Б.УРАН

ШӨХТГ, ОССК-ийн хамтарсан ажлын хэсэг орон сууцны үнэд хийсэн судалгаагаа танилцуулж, нэг метр квадратын үнийг нэг сая төгрөгт багтаах боломжтой талаар мэдээлэл хийлээ. Энэ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах хариултыг өгсөн юм.

ШӨХТГ-ын дарга О.Магнай:

-Бидний хийсэн судал­г­аагаар Улаанбаатар хотод байрны үнийг нэг метр квадрат тутамд нэг сая төгрөг байлгах нь тухайн компанид ашигтай гэсэн тооцоог гаргасан. Энэ бол зөвхөн цаасан дээрх тоо биш. Мон­гол­банк, Засгийн газар барилгын үнийг тогтвор­жуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд манай байгууллагаас хяналт тавьж оролцоно. Хөнгөлөлттэй зээл авч байгаа компаниуд нэг метр квадратынхаа үнийг нэг сая төгрөгөөс хэтрүү­лэхгүй байх үүрэг хүлээнэ гэсэн үг. Нэг хэсэг орон сууцны үнэ яаж хөөсөрс­нийг та бүхэн мэдэж бай­гаа. 5000 ам.долларын үнэ­тэй орон сууц хүртэл байсан. Гэтэл Нью-Йоркод хамгийн тансаг дүүрэгт метр квадрат нь 6000-7000 ам.доллар бай­даг. Гэтэл Улаанбаатарт шороон дунд тийм үнэтэй байгаа нь зүгээр л хөөс гэсэн үг. Одоо энэ хөөс хагарна. Бодитой үнэ тогтоно.

-Сая төгрөгийн дотор баригдаж байгаа эхний байр хэзээ ашиглалтад орох вэ?

ОССК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулга:

-Өнгөрсөн хугацаанд барилгын компаниуд дэндүү их ашгийн төлөө явсан юм болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Ажлын хэсгийн судал­гааны дүнд нэг метр квадратын үнийг сая төг­рөгөөр тогтоох боломжтой гэж үзлээ. Манайхаас “Буянт-Ухаа” хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Есөн давхар 28 ширхэг барилга босно. Нийтдээ 1764 айлын орон сууцыг барьж байна. Энэ хорооллын эхний байр нь ирэх есдүгээр сард ашиг­лалтад орно. Иргэд энэ байрыг метр квадратыг нь 950 мянган төгрөгөөр авах боломжтой.

-Чанарын талд асуудал гарахгүй юу. Хямд үнэ гэдэг ямагт чанарын асуудлыг дагуулж байдаг шүү дээ?

О.Магнай:

-Бид чанарт хяналт тавина. Барилгын ком­пани, Барилга хот байгуу­лалтын яам, манайх гурав  гэрээ байгуулж ажиллана. Барилгын стандартыг яг л мөрдүүлнэ. Баянхошуунд баригдаж байна уу, Зай­санд баригдаж байна уу хамаа­гүй ижил материа­лаар барьж байгаа. Энэ бүхэнд хяналт тавина гэсэн үг.

-“Буянт-Ухаа” хороол­лыг анх 850 мянган төгрө­гөөр зарна гэж байсан. Яагаад 950 мянган төгрөг болчихов?

А.Гантулга:

-“Буянт-Ухаа” хороол­лын дэд бүтцийн асуудал санхүүгийн хувьд гацаанд орсон. Тэгэхээр энэ барилгыг үргэлжүүлээд бондын хөрөнгөөр барьж байгаа. Дэд бүтцийн хувьд асуудлыг шийдэхийн тулд өөр арга байгаагүй. Уг нь 850 мянган төгрөгөөр зараг­дах ёстой байсан юм. Ха­рамсалтай нь бондын хүүнд мөнгө төлөх ёстой учир, өртөг нь нэмэгдээд 950 мянган төгрөг болсон юм.

-Тэгэхээр одоо шинээр босох барилгуудад энэ шийдвэр хамаатай гэсэн үг үү?

О.Магнай:

-Энэ онд баригдах ба­рилгын компаниуд хөн­гөлөлттэй зээл авах гэрээ­гээ хийчихсэн. Харин да­раа­гийн гэрээ нь барил­гын компани, барил­гын яам, ШӨХТГ хооронд хийг­дэнэ. Энэ онд бариг­дах барилгуудад энэ гэрээ хийг­дэнэ. Тэгэхээр энэ компаниуд нэг сая төгрөгт багтаах үүргээ хүлээнэ гэсэн үг. Дагаад бусад орон сууцны үнэ буурна. Мэ­дээж өнөөдөр мэдээлэл хийгээд маргааш үнэ буур­чихгүй гэдгийг ойлгоорой.