Д.БОЛОР

Монголын залуучуудын холбооны санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөнийг ажил хэрэг болгох шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тушаалаар хүүхэд, залуучуудын хөгжлийг хангах хувьчлагдсан барилгыг чөлөөлөх бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна. Тодруулбал, хүүхэд, залуучуудын хөгжилд зориулсан газар болоод барилгад эзэн суусан компани, аж ахуйн нэгжийн захирлуудад хариуцлага тооцох, цаашлаад цуцлах арга хэмжээ авахыг сануулжээ. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдана. Гишүүдэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нар багтжээ. Мөн Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нарын 13 хүн ажиллах юм байна. Ажлын хэсэгт багтсан бүх гишүүн нь шийдвэр гаргах эрх бүхий хэмжээний удирдах албан тушаалтнууд аж. Тэд хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх зориулалтаар баригдсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргана. Хэрэв зориулалт нь өөрчлөгдсөн газар болоод барилга байвал хүүхэд, залуусын байгууллагын мэдэлд шилжүүлэх бүх боломжийг эрэлхийлэх юм байна. Боловсруулсан саналаа ирэх сард багтаан Засгийн газарт мэдүүлэхээр төлөвлөжээ.