-“Тэнгис”-т хөрөнгө оруулсан солонгосууд өөрийн хувиа Монголын нэгэн компанид зүгээр бэлэглэжээ-
Д.МЯГМАР
Өмнө нь бид үлэг гүрвэлийн музейн байр болгох гэж байгаа хуучнаар Лениний музейн барилгын талаар “Нэгэн байшингийн түүх” булангаараа танилцуулж байсан. Энэ удаа түүний дэргэдэх “Тэнгис” кино театрын барилгын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга Т.Батдоржтой ярилцлаа.

-“Тэнгис” кино театр буюу “Улаанбаатар Синема” компанийн одоогийн барилга 2003 оноос өмнө нийслэлийн өмч байсан. Хувьчлал нэрийн дор төрхөө өөрчилсөн театрыг эргүүлэн нийслэлийн өмч болгох гэж байгаа гэсэн яриа дуулдсан. Танай газар энэ талаар ямар ажил хийж байгаа бол?
-Одоогийн “Тэнгис” кино театрын хувьчлал хэдэн жилийн өмнө их сонин зүйл болсон байдаг. Хотод байсан 100 хувийн өмчөөсөө дийлэнхийг нь гаднынханд зүгээр л “май” гээд өгчихсөн гэхээр сонин дуулдаж байгаа биз. “Тэнгис” кино театр буюу хуучнаар “Ялалт” кино театр 100 хувь нийслэлийн өмч байсан цаг бий. Тухайн үеийн хотын удирдлагууд нийслэлийн 100 хувийн өмч байсан байгууллагыг татан буулгасан. Ингээд нийслэлийн өмчийг 34 хувиар бууруулж тогтоочихжээ.
-Яагаад. Үлдсэн 66 хувийг нь хэн авчихсан юм бол?
-Үлдсэн 66 хувийг тухайн үед Солонгосын компанид шууд өгсөн байдаг.
-Ямар учраас тэгсэн юм бол?
-Өөрийн 100 хувийн өмчийг 34 хувь хүртэл буулгаад, Солонгосын компанид 66 хувийг эзэмшүүлсэн гэхээр сонин байгаа биз.
-Ингэлээ гээд нийслэлд наалдах юм юу байгаа юм бол?
-Үзэгчдийн тав тухтай байдал нэмэгдсэн зэрэг үзүүлэлт байдаг л юм гэсэн. Гэхдээ өмчийг ийм байдлаар бүрдүүлж гаднын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулсан явдал нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл байхгүй юу.
-“Тэнгис”кино театрыг үзвэрийн хамгийн сүүлийн үеийн техникээр иж бүрэн тоноглож 1000 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай гэх мэтээр ажил нь сайжирсан юм биш үү?
-“Ялалт” театр өөрийн гэсэн барилга байгууламжтай байсан. Тодорхой өмчтэй, А зэрэглэлийн бүсэд байрлал сайтай газартай байхад хот өөрийн эзэмшлийн хувиа 34 болгож бууруулж болохгүй биз дээ. Ирээдүйд орох гүйцэтгэлээр 66 хувийг бүрдүүлнэ гэдэг бол илт хууль зөрчсөн шийдвэр шүү.
-Энэ хэргийн цаана ямар нэг сэжүүр байна уу. Авлига, хээл хахуулийн хэрэг байгаа юм биш үү?
-Тийм хэрэг байхыг үгүйсгэхгүй. Энэ өмч хувьчлалын хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй.
Нөгөө Солонгосын компани нийслэлийн өмчид хөрөнгө оруулчихаад Монголын хөрөнгө оруулалттай нэгэн компанид эргүүлээд өөрийн 66 хувийг зүгээр л бэлэглэчихсэн байх жишээтэй. Ямар өгөөмөр хүн бэ. Үүнд бизнесийн ямар ёсзүй байна вэ гэж асуумаар санагдаад байгаа юм. Та нэг компанид 66 хувийн хөрөнгө оруулаад бизнес нь сэргээд босоод ирэнгүүт л хэнд ч хамаагүй, хувь хүнд бэлэглэж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Амьдралаас тасарчихсан хүмүүс тэнд байна. Хийх ажлаа олж ядсан тэрбумтнууд ч ингэж бусдад өмчөө бэлэглэх байх даа.
-Таны хувьд энэ хувьчлалыг ямар байр сууриас харж байна вэ?
-Үүний цаана ямар нэг хүнд асуудал нээгдэж байгаа. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд энэ асуудлыг ярилцаад эхэлчихсэн. Яагаад нийслэл 100 хувийн өмчөө тал еэвэнгийн үлгэр болгож, өөрийн өмчийг татан буулгаж 34 хувь болгон бууруулав. Ямар эрхтэй болохоороо солонгосууд Улаанбаатар хотын өмчийн кино театраас 66 хувийг эзэмшин эргүүлээд хэн нэгэнд бэлэглэчихэв гээд хөөгөөд байвал их урт түүх сөхөгдөж байгаа юм. Хүмүүсийг эргүүтүүлсэн, бизнесийг төөрөгдүүлсэн ийм хачин гэрээг нууц ноёнтнууд хэдийнэ хийчихжээ. Энэ асуудлыг бид шалгах ажлын хэсгийг удахгүй байгуулана.
-Та бүхэн урьдчилаад өндөр хувь эзэмшигчдэд ямар нэг шаардлага тавьсан уу?
-Бид эхний ээлжид хотын эзэмшлийн хувийг 51 хувьд хүргэ гэж шаардана. Хотын өмч байсан театрын нүүр царайг хувиргаж хувьдаа авсан эрхмүүдийг Эрүүгийн цагдаагийн газрынхнаар тогтоолгоно. Буруу шийдвэр гаргаж, нийслэлийн өмчийг завшиж байгаа нөхөд хариуцлага хүлээх ёстой. “Тэнгис” кино театрын хувьчлалын асуудал дээр бид сайн ажиллах ёстой. Нийслэлийн өмчийг ингэж үнэгүйдүүлж, санхүүгийн луйвар хийж болохгүй. Хэн ч байсан гэсэн хариуцлагыг ярихаас өөр замгүй болсон.