Б.НОМИН
С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Монгол Улсын иргэн Ч, Х нарыг энэ сарын 10-11-нд шилжих шөнө АНУ-д баривчилсан гэх мэдээллийг тодруулахаар ГХЯ-ны хэвлэлийн албаны ажилтантай холбогдоход, “Энэ асуудал манай яаманд хамаагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тэднийг баривчлах ажиллагааг АНУ-ын тусгай хүчнийхэн гүйцэтгэсэн гэж буй. Сэжигтэн Ч, Х нарыг манай улсын хууль хяналтынхан Интерполоор эрэн сурвалжилж байсан гэх мэдээлэл ч байна. Тэднийг баривчлахын тулд АНУ-ын тусгай хүчний бүрэн зэвсэглэсэн таван цагдаа гэрт нь дайран орж саатуулсан байна. Ч, Х нар 13-14 жил АНУ-д амьдарч байгаа гэнэ. Тэдний нэг нь барилгын ажил хийдэг бол нөгөөх нь хоолны газарт ажилладаг байжээ. Ойр дотныхон нь тэднийг яагаад баривчилсан талаар АНУ-ын хууль хяналтынхнаас асууж лавлахад, “Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр баривчилсан, С.Зориг гэх хүний аллагатай холбоотой гэсэн. Хэрэв батлан даалтад гаргахыг хүсч байгаа бол нэг сая ам.доллар төл” хэмээсэн гэнэ. Харин цагдаагийнхан “Энэ ташаа мэдээлэл. С.Зоригийн хэрэгт холбогдуулж хүн баривчлаагүй” гэсэн тайлбарыг өгөв.