Б.ГАРЬД

Ардчилсан хувьс­га­лаас хойшхи он жилүүдэд болсон бүхий л сонгуульд Хан Хэнтийгээс одоогийн МАН-ын гишүүд сонгог­дож төр түшилцсээр ирэв. Харин 2012 оны сонгуу­лиар УИХ-д АН-ын ги­шүүн анх удаа сонгогдож аймгийг төлөөлөхөөр болсон.

Мөн Орон нутгийн сон­гуульд 2004-2008 онд Эх орон-Ардчилал эвсэл илүү суудал авч аймгаа дөрвөн жил засагласныг эс тооцвол дээрх он жи­лүү­дэд Хэнтий аймаг үндсэн­дээ “улаан” сонголт хийсээр иржээ.

Харин өнгөрсөн ар­ван­нэгдүгээр сард болсон Орон нутгийн ээлжит сонгуулиар Хэнтийд АН үнэмлэхүй ялалт бай­гуулж, авсан суудлынхаа тоогоор улсад бараг рекорд тогтоов. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ыг бараг дангаараа бүрдүүлж, өдгөө бүхий л эрх мэдлийг на­мын­хаа мэдэлд төвлө­рүүлэн шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр, бодлогыг Хэнтий нутагт хэргжүүлж эхлээд буй.

Хэнтийн ард түмний энэ удаагийн сонголт то­хиолдол байсангүй. Болох ёстой зүйл...  гэдэг шиг УИХ-ын сонгуулиас хойш­­хи үйл явдал үнд­сэндээ нэгэн менежерийн төлөвлөгөөгөөр явагдсан тухай учир мэдэх хүмүүс хэлж байна.

Тодруулж хэлбэл, УИХ-ын сонгуулийн үеэр Хэнтий аймаг дахь АН-ын менежерээр одоогийн айм­гийн Засаг дарга Жаг­дагийн Оюунбаатар ажил­лажээ. Өмнө нь 2004 онд Эх орон - Ардчилал эвс­лээс Хэнтий аймгийн 49 дүгээр тойрогт нэр дэв­шин, одоо нам нэгтэй бо­лоод байгаа Д.Арвинтай өрсөлдөж байлаа. Энэ сон­­гуулиар ялагдал хү­лээсэн. Гэвч нэлээд гом­долтой ялагдаж байсан тухай Хэнтийнхэн одоо ч ярьдаг юм.

Тэрээр өнгөрсөн жи­лийн сонгуулиар одоогийн УИХ-ын гишүүн Б.Гарам­гайбаатарыг ялалтад хүргэс­нийхээ дараа Орон нутгийн сонгуульд ханцуй шамлан орсон. Хэнтий дэх намынхаа сонгуулийн шта­быг бас л өөрөө удирдаж оров. Сонгуулийн дүн ч олны таамаглаж байснаар болж, яригдаж байснаараа Ж.Оюун­баа­тар аймгийн Засаг даргаар сонгогдож, Ерөнхий сайд ч удаалгүй батламжилс­наар бүрэн эрх нь хэ­рэгжиж эхлэв.

Чухамдаа нутгаасаа ч, намаасаа ч, засгаас ч эл­дэв саад тээг авалгүйгээр ажлаа эхлүүлсэн хуруу дарам цөөн аймгийн Засаг дар­гын нэг нь Ж.Оюун­баатар. Тэр утгаараа энэ удаад УИХ-д нэр дэвшсэн ч га­раад ирэх нөхцөл нь бүр­дээд байлаа.

Түүний намтрыг со­нирх­вол, 1962 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн.

Ургийн овог нь Туг­чин. Энэ овог нь одоогийн Хэнтий аймгийн Батноров сумынхныг харьяалдаг бөгөөд Чингисийн тугчид энэ нутагт үлдэж суурьш­сан гэдэг. Ж.Оюунбаа­тарын ээж Батноровынх.  Тэрээр  1980 онд Өндөр­хаан хотын 10 жилийн  Нэгдүгээр сургууль,   1985 онд ОХУ-ын Иркутск хо­тын Улсын их сургуулийг агрохимич- хөрс судлагч мэргэжлээр,   1992 онд ОХУ-ын Москва хотын Залуучуудын дээд сургуу­лийн Залуу удирдагчийн курс, 1999 онд Герман улсын Гамбург хотын Олон улсын маркетинг менежментийн акаде­мийг зах зээл судлаач мэргэжлээр тус тус дүүргэ­жээ.

Ж.Оюунбаатар   ОХУ-д сургууль төгсч ирүү­тээ 1985-1986 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилт­наар ажиллах болжээ. Ха­рин 1986 онд Хэнтий аймаг­таа очин 1990 он хүртэл  Хурхын САА-д агрохимич, агрономич, улмаар 1990-1991 онд аймгийн ХЗЭ-ийн хо­рооны дарга,  1991-1995 онд Хэнтий аймгийн Залуучуудын холбооны даргаар ажилласан аж.  

Тэрээр 1995 Улаан­баатарт шилжин ирж 1997 оныг хүртэл Монголын Залуучуудын холбооны нарийн бичгийн даргаар ажиллав. Дараа нь 2000-2006 онд “Цагаан шонхор холдинг” ХХК-ийн гүй­цэт­гэх захирлаар то­ми­логдон ажилласан байдаг. Тэрээр багын анд Ч.Энх­тайваныгаа хүнд хэцүү үед “Цагаан шонхор” ком­панийг нь удирдаж, биз­не­сийг нь үргэлжлүүлж байв.  2006 оноос Ч.Энх­тайванд компанийг нь хүлээлгэн өгч өөрөө  “ЖО Интернэшнл”  ХХК бай­гуулан,  ерөнхий захир­лаар нь өнгөрсөн жилийг хүртэл ажиллажээ.

Ж.Оюунбаатар өдгөө Хэнтий аймгийн Засаг даргын албан тушаалаас гадна  Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хо­рооны гишүүн, Хэнтий аймгийн Ардчилсан на­мын дэд дарга, Монго­лын морин спорт-аяллын хол­бооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

Эндээс үзэхүл, Ж.Оюун­баатар нэр цэвэр, нутгийн унаган хүүхэд. Бас ажлыг яаж хийдэг, ямар удирдагч болохоо аль соц нийгмийн үеэс Хэн­тийн­хэнд харуулчихсан. Энэ нь түүний давуу тал. Бас Ч.Энхтайваныг  хүнд хэцүү үед нөхөрлөж, нө­мөрлөж явсныг нутгийн­хан нь жудагтай эр хэмээн дүгнэдэг.

Буриад  цусны аран­шин нэлдээ “халдварла­чихсан” Хэнтийн зон олонд үнэлэгдэнэ гэдэг амар эд биш. Тэд нэг эв­гүйцвэл хэнбугайг ч хэн ч биш хэмээн үзэж чадна. Харин Ж.Оюунбаатар олон жил нэг үнэлгээ­тэйгээ явсаар өнгөрсөн жилийн сонгуульд үр дүн­гээ үзсэн гэхэд болно. Нэг үгээр хэлбэл, тэр Хэнтийд намынхаа туг болж явсаар хоёр сонгуульд ялалт үз­сэн. Нутгийнхан нь түүнд итгэсэн. Тэр утгаараа тэд ирэх гурван жилд АН биш Ж.Оюунбаатарын  яаж ажиллах нь вэ гэдгийг анхааралтай ажиглана гэ­сэн үг.

Энэ утгаараа Ж.Оюун­­­баа­тар нэлээд хүнд ачааг үүрсэн. Үүний­гээ ч мэдэрсэн  үү, аливаа шийдвэртээ тун нухацтай хандах болсон байна. Өдийг болтол дээгүүр болж байгаа шиг халаа сэлгээг шуурхайлалгүй сууж буй аж. Намынхан нь түүнийг удаан байна, МАН угшил­тай нөхдийг халахгүй байна хэмээн шүүмжилж эхэлсэн тухай ч дуулдаж байна.

Харин Ж.Оюунбаатар халаа сэлгээнээс урьтаж, аймгийн ирээдүй, жишиг аймаг, сум хөтөлбөр, шинэчлэлт өөрчлөлтийн тухай ярьж, хийж эхэлсэн байна.

Аймгийг бужигнуу­лал­­­гүй, аажуу уужуу эхэлж буй шинэчлэлийг нь нутгийнхан тун ч таатай хүлээн авч, “Ёстой оносон сонголт хийлээ, энэ Оюун­баатар чинь зөвхөн АН-ын биш  жинхэнэ ардчиллыг нутагтаа хэрэгжүүлж мэ­дэх нь” гэцгээж байгаа гэнэ.