан тугийг босгож мандуулахаар ажиллаж байна.