М.ЦЭЦЭГ

УИХ-ын 2013 оны хав­рын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жаг­саалтад УИХ-ын гишүү­дээс санал болгосон таван төсөл, Засгийн газраас санал болгосон 10 төсөл, нийт 15 төсөл багтжээ. Өнгөрсөн  нэгдүгээр са­рын 25-ны байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгд­сэн нийт 65 хууль, тог­тоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 21 төсөл, хэлэлцэж эхлээгүй 44 төсөл байгаа аж.  Харин одоогоор боловсруулах шатандаа байгаа, УИХ-д өргөн мэдүүлээгүй төслүү­дийг 2013 оны хаврын чуулганаар хэлэлцэх асууд­лын дараалалд оруулалгүй үлдээжээ.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараа­лалд Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүү­гийн нэгдсэн тайлан бат­лах тухай УИХ-ын тог­тоолын төсөл, 2014 оны төсвийн хүрээний мэдэг­дэл, 2015-2016 оны төс­вийн төсөөлөл батлах хуу­лийн төсөл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл багт­жээ. Мөн Газрын тухай багц хуулийн төсөл,эндээс Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг хасахаар болсон байна. Нийслэлийн гэр хороол­лын дэд бүтцийг хөгжүү­лэхэд шаардагдах санхүү­гийн арга хэмжээний ту­хай хуулийн төсөл зэрэг 15 хуулийн төсөл байгаа аж.

Мөн өчигдрийн чуул­ганы хуралдаанаар  Сон­гуу­лийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тог­тоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хя­нан шийдвэрлэсэн  Цэ­цийн  дүгнэлтийг хүлээж авав. Цэцийн гишүүн Д.Сугар дүгнэлтийг танил­цууллаа. Иргэн А.Ганта­мир УИХ-ын 22 дугаар тойргийн дахин санал ху­раалтад ялалт бай­гуулсан гэж үзэн Д.Арвиныг УИХ-ын ги­шүүнээр сонгогд­сонд тооц­сон Сонгуулийн ерөн­хий хорооны шийд­вэрийг Үндсэн хууль зөрч­сөн гэх асуудлаар Үндсэн хуу­лийн цэцэд хандсан.

Үндсэн хуулийн цэц “Сонгуулийн ерөнхий хорооны санал хураалтын дүнгийн тухай 2012 оны арванэгдүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар тогтоол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн II хэсгийн Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 21.2-т зааснаар УИХ-ын гишүү­нийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхийн иргэд нийтээрээ сонгоно гэсэн заалтыг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ. Цэ­цийн дүгнэлттэй холбог­дуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй.