- Шинэ Засгийн газар 75:25-ын харьцаатай байна -
М.ГАН
Ардчилсан намаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хийсэн хэлэлцээ амжилттай болж өчигдөр орой дууссан байна. Энэ тухай хэлэлцээ хийсэн гурван ажлын хэсгийн ахлагч Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд хамтарсан Засгийн газар байгуулахаар болж гэрээнд гарын үсэг зурав. Шинэ Засгийн газрыг 75:25 хувийн харьцаагаар байгуулахаар болжээ. 75 хувийг нь Ардчилсан намаас бүрдүүлнэ. Мөн ИЗНН-ын төлөөлөл энд багтах аж. Харин 25 хувийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүрдүүлнэ. Хамтарсан Засгийн газрын сайд нарын нэрс ч тодорхой болжээ. Үүнд, зарим яамыг чиг үүргээр нь салгаж, нэрийг нь өөрчлөхөөр болсон аж.
Хамтарсан Засгийн газрыг Н.Алтанхуяг удирдаж сайд нараа УИХ-ын гишүүдээс томилох мэдээлэл байна. Шадар сайдад Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Ч.Сайханбилэг нарын нэрс тодорлоо. Мөн Хууль зүйн сайдад Х.Тэмүүжин, Дотоод хэргийн сайдад Л.Цог, Сангийн яамны дээр Эдийн засаг, тогтвортой хөгжлийн яам байгуулж сайдаар нь Н.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдад Х.Баттулга, Зам, тээврийн сайдад А.Гансүх, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад С.Оюун, Хөдөлмөрийн сайдад Ц.Оюунгэрэл, Нийгмийн хамгааллын сайдад С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, Гадаад харилцааны сайдад Л.Болд, Эрдэс баялгийн сайдад Д.Ганхуяг, Батлан хамгаалахын сайдад М.Сономпил нарыг нэр дэвшүүлэх мэдээлэл байна. Мөн хамтарсан Засгийн газарт нэг бие даагчийг оруулахаар болсон нь Ц.Даваасүрэн гишүүн юм. Түүнийг Боловсролын сайдад нэр дэвшүүлэх сурагтай байна.
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр Ардчилсан намын “Монгол хүн”-д үндэслэж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал”, ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөрийг нэмэх аж.
Х.Баттулга:
ЕРӨНХИЙЛӨГЧ, ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХАМТАРЧ ОРОХ БАЙХ
Гурван өдөр үргэлжилсэн хэлэлцээ амжилттай болсныг Ардчилсан намын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга онцлов. Ажлын хэсгийн ахлагч болон гишүүд сэтгүүлчдийн асуултад дараахи хариултыг өглөө.
-Хамтарсан Засгийн газар хэдэн яам, сайдтай байх вэ?
Ч.Сайханбилэг:
-УИХ-ын даргыг томилж, бүтцээ зохион байгуулна. Дараа нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлж томилно. Үүний дараа Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барина.
-Засгийн газарт ажиллах намуудын харьцаа хэд байх вэ?
Ч.Улаан:
-Гэрээний төсөлд зарчим чиглэлээ тусгасан. Одоо мөрийн хөтөлбөрөө боловсруулах ажилд орно. УИХ-д суудал авсан тоонд үндэслэж 75:25 хувийн харьцаатай байхаар ярьсан.
-Хамтарсан Засгийн газар тогтвортой ажиллаж чадах уу. Өмнө нь задарсан тохиолдол байгаа шүү дээ?
Ч.Сайханбилэг:
-Хамтран ажиллах гэрээнд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж намуудын удирдах байгууллагаар баталгаажуулна. Гэрээ түр зуурынх биш. 2012-2016 он дуустал хамтарч ажиллах чин эрмэлзэл хэн, хэнд маань байгаа.
Ч.Улаан:
-Бид хамтран ажиллах гэрээндээ үнэнч байна. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд үр ашигтай, тогтвортой ажиллана гэсэн хоёр зүйлийг чухалчилж байгаа.
-Бие даагчид Засгийн газарт орох уу?
-Бие даагчидтай хамтарч ажиллах талаар гэрээнд нээлттэй тусгасан.
-Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд хамтарч оролцох уу?
Х.Баттулга:
-Нэг субъект болж орох байх.
-20 гаруй гишүүнтэй сөрөг хүчинтэй болох нь. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Ч.Сайханбилэг:
-Цөөнхөө хүндэтгэж, олонхи үйл ажиллагаагаа явуулна.
Д.Тэрбишдагва:
-Нөгөө намаа ялгаварлан гадуурахахгүй. Бусад намын мөрийн хөтөлбөрийг ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах боломжтой.