Э.ОРХОНСҮРЭН

Монголын багш нарын баярын 47 дахь өдрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгө­рүүллээ. БШУЯ-наас энэ жилийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн арга зүй, технологийг хөгжүү­лэх жил болгон зарласан. Тиймээс багш нарын баяраар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд амжилттай хэрэгжиж буй сургалтын арга зүй, технологийг то­дор­хой журмын дагуу бүрт­гэж эхэлсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс дуулгав. Энэ үеэр “Бо­ловс­ролын технологийн үндэсний сан”-г нээх ажил­лагаа давхар болс­ноо­роо онцлог байв.  Энэ­хүү сан нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын бүх төвшний сургалтыг чанартай, үр дүнтэй, шилдэг техно­логийг нэвтрүүлэх үүний­хээ үр дүнгээр сургалтыг үнэлэх, дамжуулах, дэлгэ­рүүлэх боломжийг олгож өгөх ажээ. Технологийн сангийн нээлтийн үеэр нийслэлийн шилдэг багш нар өөр өөрсдийн арга барил, ажлын туршлага­даа үндэслэн бий болго­сон шинэ арга технологио  багш нар танилцуулсан юм.  Завхан аймгийн Бо­ловс­рол соёлын газрын арга зүйч Ю.Дэлгэрнасан хөтөч хүүхдээр дамжуулан морин хуурыг амжилттай заасан “Тэмүүлэхүй” сэ­дэвт технологи,  “Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль”-ийн багш Б.Цэ­цэгмаа хүүхдэд хүргэх хичээлийн агуулгыг бодит туршлага дээр суурилан амжилттай хүргэсэн “25:50:25” сэдэвт техно­логи, Баянгол дүүргийн “Эрдмийн-Өргөө” цог­цолбор сургуулийн багш Ш.Алтантуяа хүүхдэд ол­гох чадварт төвлөрч багш нарын заах хичээл нэгдмэл байдлаар байгальд зохион байгуулагдаж амжилттай хэрэгжсэн “Байгаль дахь сургалт” сэдэвт технологи,  нийслэлийн 93 дугаар сур­гуулийн багш С.Отгонтуяа хичээлийн агуулгыг нэгд­мэл байдлаар эх хэлний­хээ уран яруу ярих чадварт суурилан хүүхэд бүрийг амжилттай хөгжүүлсэн “Хүүхдийн ертөнцийг нээ­хүй” сэдэвт техно­ло­гийг  тус тус танилцуулж, ахмад  багш нараас  өндөр үнэлгээ авч байсан юм.

Мөн энэ үеэр тэргүү­ний сургууль, цэцэрлэг шилдэг багш нараа шалга­руулж, боловсролын сал­барт үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарыг  шаг­наж урамшуулсан юм. Энэ жилийн “Оны тэр­гүү­ний багш”-аар Булган айм­гийн дөрөвдүгээр цэ­цэр­лэгийн багш Л.Бумбат, Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Чимэддулам, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газарзүйн багш Ц.Цэцэгбалжид нар шал­гарлаа. Харин оны тэр­гүүний цэцэрлэгээр Бул­ган аймгийн Хангал сумын “Хараацай” цэцэр­лэг, Завхан аймгийн Улиас­тай сумын найм­дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 122 дугаар цэ­цэр­лэг тус тус шалгарсан юм. Мөн Улсын тэргүү­ний ерөнхий боловсролын  сургуулиар Дорнод айм­гийн Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаа­тар сумын дөрөвдүгээр сургууль, Баянзүрх дүүр­гийн 84 дүгээр сургуулиуд шалгарлаа. Төрийн болон төрийн бус дээд сур­гуулиас оны тэргүүний багшаар МУИС-ийн Хими химийн инженерч­лэ­лийн сургуулийн хи­мийн багш О.Болормаа, Үйлдвэрлэл урлалын поли­техникийн коллежийн үсч­ний мастер багш Д.Од­гэрэл, “Идэр” дээд сур­гуулийн сэтгүүлзүйн багш Н.Мөнхзориг нар шал­гарсан юм. Оны шилдгүү­дээр тодорсон зарим багшийн сэтгэгдлээс нь хуваалцлаа.

 

БШУ-ы сайд Л.Гантөмөр: 

БАГШ НАРЫН СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ БҮРТГЭНЭ

-Өнөөдөр Монголын багш нарын 47 дахь өдрийн баярын арга хэмжээ болж байна. Тиймээс багш нар­таа хандаж үг хэлэхгүй юу?

-Юуны өмнө өнөөдөр уулзаж мэндчилгээ хүргэж чадаагүй ахмад, доктор, профессор багш нартаа багш нарын баярын халуун мэндийг хүргэж байна. Өнөөдөр бид багш нарын баярын 47 дахь өдрийг тэмдэглэхдээ зөвхөн багш нартаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэхээс гадна ажил хэрэгч мэндчилгээ хүр­гэхийг зорьсон. Тиймээс ч зорилгоо биелүүлж Шинж­лэх ухааны сангийн нээл­тээ давхар хийлээ. Энэхүү технологийн сан нь мон­голын мянга мянган багш нар өөртөө хадгалж байдаг аргачлалуудыг техноло­гийн санд бүртгүүлж патент, гэрчилгээ авч олон түмэндээ хүргэх болом­жыг нь бүрдүүлж байна. Технологийн санд одоо­гийн байдлаар 20 орчим арга зүй технологийн шинэ саналууд бүртгэгд­сэн. Үүний дөрвийг нь өнөөдөр танилцууллаа. Энэ жил бид нэлээд том зорилго тавьж байгаа. Дөрвөн жилийн хугацаан дахь боловсролын шинэч­лэл тэр дундаа чанарын шинэчлэл хийхдээ олон зорилтууд дэвшүүлж байна. Тийм ч учраас бид хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэсэн маш том зорилго тавьсан байгаа. Зорилгоо биелүүлэхийн тулд 30 мянган багш бүгдээрээ оролцох шаардлагатай юм. 30 мянган багш нараа бид арга зүйн технологийг нь үнэлэхээс гадна ажиллах орчныг нь бүрдүүлж өгье гэдэг санааг дэвшүүлж байгаа. Тухайн арга зүйн технологийг нь зөвхөн яаман дээр бүртгэдэг, эсвэл өөрийн сургууль дээрээ ашиглахаас илүү цаашдаа монгол, дэлхий даяар ашиглах арга зүйн технологи болон боловс­рол судлалын чиглэлд ма­най багш нарын технологи бүртгэгдэнэ гэдэгт итгэл­тэй байна. Тиймээс зорил­гоо биелүүлэхийн тулд бид өдөрт нэг, жилд 365 техно­логийг энэ онд бүртгэж олон түмэнд хүргэж техно­л­огийг нь дамжуулах зэрэг ажлыг хийнэ гэдэг мэ­дээл­лээ бүх багш нартаа өгч байна. Тиймээс ч уч­раас сангийнхаа нээлтийг өнөөдөр хийлээ. Үүний гол хэрэглэгч нь өнөөдрийг хүртэл мэдээллийн техно­логийг зөвхөн өөрөө хү­лээж авдаг байсан бол өнөөдрөөс эхлээд техно­логийн сангийн цахим хуудас нь тухайн багш тухайн технологт орж ажиллаж, өөрийгөө сорьж болдог өөрөө тэнд ажиллаж үзээд өөрийгөө дүгнэж болдог тийм систем юм.

 

Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захирал С.Март:

МАНАЙ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО НЬ ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

-Монголын багш нарын 47 дахь өдрийн  баяраар манай хамт олон “Улсын тэргүүний сур­гууль”-иар шалгарсандаа баяртай байна. Энэ шаг­нал манай хамт олны олон жилийн сэтгэл, зүтгэл, хүлээлтийн үр дүн юм. Хүүхэд бүрийг хөгжүүлж, багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, сур­галтын орчинг бүрдүүлж сургалтад технологийн шинэчлэл хийсэн зэрэг ажлуудыг маань үнэлж энэхүү шагналыг олгосон гэж бодож байна. Би бо­ловсролын салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг талар­хан хүлээж авсан. Яагаад гэвэл энэ асуудал нь ма­най сургуулийн хөгжлийн бодлогод тусгагдсан бай­даг.

 

Улсын тэргүүний “Хараацай” цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг:

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ, БИДНИЙ АЖИЛД ЖИЛЭЭС ЖИЛД АХИЦ ГАРЧ БАЙНА

-Боловсролын салбар жилээс жилд өсөн хөгжиж дэвжиж байна. Манай байгууллага 2011 онд бү­тээлч хамт олон бол байсан бол 2012 онд аймгийн шилд­гийн шилдэг цэцэр­лэг болсон. Мөн эрүүл мэндийг дэмжигч бай­гуул­лагаар тус тус шалгарч байсан. Харин энэ онд Улсын тэргүүний цэцэр­лэг болсондоо маш их баяр­­тай байна. Багш нартаа Монголын багш нарын 47 дахь өдрийн бая­рын мэндийг дэвшүүлье. 

 

93 дугаар сургуулийн “Хүүхдийн ертөнцийг нээхүй” технологийг хэрэгжүүлэгч багш С.Отгонтуяа:

ТӨРМӨЛ АВЬЯАСТ ТУЛГУУРЛАЖ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

-Хүүхэд бүрийг хөг­жүүлэхийн тулд боловс­руул­сан танай технологийн давуу тал нь юу бол?

-Бага сургууль болон дунд сургууль төгсөж бай­гаа хүүхэд ямар боловсрол олж авснаар амьдаралд нь хэрэгтэй,  аз жаргалтай байх вэ гэдэг бодлого зорилгоо тодорхойлсон. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд хүүхэд бүрийн онцлогт тохирсон агуулга арга зүйг сонгож ажилладаг. Хүүхдийн өгөгд­мөл, төрмөл авьяас нөөц боломж дээр нь тулгуурлаж хөгжүүлнэ гэсэн гол санаа юм.

-Танай энэ технологид хүүхэд бүрийг хөгжүү­лэхийн тулд багш өөрөө хэрхэн хөгжсөн байх ёстой вэ?

-Хүүхэд бүрээ эхлээд сайн судласан байх ёстой. Энэ хүүхэд ямар төвшинд явж байна нь гэдгийг мэд­дэг, хүмүүжил төлөвшилд нь юу хэрэгтэй байгааг нь мэддэг,  олж хардаг байх юм. Үүний дараа сар бүр хүүхэд ямар чадвар эзэмш­сэн байна гэдгийг эцэг эхийн саналтай уял­дуулан гаргаж ирэх юм. Тэр чадварыг нь хөгжүү­лэхийн тулд багш эцэг, эхтэй нягт хамтарч ажил­ладаг байна. Үүний үр дүнд 40 хүүхдэд ижил сэдэв заагаад ижил хуга­цаанд шалгадаг биш хүүхэд бүр судлах хичээл, арга технологи шалгуулах хугацаатай байх юм. Хөгжүүлээд ирэхээр баг­шаас хүүхэд бүрийг таних нарийн ухаан шаарддаг.

-Энэхүү технологийг сургалтад ашигласнаар хүүхдийн хүмүүжилд ямар ахиц гарах вэ. Цаашид амьдралд нь хэрхэн хэрэгжих бол?

-Боловсролын үр дүн гэдэг богино хугацаанд харагддаг зүйл биш. Гэх­дээ энэ технологиор сурал­цаж төгсөж байгаа хүүхэд бүр амжилт аз жаргалын эзэн байх ёстой юм. Ингэж чадвал эрүүл биетэй, саруул ухаантай, сайхан сэтгэлтэй зөв боловсон дадал хэвшил ёс суртахуунтай болно. Энэ төлөвлөгөөг хэрэгжүү­лэ­хийн тулд багшийн ажил­лагаа хүүхдээ дагаж явдаг. Тиймээс энэ сургалтаар хүмүүжсэн хүүхэд нийг­мийн хэв журмаа сахин хамгаалж, хүний ёсыг дээ­дэлсэн ажил амьд­ра­лын орон зайгаа эзэлж чаддаг иргэн болж төлөв­ших юм.