М.ЦЭЦЭГ
Нам дотроо олон жил дарамттай, зовлонтой ажилладаг байснаа Д.Арвин гишүүн нуулгүй ярьжээ. УИХ-ын сонгуулийн дараа тэвчээр нь алдагдаж Ардчилсан намыг сонгосон гэдэг. Энэ нь хэр баргийн улстөрч, тэр дундаа эмэгтэй хүнээс гарахааргүй “зоригтой шийдвэр” байсан. Олон хүн энэ талаас нь Д.Арвин гишүүнийг үнэлсэн. Гэхдээ намаа солих шийдвэрт УИХ-ын дарга З.Энхболд нэлээд нөлөөлсөн тухай эрхэм гишүүн өөрөө ярьсан удаатай. Өөрөөр хэлбэл, Д.Арвиныг Ардчилсан нам руу хөтөлсөн хүн бол З.Энхболд гэж болно.
Ил ярьсан, болсон үйл явц ийм боловч түүний улс төрийн энэ алхмын цаад учир тайлагдаагүй байгаа юм. Тэрээр саяхнаас бас нэгэн хачирхалтай улс төрд орооцолдов. МАН-ын Мэдээлэл технологийн дарга Б.Цогтгэрэл өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намын гишүүд, тодруулбал, З.Энхболдын талын хүмүүсийн тухай нийтлэл бичсэнийхээ төлөө цагдаад баригдсан. Тэгтэл Б.Цогтгэрэлийг Д.Арвин гишүүн батлан даалтад авсан гэнэ.
Д.Арвиныг З.Энхболд намдаа авч, З.Энхболдын хүмүүсийг гүтгэсэн гэх Б.Цогтгэрэлийг Д.Арвин батлан дааж авсан нь ямар улс төр гээч вэ. Д.Арвины хийж буй улс төрийн учиг зангилааг хэн тайлах бол.