Д.МЯГМАР
Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Цэвээнравдан АН-ын угшилтай. Сонгуулийн жил Ховдод “Алтангадас” фракцийнхан газардсан нь энэ. Түүнийг олон түмэн их хэмжээний мөнгөтэй, зарим нь мөнгөгүй хэмээн янз бүрээр хэлж байхыг дуулав. Зарим хэвлэлд бичснээр 60 сая төгрөг тарааж Засаг дарга болох зам, мөрөө хялбаршуулсан юм байх. Үүнийг нотлох мэт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг Засаг ноён болгох учиртай гэж бүгд гараа өргөцгөөжээ. Баруун түмний нутагт хэр баргийн аавын хүү улс төрд гэнэт цойлж 100 хувийн дэмжлэг авах нь юу л бол. Нам сольж нэрээ хөөдсөнөөс биш АН-ынхныг орон нутгийн сонгуульд ялалтын туг намируулах ажлын голыг Ш.Адьшаа нугалсан нь үнэн. Тийм байтал тэр Ховдын АН-ын дарга болоод удалгүй аймгийн Засаг дарга болж Н.Алтанхуяг сайдын ивээлд багтан луу жилд бөөн, бөөн “бонус”-тай болов. Мэдээж АН-ынхан ханцуй дотроо тохирсон, өөр зуурын наймаа байгаад Ш.Адьшаагийн хүртэх ёстой бялууны хувийг түүнд тавагласан бололтой.
Д.Цэвээнравдан бусдын хүүгийн жишгээр сургууль, соёлын мөр хөөж явсаар 1987 онд Барилгын цэргийн 083 дугаар ангид алба хааж ирээд Чандмань сумын “Шинэ зам” нэгдэлд шавар зуурч, тоосго цохиж, нөхдөө удирдаж эхлэв. Сумын МХЗЭ-ийн хорооны дарга, Залуучуудын холбооны дарга зэргээр залуудаа л даргын ажлаа эхлүүлжээ. Үүний дараа ч түүний хашсан ажил мөн л дарга. Тухайн үедээ нөхдийнхөө дунд арай дөнгүүр нь байж л дээ. Тиймээс л Талын булаг, Урд гол багийн Засаг дарга, сумын Засаг даргын орлогч, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч зэргээр албан тушаалын шат ахисаар 2005 онтой золгов. Түүний хийсэн ажил, бүтээн байгуулсан зүйл нэг иймэрхүү.
Шинэ Засаг дарга өмнө нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн Баруун бүсийн салбарын захирлаар ажиллаж байсныг санаж байна. Цаасан дээрх төслийг саруул цонхтой өрөөнд сууж хэрэгжүүлэх нэг хэрэг. Харин цаасан бүтээлээ амьдралд “ургуулах”-д амаргүй байх. Дэд бүтэц тааруу төвөөс алслагдсан баруун аймгийн байгалийг хамгаалах, тулгамдсан асуудал олон бий. Тэр дундаас олон нийтэд мэдэгдэхүйц, тийм гэж нэрлэчих онцгой, гойд ажил хийснийг үнэндээ мэдэхгүй юм.
Баруун түмний Засаг ноён ажлаа аваад удалгүй аймгийн Засаг даргын Тамгын газар, Аудит зэрэг чухал газрын дарга нарыг сольж, сэлгэж Ховд аймгийг “цэнхэртүүлэх” ажлаа эхэлсэн байна. Мэдээж АН-ын дээрээс өгсөн чиглэлийн дагуу “өөрийн хүсэлтээр ажлаа өг” гэсэн шахаасыг алба, хэлтсийн дарга бүрт үзүүлэхээ мартаагүй. Эрх зүйч мэргэжилтэй тул МАН-ын угшилтай дарга нарыг нэг тушаалаар бөөндөж халж, сольж болохгүй гэдгийг эрх биш бусдаар хэлүүлэлтгүй мэддэг биз. Түүнийг бас араа боддог зантай гэлцэнэ. Аудитын газрын даргыг сольж, дэд дарга болгон нүглийн нүдийг гурилдсан зэрэг янз бүрийн тохироо хийж буйг олны нүд алдалгүй харж байна.
Ерөнхийлөгчийн нутгаас гаралтай Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоотой саяхан нийлж АН-ын хурлыг аймагтаа нүсэр хийсэн гэсэн. Тэр дундаа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэн ажиллахаа нухацтай ярилцсан юм байх.
Өмнөх Засаг дарга Г.Нямдаваа “Оюунлаг Ховд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснийг нэхэн санаж “Ховдын айл, албан газар бүр улиралд нэг шинэ санаачилга өрнүүлэхтүн” хэмээн анхны захирамжаа гаргасан байна лээ. Төрийн удирдлагын менежер хүн яаж ажилладгийг ийн түүний гишгэсэн мөрөөс бид харах боломжтой боллоо. Ховдод МАН-ын угшилтай дарга нар бүгд гудамжинд “лааз өшиглөж”, Д.Цэвээнравдан нөхдийн хамт ноён хөзөр дэлгэх цаг айсуй.