Б.ЭНХЗАЯА

ИРГЭДДЭЭ ЧИГЛЭСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн сумдын шинэ Засаг дарга нар өнгөрсөн долоо хоногт чуулав. Ажлаа хүлээж аваад сар гаруй болж буй тэднийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ирэх дөрвөн жилд хамтран ажил­лах үр дүнгийн гэ­рээнд гарын үсэг зурах, өвөлжилтийн нөхцөл байд­лыг танилцуулахаар дууд­жээ. Өвөрхангай аймгийн ИТХ-аас энэ оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн орол­цоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан байна. Иймээс аймгийн иргэ­дийн хурлын болон ТББ-ын төлөөллийн хамтарсан есөн хүний бүрэл­дэхүүнтэй баг гарч, үйл ажиллагааны төлөв­лөгөө боловсруулснаа Засаг дарга нарт та­нил­цуу­лав. Тэд ирэх дөрвөн жилд иргэддээ чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж чаджээ. Ту­хайлбал, удирдлага зохион байгуулалт, бодлого зохи­цуулалтын хүрээнд сум, байгууллага бүр ажлын төлөвөлгөө гарган бүтээл­чээр хэрэгжүүлэхээр тус­гажээ. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга нар ажлын хэсгийг байгуулах юм. Бүрэлдэхүүндээ иргэ­дийн хурлын төлөөлөл бо­лон ТББ, иргэдийн тө­лөөллийг оруулж ажил­лана гэв. Харин үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд нээлттэй болгож ажиллахыг аймгийн Засаг дар­гаар удирдуулсан аж­лын хэсгийнхэн онцлов. Тэд төрийн үйлчилгээнд эрс ши­нэчлэлт хийж, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн байгууллагыг олон ний­тээр үнэлүүлэхээр төлөв­лөжээ. Мөн төрийн үйл­чилгээнд иргэдийн орол­цоог нэмэх хэд хэдэн зо­рилт дэвшүүлсэн байна. Энэ жил аймагтаа шуур­хай удирдлагын төв байгуу­лахаар болжээ. Харин дараа жилээс сумд нь шуурхай удирдлагын төв­тэй болох нь. Аймгийн мэдээллийн цахим хуу­дастай ч өнгөрсөн жилүү­дэд сумдын үйл ажилла­гааны талаарх мэдээлэл хомс байсанд удирд­ла­гуудад сануулга өгөв. Бул­ган, Хэнтий аймгаас үлгэр жишээ авч, сум бүр нэгд­сэн цахим хуудас ажил­луулах болсноо аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлт­сийн дарга Н.Энхцэцэг дуул­гав. Тэрээр төрийн зарим чиг үүргийг ТББ, мэр­гэжлийн холбоодоор гүй­цэтгүүлж, иргэний нийг­мийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар дурдсан юм.

Төрийн байгуул­лагын­хан үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд тавихдаа зарим зүйлийг анхаарах ёстойг Өвөрхангайн удирд­лагууд онцолж бай­на. Тэд байгууллагынхаа дотоод ажлыг ярьж, төч­нөөн хүнийг хамрууллаа, вакцинжууллаа гэх ойл­гол­тоос салж, төр иргэн хоорондын харилцаа, тэдэнд чиглэсэн шийдвэр, хандлага ёсзүй талаас хэрхэн анхаарч ажиллаж байгааг дуулгах нь үр дүнтэй гэж үзжээ. Мөн   төрийн ажлын үнэлэх үнэ­лэмж хангалтгүй байгаа учир иргэд болон иргэний нийгмийн байгууллага, хэрэглэгчийн зөвлөлөөр үнэлүүлэх зэрэг үйл ажил­лагааны төлөвлөгөөг су­мын Засаг дарга нарт та­нилцуулсан юм. Энэ та­лаар аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Төрийн үйлчилгээний шинэчлэл гэх эцсийн зорилго нь ердөө ажлын арга барилыг шинэчлэх явдал юм. Ин­гэж хийдэг юм гэж ойлгож болохгүй, аль болохоор иргэнд хүрсэн шинэ арга барилыг хэрэгжүүлэхэд анхаа­раа­рай. Шинэ Засаг дарга нар шинэ санаа­чилга гаргах ёстой” хэмээв. 

                 

2500 МАЛ ХОРОГДЖЭЭ

Өвөрхангай аймагт 2500 мал хорогд­соны 84 хувь нь бог мал ажээ. Аймгийн найман суманд өвөлжилт хүн­дэр­сэн учир Засгийн газар болон аймгийн ЗДТГ-аас илүүтэй анхаарч ажиллаж байгаа юм. Сумын Засаг дарга нарт өвөлжилтийн талаар аймгийн Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга С.Цэдэнбал­жир цаг үеийн мэдээллийг өгсөн юм. Тус аймгийн Зүүнбаян-Улаан, Хужирт, Бат-Өлзий, Хар­хорин су­манд өнгөрсөн хугацаанд МҮОНРТВ-ийн ажлын хэсгийнхэн өвөл­жилтийн нөхцөл байдлыг үнэлэх ажлыг зохиожээ. Мөн Ша­дар сайд Д.Тэр­биш­даг­ваар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажил­лаж, хэд хэдэн сумын түргэн тус­ламжийн маши­ныг ший­дэж өгсөн байна. Тодруулбал, Уянга сумын Жаргалант баг, Бүрд, Баян-Өндөр сум түргэн тусламжийн шинэ унаа­тай болжээ. Хархорин сумын улсын нөөцийн салбараас 200 тонн өвс, Сант сумын нөөцөөс 168 тонн өвсийг өвөлжилт хүн­дэрсэн сумын малчдад үнэгүй тараасан байна. Зас­гийн газрын нөөц хө­рөнгөөс зам даваа гаргах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, түлээ түлш хүргэх, эмийн багцаар үйлчлэх, мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр тодорхой асуудлыг шийд­вэрлэж байгааг дуулгав. Харин аймгийн ХАА-н газраас Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Хужирт, Хархорин, Есөн­зүйл сумын 200 гаруй малчин өрхөд түлээ нүүрс­ний  дэмжлэг үзүүлж, нэг айлд гурван шуудай нүүрс, хоёр шуудай мод, эмийн багцаар үйлчилжээ. Нийс­лэлд суугаа нутаг нэгтнүүд болон залуу­чуудын бай­гууллагууд тусалж буйг ч онцлов. Хурлын үеэр айм­гийн удирдлагууд өвөл­жилт хүндэрсэн сумдад 3.9-10.9 сая төгрөг шил­жүүлж байгаагаа дуулгав. Уг хөрөнгийг зам даваа гаргаж, нээх, өвс тэжээл тээвэрлэх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд ашиглах гэнэ. Мөн түлээ нүүрс худалдан авах, хүргэхэд ашиглах ёстой гэв.