Х.ХУЛАН
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимидсүрэн нар өчигдөр болсон шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. Тэд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

Ч.Чимэдсүрэн:
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн хугацаанд О.Сайнгэрэл өмгөөлж байсан. Тэрээр ар гэрийн шалтгаанаас болоод энэ хэрэгт өмгөөлөл хийх боломжгүй болсноо мэдэгдсэн. Дөрвөн сартай нялх хүүхэд нь зүрхний өвчтэй учраас хагалгаа хийлгэхээр гадагшаа явах шаардлагатай болсон юм. Иймд өмгөөлөгчийг солих зайлшгүй шаардлага гарсан. Ингээд бид академич С.Нарангэрэлд хүсэлт тавьсан юм. Тэрээр Монголдоо байтугай дэлхийд танигдсан, манай улсын өмнөө барьдаг шилдэг хуульч. Улс төрийн утга агуулгатай олон хэргийг зөв зүйтэй шулуун шударга шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.
С.Нарангэрэл:
-МАХН-ын дарга Н.Энхбаяр бид хоёр уржигдар /энэ сарын 17-нд/ уулзсан. Тэрээр намайг өмгөөлөгчөөрөө ажиллуулах хүсэлтэй байгаагаагаа өмнө нь хэд, хэдэн удааа хэлж байсан юм. Би МУИС-д багшилдаг учраас хичээл ихтэй, төгсөлтийн шалгалтаас гадна энэ жилийн сонгуульд тодорхой хэмжээгээр оролцсон учраас зав, цаггүй байсан. Ингэж явсаар өчигдөр иргэн Н.Энхбаярын хүсэлтийг хүлээн авч, энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох боллоо.
Манай улс иргэний ба улстөрийн эрхийн олон улсын гэрээнд нэгдэж орсон. Энэ гэрээнд зааснаар, шүүхээр хэргээ шударгаар шүүлгэх эрх нь мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай өмгөөлөгчийг авч ажиллуулах явдал байдаг. Н.Энхбаяр энэ эрхээ эдэлж, надад хүсэлт тавьсан гэж ойлгож байна.
Олон улсын гэрээний дагуу шүүгдэгчийг өмгөөлөхөд, ялангуяа маш олон хавтастай, нэлээд хүнд хэцүү, улс төржсөн, нотлох баримтын хувьд ээдрээ маргаантай ийм хэрэгт өмгөөлөлд бэлтгэхийн тулд хангалттай, хүрэлцэхүйц цаг хугацаа нөхцлөөр хангуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу надад хугацаа гаргаж өгөөч, ийм боломж олгооч гэсэн хүсэлтийг шүүх хурал дээр албан ёсоор тавьсан. Шүүгч надаас асуусан. “Танд ямар хугацаа хэрэгтэй байна вэ” гэж. Би нэг сарын хугацаа өгөөч гэсэн ч шүүх хурал энэ сарын 31-нийг хүртэл хойшиллоо.
-Та 31-нийг хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжих уу?
-49 хавтаст хэргийг өдөрт /ажлын цагаар/ уншина. Хэрэв шүүхийнхэн надад боломж олговол би тэдгээр хавтаст хэрэгтэй харанхуй болтол танилцана. Өдөрт гурав орчим хавтаст хэргийг уншихад надад сарын хугацаа шаардлагатай гэсэн. Хавтаст хэрэгтэй танилцсанаар миний нэг дэх ажил дуусч байгаа юм. Хоёрдугаарт, нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгэд хууль эрх зүйн үнэлгээ дүгнэлт хийнэ. Дээр нь дагаж мөрдөж байгаа хуулиудаа судлах, хуулиа тайлбарлах ёстой. Ингээд шүүх хуралд бэлтгэж, ямар гэрчүүдийг заавал байлгах, ямар нотлох баримтуудыг дахин шинжлэн судлах, шинээр ямар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж тавих юм гэдэг дээрээ ажиллаж таарна.
Энэ хэргийн нэг онцлог нь яллуулж байгаа талаас яллах байгууллагуудад буюу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, прокурор шүүхэд өөрийнхөө хэргийг цагаатгаж байгаа, хэрэгсэхгүй болгож байгаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Гаргаж өгөх боломжийг АТГ олгоогүй. Эдгээр асуудлыг ч шүүх хурал дээр гаргаж тавина. Ингээд бодоход нэг сарын хугацаа хэрэгтэй байна, түүнээс илүү хугацаа хэлж бас нэг их давраад яах вэ гэж бодсон. Харин шүүх надад ажлын 13 өдөр өглөө. 13 өдөрт зургаа орчим хавтаст хэрэг уншъя, сая хэлсэн бүх ажлыг хийе. Тэгээд энэ хэргийг шударгаар шийдүүлье гэж байгаа.
Манай шүүх тогтолцоо бие даасан, хараат бус байна уу үгүй юу, хууль боловсронгуй байна, хууль сахиулах байгууллага хэр шударгаар ажиллаж байна уу гэдгийг тогтооход би тусалж өгье. Энэ бол дотоодын төдийгүй гадаадын анхаарлыг хандуулсан хэрэг. Монгол Улс жинхэнэ ардчилсан улс мөн эсэхийг энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээс дэлхий нийт харах юм. Энэ бол хувь Н.Энхбаяр гэдэг иргэнтэй холбоотой асуудал биш гэдгийг би шүүх хурал дээр бас учирлаж, тайлбарласан.
Иймд надад шүүхээс тогтоосон ажлын 13 хоногийн хугацаа хангалтгүй санагдаж байгаа. Гэхдээ энэ хугацаанд бие махбодь, ажиллах хүчний хэмжээнд бололцоотой бүхий л зүйлийг хийж, шүүх хурлыг 31-нд явуулах боломж нөхцлийг хангахын тулд ажиллана. Хэрэгт хүндрэлтэй асуудал бий. АТГ анхнаасаа маш олон хүнийг албадан саатуулж, Монголын нийгэмд айдас хүйдэс бий болгож байж тэрхүү 49 хавтаст хэргийг бүрдүүлсэн. Тиймээс энэ хэрэг дээр эрүү шүүлт, хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн байна уу гэдгийг тогтоож, асуудлыг шүүхэд гарган тавих ёстой. Үүнээс гадна шүүх хурал болохоос өмнө би шүүхэд нэг хүсэлт тавина. Хурлыг нээлттэй явуулъя гэж. Улс орон даяар шууд дамжуулах боломжийг хангахад өмгөөлөгчийнхөө хувьд ажиллана. Энэ нь өөрт тохиолдсон хэргийг шударгаар шийдвэрлүүлэх эрх хангагдах нь уу, үгүй юу гэдгийг харуулах ач холбогдолтой.
-Шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Яагаад шүүх хурал болгон дээр өмгөөлөгч солигдоод байна вэ. Үүнээс болоод хэргийг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар хүлээлт үүсгээд байна уу гэсэн хардлага төрж байна?
-Би мэдээллийнхээ эхэнд та бүхэнд хэлсэн. Та бидэнд бүгдэд нь хүний эрх гэж зүйл бий. Хэрэг улс төржсөн, ээдрээ төвөгтэй ийм тохиолдолд шүүгдэх гэж байгаа хүн мэргэжлийн ур чадвар өндөртэй, дадлага туршлагатай өмгөөлөгчийг сонгон авч хэргээ өмгөөлүүлэх эрхтэй. Тэгэхээр Н.Энхбаярын хувьд энэ эрхээ эдлэх гээд байгаа юм. Шүүх хурал тэртэй, тэргүй болдгоороо болно. Хэн ч шүүх хурлыг болохгүй болгож чадахгүй. Гол нь хэрэг явдлыг бодитой, бүх талаас нь бүрэн дүүрэн, шударгаар шийдэх ёстой. Энд улс төрийн ямар нэгэн хэлмэгдэл гаргаж болохгүй. Хэн нэгнийгээ хохироож болохгүй, хуулийн дагуу, бодитойгоор асуудлыг шийдэх ёстой. Улстөржсөн хэрэг ямар байдаг вэ гэхээр эхлээд зохиолоо биччихдэг. Түүнийхээ дагуу жүжгээ найруулаад эхэлдэг. Ийм зохиол байна уу, үгүй юу гэдгийг өмгөөлөгчийн хувьд олон нийтэд гаргаж тавина. Үүнд миний гол зорилго бий.
-Өмгөөлөгчөөс шалтгаалж шүүх хурлыг хойшлуулахгүй гэсэн мэдэгдэл, мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан. Өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдэх эрх энэ тохиолдолд шүүхэд байгаа юу?
-Манай улсын хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцид “Хэрэв шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлье гээгүй, мэргэжлийн өмгөөлөгчийн нарийн туслалцааг авъя гэсэн бол тухайн өмгөөлөгчтэй нь шүүх хууралд оролцуулах ёстой” гэсэн байдаг. Хэрэв өмгөөлөгчгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх юм бол нэгдүгээрт шүүх өөрийгөө шударга биш гэдгийг харуулж, хоёрдугаарт хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа юм. Энэ бол дотоодод төдийгүй гадаадад Монгол Улс ардчиллаас ухарчихсан байна гэдгийг харуулж байгаа үйлдэл. Харамсалтай нь, энэ асуудал манайд саяхан гарсан. Цагдаагийн хурандаа нарын хэргийн өмгөөлөгчгүйгээр шийдвэрлэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ингэж болохгүй.