-Ц.Нямдорж сайд өрөөгөө суллаж өгөхгүй байна-
М.ГАНЦЭЦЭГ
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-Шинэ гишүүд Төрийн ордонд төвхнөх бэлтгэл ажлыг Тамгын газар хэр базааж байна вэ?
-УИХ-ын анхдугаар чуулган хуралдахаас өмнө Тамгын газар шинэ парламентын бэлтгэл ажлыг хангасан гэдгээ мэдээлсэн. Тамгын газар УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, техник, тоног төхөөрөмж гээд бүгдийг хангах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн. УИХ-д 30 гаруй шинэ гишүүн орж ирлээ. Хуучин гишүүд буюу дахин сонгогдсон нь хуучин өрөөндөө сууж байгаа. Харин шинээр сонгогдсон гишүүдэд өрөө хуваарилаас өөр арга байхгүй. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнөх УИХ-ын анхдугаар чуулганы үед буруу жишиг тогтсон гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр хуучин гишүүд өрөөнийхөө түлхүүрийг гараас гарт дамжуулдаг, дуртай өрөөндөө орохыг оролддог, дайрдаг. Ийм буруу жишиг байсан. Үүнээс болж УИХ-ын байнгын хороо болон дэд хороо, түр хороодын ажиллах нөхцөл боломжийг хангахад хүндрэлтэй байдаг. Байнгын хороо, дэд хорооны дарга нар орох өрөөгүй болчихдог. Ийм нөхцөл байдал аяндаа бий болдог юм байна. Тиймээс энэ жил гишүүдийн өрөөний зохицуулалтыг Тамгын газар эрх хэмжээндээ шийдэж байна. Баталсан хуваарийн дагуу гишүүдийн олонхи нь өрөөндөө орсон. Гэхдээ зарим хуучин гишүүд өрөөгөө өгөхгүй байх явдал гарч байна.
-Тухайлбал хэн, хэн өрөөгөө суллаж өгөхгүй байгаа юм бэ?
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргасан шийдвэр ч юм уу, зарим албан тушаалтны үүрэг даалгавраар хаалганы голыг солих, Төрийн тусгай хамгаалалтын газарт үүрэг өгч зарим өрөөг лацдуулах явдал мэр сэр гарсан. Энэ нь 2-3 хүний хүрээнд яригдсан асуудал. Тамгын газраас тавьсан шаардлагыг ойлгож хүлээж авах хүсэлтийг гишүүдэд тавьж байна. Хуучин гишүүд маань өрөөндөө дураараа засвар хийх, хувийнхаа тавилга, хэрэгслийг оруулж ирсэн зүйл гарсан. Гэхдээ өрөөндөө засвар хийх хүсэлт ирж байгааг би зүй ёсных гэж бодож байна. Яагаад гэвэл хуучин гишүүд өрөөндөө олон зураг, хөрөг хаддаг, түүнээс болоод хадаасны олон ором, нүх гарсан байгаа. Шинэ гишүүд түүнийг нь засуулахыг хүсч байгаа нь аргагүй юм даа. Энэ асуудлыг Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газарт албан ёсоор тавьж байгаа. Гишүүдийн ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс хөнгөхөн засвар хийж өгөх хүсэлт тавьсныг Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газар хүлээж авч байгаа. Тэгэхээр зарим гишүүний өрөөнд зохих хэмжээний засвар хийчих байх. Техник хэрэгслийг бид үндсэнд нь шийдсэн. Шинээр зөөврийн болон суурин компьютерийг тараагаад дуусч байна. Нэг хүндрэл байгаа. Өмнөх УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь Тамгын газраас IPAD тарааж өгсөн. Хуучин гишүүд маань IPAD-аа буцааж өгнө гэсэн боловч арай л амжихгүй байх шиг байна. Буцааж өгнө гэдэгт бид найдаж байгаа. Ийм хүндрэл бий.
-Бүрэн эрх нь дууссан гишүүд IPAD-аа буцааж өгөх ёстой юм уу?
-Өгөх ёстой.
-Анхдугаар чуулган нээлтээ хийснээс хойш хэд хонолоо. УИХ-ын дарга, дэд даргыг томилох, УИХ-ын бүтцийг зохион байгуулах хуулийн тодорхой хугацаа байдаг уу?
-УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөсний дараа нэг их хугацаа алдахгүйгээр даргаа томилдог өмнөх жишиг байсан. Энэ удаад УИХ-д суудал бүхий намууд олонхийн бүлэгтэй зөвшилцөл хийж байгаа учир УИХ-ын даргыг томилох хугацаа бага зэрэг хойшилж байна. Ойрын үед томилоосой гэсэн бодол байна. Яагаад гэвэл гишүүд түр үнэмлэхтэй Төрийн ордонд орж, гарч байгаа. УИХ-ын даргыг анхдугаар чуулган эхэлснээс хойш хэд хоногийн дараа томилно гэсэн хуулийн заалт байхгүй. Хурдан томилох нь УИХ-ын бүтэц зохион байгуулалтыг хийж ажилдаа орох, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно. Дарга томилогдохоор УИХ-д суудал бүхий нам, эвслүүдийн бүлэг ажилдаа орж байнгын хороодын даргыг сонгох байх. Үүний дараа шинэ Засгийн газрыг бүрдүүлнэ.
-Засгийн газрыг бүрдүүлэх хуулийн хугацаа бий юү?
-Нэг хугацаа бий. УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөснөөс хойш 45 хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарах тухай заалт бий. Үүнийг УИХ-д суудалтай нам, эвсэл анхаарч байгаа болов уу.
-Шинээр сонгогдсон гишүүд хэдэн туслах, зөвлөхтэй байх ёстой вэ. Гишүүдийн дэргэд ажиллах багт ямар шаардлага тавьдаг вэ?
-Гишүүд хуулийн дагуу туслах, зөвлөхөө авна. Одоогоор туслахуудаа аваад эхэлж байна. Гэхдээ бид Авлигатай тэмцэх газарт бичиг явуулсан. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулиар бол УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүд АТГ-аас зохих “виз” авах ёстой. Иймд гишүүдийн туслах, зөвлөхүүдэд түр үнэмлэх олгож байгаа. АТГ-аас зохих зөвшөөрөл ирсний дараа туслах, зөвлөхүүдийг жинхлэх зөвшөөрөл өгнө. Нэг зүйлийг онцолж хэлэх ёстой. Хуучин гишүүд хөдөө орон нутагт бие төлөөлөгчтэй байсан. Энэ удаад нэг хүндрэлтэй, ойлгомжгүй асуудал гарч байгаа. УИХ-ын сонгууль мажоритар болон пропорциональ хувилбараар явсан. Тэгэхээр тойргоос сонгогдоогүй, намын жагсаалтаар сонгогдсон гишүүд бие төлөөлөгчтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Өмнөх парламентын үед тухайлбал, Дундговь аймгаас сонгогдсон гишүүн тэндээ бие төлөөлөгчтэй байсан. Тэгэхээр энэ удаад орон нутгаас сонгогдоогүй, намын нэрийн жагсаалтаар орж ирсэн гишүүд бие төлөөлөгчтэй байх уу, үгүй юу гэдгийг УИХ-ын дарга томилогдохоор даргын дэргэдэх зөвлөлд танилцуулна гэж бодож байгаа. Тэндээс шийдвэр гарах байх.
-Хоёр ч өрөө Төрийн тусгай хамгаалалтын лацтай байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-УИХ-ын Тамгын газраас гишүүдийн өрөөг хуваарилсан. Гэтэл зарим нэгэн өрөөг лацадсан байсан. Түүнийг Төрийн тусгай хамгаалалтынхан лацадсан гэсэн. Би өчигдөр (уржигдар) Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг дуудаж асуусан. Ингэхдээ “Та бүхний бүрэн эрхэд ийм зүйл байхгүй. УИХ-ын гишүүдийнхээ ажиллах нөхцөл бололцоог би хангая. Та нар тэр тусгай хамгаалалтаа авдаг газраа ав. Гишүүдийн өрөөг лацдах нь танай асуудал биш. Тамгын газар ажлаа мэдмээр байна” гэж би хэлсэн. Тэд ойлгосон. Иймд бид өчигдөр (уржигдар) С.Баяр даргын өрөөг хүчээр нээсэн. Юуг нь нуух билээ. Үнэндээ хаалгыг нь эвдэж орсон. Зохих ёсны акт тогтоосон. Хуучин хүмүүс нь гарч өгөхгүй байсан юм. С.Баяр дарга өөрөө бол өрөөгөө суллахыг зөвшөөрч, өгдөг хүнд нь өгөхийг хүссэн. Гэтэл наагуур нь манай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нөхдүүд өрөөг нь өгөхгүй лацдаж ломбодоод байх юм. Энд бас нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ жилийн хувьд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний нэг эвсэл орж ирлээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Дуртай ч, дургүй ч тэр эвсэл бүлгийн дарга, УИХ-ын дэд даргатай байна. Одоо та бүхэн хар даа. Ардчилсан нам, Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нар ямар өрөөнд суудаг билээ. Тэгэхээр тэр эвслийн дарга нарын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд зохих хэмжээний өрөөгөөр хангаж өгөх ёстой. Ийм учир бид хоёр өрөөг зоочихоод байгаа. Нэгийг нь өчигдөр хүчээр суллаж авлаа. Нэг нь бол өрөөгөө суллаж өгөхгүй байна. Энэ нь Ц.Нямдорж даргын өрөө. Ц.Нямдорж сайд Төрийн тусгай хамгаалалтаас гарчихсан. Түүнд Ц.Мөнх-Оргил гишүүний өрөөг бид зааж өгсөн. Тэр нь ч гайгүй боломжийн өрөө байдаг. Гэтэл өрөөнөөсөө гарахгүй гээд суучихсан. Ц.Нямдорж дарга маань ойлгож өрөөгөө суллаж өгнө гэж найдаж байна.
-Гишүүд Төрийн ордонд хувийнхаа эд хэрэгслийг оруулж, өрөөгөө тохижуулах боломжтой юу?
-Оруулж ирэх хүсэлт тавьж байгаа. Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газар зөвшөөрвөл оруулж ирэхийг албан ёсоор мэдэгдэнэ. Оруулж тавьчихаад явахдаа аваад явна биз.
-УИХ ажлаа эхлэх бэлтгэл хангагдаж байнгын хороо, дэд хороод хуралдах боломжтой болсон гэж ойлгож болох уу?
-УИХ-ын байнгын хороо болон дэд хороод хуралдах нөхцөл бололцоо хангагдсан. УИХ-ын шинэ гишүүдийн зарцуулах төсөв бэлэн байгаа. УИХ-ын сонгуулийн өдрөөр дуусгавар болгож хуучин гишүүдийн төсвийг таслаад өгчихсөн. Түүнээс хойшхи төсвийг шинэ гишүүд ашиглах ёстой. Тиймээс гишүүдийн төсөв, хөрөнгөд ямар ч саад бэрхшээл байхгүй. Үнийн өсөлтөөс шалтгаалаад Сангийн яамнаас нэмэлт төсөв авах асуудал бий. Үүнийг шийдчих байх.