М.ГАНЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Шинэ гишүүд тангарагаа өрчихөөд л наадмын амралт залгасан. Та хаана, яаж наадамлав?
-Архангай аймгийн Чулуут суманд аав, ээжийнд хүүхдүүд маань амардаг. Тэнд очиж хөдөө малд явж, тугалын хашаа цэвэрлэж амраад ирлээ. Жил бүр ингэж амардаг юм.
-Энэ жилийн амралт өөр байгаагүй гэж үү. Гишүүн болоод очсон, таныг гэсэн хүмүүсийн хандлага өөрчлөгдөж үү?
-Ялгаа алга, би ч хэвээрээ. Харин хүмүүсийн өмнө илүү хариуцлага үүрнэ. Наадмын хэд хоногийн амралтыг ашиглахгүй бол надад амралт олдохгүй. Хөдөө очиж хийх ажлаа нэлээд сайн бодож төлөвлөлөө.
-Юу хийхээр төлөвлөв. Ер нь та бие даасан мөрийн хөтөлбөртэй биз дээ?
-Мөрийн хөтөлбөрийн гол зүйл нь үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг бий болгоно. Мөн Дархан-Уул аймгийн төрийн үйлчилгээ, түүнтэй холбоотой хөрөнгийг ард иргэдэд бүгдийг нь нээлттэй болгоно. Тендерийг нээлттэй болгоно. Ажил олгогч эздийн холбоо гэж бизнесмэнүүдийн өөрсдийнх нь бүтцийн байгууллага бий. Тэднээр дамжин тендерийг өгөх, хөрөнгийг ил тод байлгах ёстой. Аймгийн ҮЭХ, төрийн бус байгууллагууд бий. Тэр бүгдийг хүчтэй болгож, дарга нарыг үйлчилдэг болгоно. Дарга нар эрх мэдэлтэй хүчтэй хүмүүс биш, иргэдэд үйлчлэх л ёстой. Ойрын төлөвлөгөөгөө боловсруулчихсан. Иргэдийн амралт сунжраад миний төлөвлөгөөнд бага зэрэг өөрчлөлт орох нь. Миний төлөвлөснөөр энэ сарын 20 гэхэд Дархан-Уул аймагт очиж иргэдээс юуг, яаж хийвэл зохистой вэ гэдгээ асуух гэсэн юм.
Би юу хийх вэ гэдгээ тодорхой болгочихлоо. Одоо түүнийгээ болж байна уу, нэмэх, хасах зүйл юу байна вэ гэдгээ иргэд, сонгогчдоосоо асууна. Монголын улстөрчид, төр ард түмнээсээ юу хийх вэ, яаж хийх вэ, та үүнд яаж оролцох вэ гэж асууж сурах хэрэгтэй. Түүнээс “Та зүгээр байж бай, мөнгө өгнө, зүгээр л наамайг сонгочих” гэх нь зөв хандлага биш.
-Та бие даагч гишүүн учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж хэр байгаа юм бол?
-Маш их бий. Яагаад гэвэл нам гэдэг барьцаанд орохгүй шүү дээ. УИХ-ын гишүүнийг нам сонгосон уу, иргэд сонгосон уу гэдгээ улстөрчид эргэж харах ёстой. Уг нь би цалин, тэтгэврийг нэмэхийг дэмжиж байгаа, гэвч бүлэг зөвшөөрөхгүй учир яаж ч чадахгүй байна гэж ярьдаг. Энэ бол Монголын улс төр буруу тийш явж байна гэсэн үг. Харин ч эрх чөлөөтэй, иргэдийнхээ төлөө ажиллах бүрэн боломж надад байна.
-Бие даагч гишүүнээрээ байх юм уу. Аль нэгэн нам, эвсэлд нэгдэх үү?
-Бие даагч гэдэг ямар хүчтэй юм, юу хийж болох вэ гэдгийг түмэн олондоо харуулахын төлөө ажиллана. Намайг дарханчууд маань бие даагчаар л сонгосон.
-Таныг ИЗНН-тай тохирсон, тус нам нэг мандатаа Дарханд сул үлдээсэн гэсэн шүү дээ?
-Цуу үг байна.
-Танд аль нэг намаас урилга ирээгүй гэж үү?
-Хэн нэгэн хүн надад итгээд дотночилж ярьсан зүйлийг би олон нийтэд ил болгох нь жудаггүй. Тэгэхээр энэ чигийн яриа болсон, болоогүй ч байж болно. Би ирэх дөрвөн жилд бие даагч байна гэсэн хатуу байр суурьтай байгаа.
-Шинэ гишүүн өрөөндөө хэр тохижиж байна вэ?
-Компьютертэй, интернеттэй боллоо. Үйлдвэрчний эвлэлд анх ороход зааж сургаж байсан багшийгаа зөвлөхөөрөө авч ажиллаж байна. Багштайгаа хийх ажлаа ярилцаад сууж байна.
-Таны энгэрт УИХ-ын гишүүний тэмдэгээс гадна Үйлдвэрчний эвлэлийн тэмдэг харагдлаа. Хоёр ажилтай байх юм уу?
-Би МҮЭХ-ны тэргүүн хэвээрээ байгаа. Төрийн бус байгууллага учир ажлаа шилжүүлэхгүй. Төрийн бус байгууллага толгойлдоггүй УИХ-ын гишүүн байдаггүй шүү дээ. Бүгдээрээ л нэг холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Зөвхөн С.Ганбаатар УИХ-д ороогүй. МҮЭХ-ны мянга мянган гишүүн УИХ-д дуу хоолойгоо бүрдүүлэх боломжийг манай дарханчууд өгсөн.
-Та парламентын гадна байхдаа УИХ, Засгийн газрыг шүүмжилдэг, жагсдаг, тэмцдэг байсан. Одоо Төрийн ордонд ороод ирлээ. Шүүмжлэл үргэлжлэх үү, эсвэл дуугуй суух уу?
-Иргэдэд амалснаа биелүүлж, чин үнэнээр ажиллаж чадвал шүүмжлэх ямар ч шаардлага алга. Надад ч амар байна. Иргэдийн төлөө сайн зүйл хийхгүй, асуудал бүрхэг, зөвхөн фракц бүлэглэл тойроод явчих юм бол шүүмжлэх нь битгий хэл талбай дээр гараад жагсах, тэмцэх эрх надад нээлттэй байгаа.
-УИХ-ын гишүүн талбай дээр жагсах нь хэр зохимжтой юм бол?
-Хамгийн зохимжтой. Гишүүд тусмаа жагсах ёстой юм шүү дээ. Иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолой болж тэмцэх мандат авчихаад гишүүн боллоо гээд өөрчлөгдвөл буруудна.
-Талбай дээр жагсч, төр, засгийн удирдлагуудыг шүүмжилдэг хүн дотор нь орохоор уусаад алга болчих вий гэсэн болгоомжлол байна л даа?
-Ийм ойлголт маш олон хүнд төрүүлчихсэн байдаг. Түүнийг эвдэх боломж надад олдлоо.
-Та анхдугаар чуулганы тангараг өргөх ёслолд ганцаараа зангиагүй ирсэн нь содон харагдсан. Зангиагаа мартчихсан уу, бусдаас ялгарах имиж үү. Төрөө хүндэлсэнгүй гэх шүүмжлэл бас гарсан шүү дээ?
-Яагаад ганцаараа зангиагүй сууж байсан бэ гэдгийг асуух юм. Жижиг зүйл мэт боловч хүмүүст содон харагдсан юм шиг байна. УИХ-ын гишүүн боллоо гээд бусад гишүүнтэй адилхан байх албагүй. Төрийг хүндлээгүйдээ биш. Төрийг хүндлэхийн тулд зангиа зүүх ёстой гэсэн код байдаг бол би зүүнэ. Одоогоор тийм зүйл алга. Би хэдэн мянган зангиагүй хүмүүсийг төлөөлдөг. Зангиа зүүдэг хүмүүсийг ч төлөөлдөг. Миний төлөөлж байгаа, намайг УИХ-д оруулсан хүмүүсийн олонхи нь зангиа зүүдэггүй. Би УИХ-д орохоос өмнө ч зангиа зүүж байгаагүй, ороод ч зангиа зүүхгүй. Энэ бол гадаад имиж биш, миний дотоод сэтгэл ч ийм байгаа. Харин надад өөрчлөгдсөн ганцхан зүйл байгаа шүү.
-Тэр нь юу юм бэ?
-Иргэдийн төлөө дуу хоолойгоо гаргахад мэдээлэл авах илүү боломжтой боллоо. Эндээс мэдээлэл авах гэж 14 хоног жагсдаг юм шүү дээ. Сайд, агентлагийн дарга, аймгийн дарга нар жирийн хөдөлмөрчин олонтой холбоотой, тэдний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргахдаа хүсэл сонирхлыг нь харгалзсан уу, үгүй юу гэдгийг дуудаж асуух эрх надад олдсон. Үүгээрээ л ялгаатай. Энд болж буй мэдээллийг жирийн иргэдэд, МҮЭХ-нд, Ажил олгогч эздийн холбоонд байнга мэдээлж, тэдний саналыг авах нь миний үндсэн ажил. Хэрэв энд бүлэг, фракцаараа асуудалд хандвал би тэднийгээ босгож хамтарч ажиллана. Би хамгийн түрүүнд хийх ажлаа жагсаагаад биччихлээ. Оюутолгойн анхны үйлдвэрлэл энэ сараас эхэлнэ. Ажилчдын 90 хувь нь монголчууд байна гэсэн. Түүний бэлтгэл хаана байна. Би үүнийг дөрвөн жил шаардсан. Дараа нь Шударга өрсөлдөөөн, хэрэглэгчийн төлөө газраас 17,2 тэрбум төгрөгөө нэхнэ. Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдсан гэж ногдуулсан торгуулыг яагаад цуцалсныг, яагаад Д.Лхагва гэдэг хүнд хариуцлага тооцохгүй байгааг асууна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Т.Ганди сайд нэмэгдүүлэх ёстой байсан. Долдугаар сар гарсан ч энэ ажлыг яагаад хийхгүй байгааг асууна. Үүнээс болж жирийн ажилчид, хөдөлмөрчид хохирч байгаа. Өнөөдөр гишүүний бланкаа авчихлаа. Бичгээ явуулна.
-Таныг нэр дэвших таамаг байгаагүй. Гэнэт л Дарханд дэвшихээр болсон. Яагаад Дархан-Уулын тойргийг сонгосон юм бэ?
-Дархан хамгийн эрсдэлтэй, өрсөлдөөнтэй тойрог байсан. Би нийслэлд өрсөлдсөн бол хамаагүй боломжтой, амар хялбар байсныг үгүйсгэхгүй. Би ажил хийж, үр дүн гаргамаар байна. Дарханд ажлын байр, үйлдвэрлэл хэрэгтэй. Улсын, аймгийн төсвийг иргэдэд ил тод болгож, төсвөөс хулгай хийх боломжийг хааж үр дүн гаргамаар байна. Иймээс Дарханыг сонгосон.
-Өрсөлдөөнтэй, эрсдэлтэй гэж бусад өрсөлдөгчөө хэлж байна уу, том хот учраас сонирхолтой тойрог байсан юм уу?
-Монголын хоёрдугаар нийслэл. Тэнд 15 хүн өрсөлдсөн. Хүчтэй, туршлагатай, чадвартай сайн улстөрчид өрсөлдсөн ч дарханчууд надад итгэл хүлээлгэлээ.
-Сайн улстөрчидтэй өрсөлдөөд яллаа. Дарханчууд таны юунд тэгтлээ их итгэсэн юм бол?
-Би өнгөрсөн найман жил УИХ-ын гишүүн юм шиг ажилласан. Сонгогдоогүй байхдаа бидний төлөө даарч хөрж тэмцсэн хүн сонгогдчихвол илүү хүчтэй дуугарч, үр дүнтэй алхам хийж чадна гэж тэд итгэсэн байх. Улстөрчид хор найруулаад нам дотор албан тушаал авах гээд зүтгэхийн оронд зүгээр л иргэдэд үйлчил, чин сэтгэлээсээ бай, жирийн иргэдийг асар их хүндэтгэж ажиллах ёстойг дарханчууд маань улстөрчдөд ойлгууллаа.
-Та нийгэмд болохгүй асуудлыг босгож гудамжинд жагсч тэмцдэг. Тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд Засгийн газар, УИХ-тай яриа хэлэлцээ хийдэг. Энэ бүгдийг дараа таныг хардах хүмүүс байсан. Ерөнхий сайдаас, УИХ-ын гишүүдээс мөнгө аваад, хуйвалдаад тэмцэл намжлаа гэж?
-Хуйвалдсан юм байхгүй. Гэхдээ хуйвалдаад, тохироод ард түмний талд сайн шийдвэр гаргуулж чадвал түүн шиг сайн улстөрч хаана байна. Хүмүүсийн тэтгэвэр, цалинг нэмэх талаар улстөрчдийг шахаанд оруулж тохиролцоонд хүрнэ гэдэг сайн зүйл биз дээ. Шатахууны үнийг бууруулах талаар тэмцээд тохирч ойлголцолд хүрч үнэ буулгаж чадна гэдэг улстөрчийн хийх ажил. Асар их тэмцэл хийгээд ойголцохгүй, тохирохгүй хоёр тийш салвал намайг дэмжсэн хүмүүсийн хайран хөдөлмөрийг үр дүнгүй болгоно.
-Г.Уянга, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, та гээд энэ парламентад жагсагчид олон орж ирлээ. Алагтай цоогтой парламент бүрдлээ гэсэн шүүмжлэл маягийн зүйл байна. Та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Ард түмэн юу хүсч байна, хэнийг сонгомоор байна түүнийгээ л хийсэн. Хажуугаас нь тийм хүн байх ёстой гэж хэлэх буруу. Хүмүүст ямраар таалагдаж, итгэлийг нь хүлээнэ, түүгээрээ л байх ёстой. Энэ бол алтан дүрэм. Хүмүүс “Чи баян юм байна, манай тойрог дээр маш их гурил, будаа тараадаг шүү” гээд сонговол түүгээрээ л байна биз. Түүнээс мянга мянган хүний төлөө тэмцэж, тэмцэж гарч ирээд казиногийн хууль баталж болохгүй.