Ч.ҮЛ-ОЛДОХ

УИХ-ын гишүүн асан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Очирбаттай ярилцлаа.
-Монголын ардчилал зэрлэг хэлбэрт шилжлээ. Хувийн өмчид халдаж, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэсэн яриа сүүлийн үед газар авлаа. Зүүний үзэл, нийгмийн халамжийн чиглэлээр ихээхэн ярьж байр сууриа илэрхийлдэг байсны хувьд та юу гэж үзэж байна?
-Юу юуны туханд хүрэлгүй зэрлэг гэж дүгнэх хаашаа юм. Гэхдээ энэ талаар ярихад хоёр талын ойлголт, байр суурийг харах нь зүйтэй болов уу. Тухайлбал, МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай. Засгийн эрхийг барьж байгаа АН-ын хувьд барууны чиглэлийн үзэл баримтлалтай. Барууны үзэл баримтлал нь хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалдаг.Түүнд нийгэм нь үйлчилж, тэгснээрээ цалинтай, тэтгэвэртэй явах ёстой. Нийгэм, улс орны амьдралыг цөөн хэдэн хүн, баячууд тодорхойлж байдаг. МАН, зүүн төвийн үзэлтэй намын хувьд нийгмээрээ ядууралгүй байх зарчмыг баримталдаг. Ийм учраас өнгөрсөн жилүүдэд МАН засгийн эрхийг барьж ирсэн нь олон байсан. Манай намын бодлого, үйл ажиллагааг ч иргэд түлхүү дэмжиж ирсэн. Барууны чиглэлийн үзлийн тухайд яалт ч үгүй баримталж буй бодлого нь олон нийтийг бус цөөн хэдэн хүн, баячуудыг дөвийлгөх учраас тэднийг гаргаж ирэх, тэдэнд үйлчлэхэд чиглэдэг. АН засгийн эрхийг барьснаар тэр л зарчмаараа ажиллаж байна. Цөөн хүний баяжих, лидер болох нөхцлийг бүрдүүлж байгаагаас нийгэм, олон нийт рүү хандсан дорвитой зүйл хийсэнгүй. Нам дотроо ч гэсэн бүлэглэл, фракциудынхаа хооронд албан тушаал хувааж байдаг, тэр нь намынх нь нийт гишүүдэд хүртдэггүй. Бялуу хүртэгчид нь л сайн, сайхан яваад байдаг. Нам нь тэдэнд үйлчлэхийн төлөө зүтгэж, тэд эргээд намынхаа удирдлага, бүтцийг барьчихдаг. Тэгсэн атлаа “Нэг ардчилал”-ынхан илүү авчихлаа, “Шонхор” фракцийнхан бялууны амттай хэсгийг хуваачихлаа, тэр “Алтан гадас”-ынхан нь том зүсэм хүртээд гэж талцаж маргадаг. Нам нь дотроо байгаа томоохон бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн төлөө шийдвэрүүд гаргадаг. АН энэ зарчмаар ажиллаж, түүнийгээ нийгэм рүү шахаж байгаа учраас дарангуйллал, захиргаадалт хэрээс хэтэрч байгаа юм. МАН засаг барьж байхдаа “Чи буруу талдаа жолоотой машин унаж болохгүй”, “Чи өөр намынх учраас ажлаасаа халагд”, “Ажилтай үлдье гэвэл АН-ын батлахаа сэргээж манайд ор” гэж шахаж, дарамталж байгаагүй. Гэтэл сүүлийн үед нэг өдөрт 230 хүнийг ажлаас нь хоморголон халж, Их хурлын гишүүнээс уурын зуухны галч хүртэл намын харъяаллаар халаа, сэлгээ хийдэг дарангуйллыг тогтоочихоод байна.
-АН ч гэсэн халамжийн чиглэлээр бодлого гаргаж, хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тухайлбал, иргэдэд нүүрс хямд өртгөөр хүргэж байгаа?
-Бид хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан амьдрал, хүн болгоныг ажилтай орлоготой болгох, нийгмийн халамжийн чиглэлд ажиллаж ирсэн. Харин АН хавтгайруулсан халамж олголоо гэж манай намын бодлогыг шүүмжилж ирснийг хүмүүс мэднэ. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа шинэ нүүрс, түүнийг иргэдэд хямд өртгөөр хүргэх ажил хэт хавтгайрсан бодлого. Багануурын уурхайгаас гаргаж байгаа нүүрс үнийн хувьд хямд, гэхдээ Тавантолгойгоос гаргаж байгаа нүүрснээс хэд дахин радиацын нөлөөтэй.
Түүнийгээ гэр хорооллын иргэдэд битүү тараасан. Энэ өвөл утаа, тортог өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдчихлээ. Бид утааг хязгаарлая, цахилгаан халаагуурыг нэмэгдүүлж, зуухыг нь сайжруулъя гэж ярьдаг. Хямд нүүр олгож байгаа нь гэр хорооллын иргэдийн нэг өвлийн хэрэгцээг хангаж, амьдралд нь нэмэр болж байгаа мэт боловч нийслэлийн иргэдийг тэр чигээр нь эрүүл мэндээр нь хохироож, уушги, амьсгалын замын эд эрхтэнийг нь гэмтээж байна. Монгол хүүхэд эхээс дөнгөж мэндлээд эрүүл өсч бойжих ёстой атал нүүрсний радиацийн хэмжээ хэрээс хэтэрч гамшиг болсон утаагаар амьсгалж байна. Хэдэн жилийн дараа монголд эрүүл уушгитай хүн үлдэхгүй. АН орон нутгийн сонгуулиас өмнө шийдвэр гаргаж, хямд өртөгтэй ч радиац ихтэй нүүрс тарааснаа зөв юм шиг яриад, тэр талаар шүүмжлэл хэлсэн эрдэмтэн, судлаачдыг хяхаж хавчиж, мэдээ мэдээллийг нуун дарагдуулж байгаа.
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан жишээ цөөнгүй байна. Тухайлбал, Засгийн газраас ураны тухай мэдээ, мэдээллийг хаалттай болгох үүрэг өгсөн. Үүнээс үүдээд Монголд сонгодог ардчилал байна уу гэж олон хүн асууж байна?
-Ураны асуудалд салбарын сайдаар ажиллаж байсан Д.Зоригтыг хамаатай юм шиг яриад байсан. Гэтэл тэр ажлыг АН-ынхан хийж байсан нь өнөөдөр ил боллоо шүү дээ. Сонгодог ардчиллыг бий болгож байна, шинэчлэл хийнэ гэж их ярилаа. Хотын захирагч олон ажил хийлээ гэх юм. Тэр хүн шууд дарангуйлал хийж, захиргаадаж байна шүү дээ. Хаа байна, тэр ардчиллын зарчим. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэх тухай ардчиллын суурь зарчмууд хаачив. Хэрээс хэтрээд, хэлэх хүн олдохоо болиод АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж дуугарсан шүү дээ. Өмнөөс нь ичиж, нүүр нь улайхдаа “Арай ч дэндэж байна, болиоч” гэсэн биз. Сүүлийн үед Засгийн газар иргэддээ 07 га газрыг нь эзэмшүүлнэ, өгнө гэсэн. Мөн 40 газрыг хураалаа гэж байна. Тэр нь амьдарч ядаж яваа, ганц нэг барилга барьж байгаа, дээрээс нь хөрөнгө мөнгө олдохгүй, банкны зээлд барьцаалагдсан, тэгэхдээ Э.Бат-Үүлийн хүү шиг тансаг хаус бариагүй нийтийн орон сууц босгох гэж зүдэж яваа хэдэн хүний газрыг түүж хүчингүй болгосон захирамж гаргачихаж байна. Гэтэл өөрийнх нь эзэмшлийн газруудад барилга байшин бариад нэг сая ам.доллараар зарж байгааг хотын захиргаанд өмнө нь ажиллаж байсан хүмүүс хэлж байна шүү дээ. Тэр бүү хэл ийм шахалт үзүүлж, тийм газруудыг авч байсан гээд ярьж байна. Сүүлийн үед хотын удирдлагууд байнга буулгая, нураая, хүчингүй болгоё гэх боллоо. Энэ ардчилал биш.
-Нийслэлийн асуудлыг хэрхэн шийдэх талаас хүмүүс олон санал хэлдэг. Хүн, машин, байшингийн шахцалдааныг зохицуулах ямар гарц байна?
-Уг нь Э.Бат-Үүл дутуу баригдсан барилгуудын асуудлыг нягталж, нэг талаас бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлогыг дэмжиж, нөгөө талаас иргэдийг орон сууцжуулах бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж аль аль талаас дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Тэгэхгүйгээр нэг талын эрх ашгийг харж, шууд буулга, нураа гэж болохгүй. 12 давхар барилгаа нураалгасан хүн түүнийг барихад хэдэн жилийн хөдөлмөрөө зориулж, банк, санхүүгийн зээл авсан байгаа. Одоо тэр хүн амиа хорлож үхэх үү, яах вэ. Нэг хүн машин авчихдаг. Түүнийг хуруу хумсаа хуйхлах шахам авсан байгаа шүү дээ. Гэтэл хүссэн зоргоор унаж болохгүй, нэг өдөр дугаараар нь хязгаарлачихдаг. Түүний оронд замаа өргөтгөж, давхар зам тавиад иргэдээ эрх чөлөөтэй байх боломжийг дэмжих ёстой. Буруу талдаа жолоотой хуучин машиныг орлого багатай иргэд авч унаж байгаа. Гэтэл шууд хориглочихож болохгүй шүү дээ. Дүрэм, журмыг нь гаргаад, зохих сэрэмжлүүлэгийг өгч, замын тэмлэглэгээг хийж хөдөлгөөнд оролцуулах ёстой. Э.Бат-үүл хэзээ ч буруу талдаа жолоотой машин унаж байгаагүй. Хотын дарга нарын баян тансаг амьдралтай хүүхдүүд, гэр бүлийнхэн ч тийм машин унаагүй. Түүнийг хэн унаж байна гэвэл, жижиг дунд бизнес эрхэлж байгаа, ТҮЦ ажиллуулдаг хүмүүс, төрөөс мөнгө нэхэлгүй халтуур хийж хоногийн хоол залгуулдаг иргэд хөл залгуулж байгаа шүү дээ.
-Та 2008-2012 оны УИХ-ын эмч мэргэжилтэй гишүүдийн нэг. Эрүүл мэндийн шинэчлэлийн тухайд багагүй асуудал шийдүүлсэн. Сүүлийн үед Ерөнхий сайд нь Эрүүл мэндийн сайдын дүрд хувирч эмнэлэг хэсээд л, эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтад АН-ынхны ашиг сонирхол хэрээс хэтэрч байгааг олон нийт шүүмжлэх боллоо?
-Эрүүл мэндийн хуулийг би өнгөрсөн жил Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн байхдаа батлуулсан. Түүнд Монгол Улсын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо 20 гаруй жилийн түүхэнд хоцрогдсон байна. Анхаарах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Түүнээс эрүүл мэндийн салбар руугаа дайраад байх нь гол бус. Өнөөдөр уушгины өвчин, утаа, стресс бухимдал, хөрсний бохирдлоос үүдэлтэй сүрьеэ, халдварт шар хэрээс хэтэрсэн. Дээрээс нь эрүүл мэндийн салбарт шинээр баталж өгсөн бүтэц, хуулийн хэрэгжилтийг хангах, иргэддээ санаа тавих гээд маш олон асуудал байхад түүн рүүгээ орж чадахгүй улстөржүүлж болохгүй. Ерөнхий сайд эрүүл мэндийн яам, эмнэлэг дээр очоод л. Түүний оронд өрхийн эмнэлэгт нөхцөл байдал ямар байгааг судлах хэрэгтэй. Иргэн хүн тэнд үйлчилгээ авч чадаж байна уу, үгүй юу. Бүх эмнэлэгт утааны эсрэг хүчилтөрөгчийн бэлдмэл тараах учиртай. Бага ч гэсэн том асуудал шүү дээ, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад.
-Гэхдээ эмнэлгийнхэн авлигад идэгдсэн, эмч нар УИХ-ын гишүүн, сайд нараас том машин уначихаад иргэддээ тоомжиргүй ханддаг нь анзаарагддаг. Буруу эмчилж хүн хохироочихоод хамтраад нуучихсан тохиолдол ч гарсан. Тэнд ёс зүйн ялзрал дээд цэгтээ хүрсэнтэй та санал нийлэх үү?
-Эрүүл мэндийн салбарыг олон жилийн турш мэргэжлийн бус хүн удирдаж ирсэн. Сонгуулийн хугацаанд юм уу, эсвэл жилдээ 1-2 удаа солигддог. Түүнээс үүдсэн алдаа завхрал бий. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэг шүү дээ. Тийм зүйлүүд ч өнгөрсөн хугацаанд зөндөө гарсан. Гэхдээ бүх эмч нарыг хахууль авдаг, авлигач гэж хэлж болохгүй. Тодорхой хүмүүсийг нэртэй устай нь ярих хэрэгтэй. Ганц нэг алдаа баримтаас эрүүл мэндийн салбарын нэр хүнд бүхэлдээ унах вий. Амь нас нь хутганы ирэн дээр очсон хүнд үед эмч нартаа очиж бүхий л учраа хэлдэг байж тэднийгээ авлигач гээд тоохоо больсноор, иргэн эмч хоёрын харилцаанд цөв суучих вий. Эрүүл мэндийн салбарын болчимгүй ганц нэг ажилтны үйлдлээс болж тангараг өргөсөн бусад нөхдийнх нь ариун сайхан алдар унах вий гэж олон талаас бодож эргэцүүлэх учиртай.
-МАН-д өрнөж буй шинэчлэлийн төлөөх шүүмжлэлийн тухай асууя. Танай нам их хурлаа хэзээ хийх вэ. Яагаад дарга нар нь хуралдаад, жирийн гишүүдээ тоохгүй болчихсон юм бэ?
-Сонгуулиас хойш сонгуулийн үр дүнд дүгнэлт хийгээч, намын удирдлагууд дуу хоолойгоо хүчтэй гаргаач гэх мэт олон өнцгөөс асуудалд хандаж, санаа тавьж байгаа гишүүд бий. Түүний дундуур “Чоно борооноор” гэгчээр зарим хүнийг шүүмжлээд авъя, заримыг нь ялагдсан үед нь муу хэлж, нэр хүндийг нь доошлуулъя гэсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Муу хэлэгдэж, нэр гараад байгаа хүмүүс бүгд залуу халуун насандаа МАН-ыг манлайлж, удирдаж ирсэн. Гэнэт нам ялагдангуут тэдэн шиг муухай хүн байхгүй, тэднээс салчихвал нам цэвэрхэн болж, иргэд итгэх юм шиг гэнэн сэтгэж болохгүй.
Гэхдээ хариуцлага бий юу гэвэл бий. Намын төлөө олон жил явсан хүмүүс зарим үед хойш сууж залуу үедээ зай тавьж өгч зөвлөх хийгээд байж болох юм. Сүүлийн үед надад ийм бодол төрсөн. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын аливаа ажилд оролцож байгаа. Ойрын үед хөдөө орон нутагт ажилласан. Сонгуулиас хойш намд задгайрал, ялагдал үүсч, орон нутагт намын харъяалалтай хүмүүсийг хяхаж хавчих явдал газар авч байна. Иймд орон нутгийн намын байгууллагынхныг хуралдуулж, эвтэй хүчтэй байх талаас намын удирдлагууд олон ажил хэрэгжүүлж байна. Энэ асуудлаар Архангай, Эрднэтэд ажиллаад ирлээ. Нийслэлд мөн байдал амаргүй байна. Ялж гарч ирсэн ганц гишүүнийг маань АН урвуулаад авчихсан. Өнөөдөр бид нийслэлдээ МАН-ын ганц төлөөлөлгүй сууж байгаа нь харамсалтай. Нийслэлчүүд цаашид сонголт хийхдээ төлөөллийн тухайд бодолцох хэрэгтэй нь эндээс харагдаж байгаа юм. Нийслэлд АН-ынхны захиргаадалт, дарангуйлал хэтэрсэн нь ч үүнтэй холбоотой. Яагаад гэвэл бид нийслэлд төлөөлөлгүй болсон шүү дээ, Д.Арвингаа алдчихсан.