Үндэсний мэдээллийн төвд
Д.Сүрэн

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/-иудын менежментийн хувьчлалыэ асуудал, ажил байдлыг эргэн харж шалгаад Нийслэлийн өмчид эргүүлэн татах асуудлыг хотын мэр ярьж эхэлсэн билээ. ТҮК-ийнхан хууль ёсны эрх ашгаа хамгаалахаар “Үндэсний мэдээллийн төв”-д өнгөрсөн бямба гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн бага хуралд “Сүхбаатар тохижилт” компанийн захирал Б.Цэнгэл, “Баянгол тохижилт” компанийн захирал Д.Батсайхан, “Баянзүрх тохижилт” компанийн захирал Ц.Цогтсайхан, “Хан-Уул тохижилт” компанийн захирал Ш.Батнасан, “Сонгинохайрхан тохижилт” компанийн захирал Д.Загджав, “Чингэлтэй тохижилт” компанийн захирал Оюунгэрэл нар оролцсон юм. Тэд хотоос гаргасан шийдвэрийг бусдын өмчид халдсан, хууль бус шийдвэр хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ТҮК-иудаас хууль ёсны эрх ашгаа хамгаалан нийгэмд үүсээд буй төрийн бусармаг үйлдлийн талаар тэд олон нийтэд мэдээлэл хүргэж буйгаа онцолсон юм.
Анх нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 128, 140 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2003 оны 90 дүгээр тогтоолоор Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ТҮК НӨҮГ- ыг менежментийн гэрээний үр дүнг харгалзан тендер зарлажээ.
Энэхүү тендерт өнөөдрийн ТҮК-дын удирдлагын багууд ялагч болсныг Тендрийн болон Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр тогтоож, 2004 оны 20 дугаар тогтоолоор баталгаажуулсан. Ялсан багуудтай Өмчийн харилцааны газраас менежментийн гэрээ байгуулан ажиллахыг мэдэгдсэн.
Тохижилт Үйлчилгээний компаниуд нь 2003, 2004 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газар, харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газруудтай Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээнүүдийг байгуулан жил бүр үйл ажиллагаагаа онц сайн биелүүлж, тухай бүрт харъяалах байгууллага бүрээр ажлаа дүгнүүлж иржээ.
Төрийн өмчийн хорооны 2005 оны 141 дугаартай тогтоолд Нийслэлийн өмчөөс 2005 онд менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтанд Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ТҮК-иудыг оруулж өгснөөр НӨҮГ-ыг хувьчлах бүрэн боломжтой болно.
ТҮК-иуд нь менежментийн гэрээнд заасан үүргээ хангалттай сайн биелүүлсэн болохыг гэрээний биелэлтийг шалгасан Аудитын комиссын санал дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2007, 2008 онд томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн баг бүр гэрээгээр хүлээсэн үүрэг, бизнес төлөвлөгөөнд тусгасан зорилтуудаа бүрэн биелүүлсэн гэж үзэж Менежментийн гэрээг дуусгавар болгон Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг худалдан авахыг санал болгосон Нийслэлийн өмч хувьчлах комиссоос тогтоол гарсан.
Менежментийн багийнхан Нийслэлийн өмч хувьчлах комиссоос тогтоолд зааснаар тэдгээрийн тогтоосон үнээр 2007, 2008 онд тус бүр байгууллагыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд заасан төлбөрийг худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн аж.
Улмаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор Менежментийн баг бүрт Өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, хувьчилсан тухай тайланг баталсан юм.
Ингээд Менежментийн багийнхан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө Иргэний хуулийн 182-р зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар бүртгүүлж тухайн эд хөрөнгүүд нь мөн хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэпг зааснаар баталгаажсан үл хөдлөх хөрөнгө болсон.
Гэтэл Нийслэлийн өмч хувьчлах комиссоос өнгөрсөн сарын 28-нд увьчлалыг хүчингүй болгох тухай тогтоол гаргаж хувийн өмчид хууль бусаар халдаад байна.
Монгол Улс нь Үндсэн хуулийнхаа 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "...төр нь нийтийн болон хувийн емчийн аливаа хэлбэрийг хулээн зөвшөеоч өмчлегчийн эрхийг хуулиар хамгаална..." гэж, 5.3 дэх хэсэгт "...Гагцхүү хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхийг хязгаарлаж болно..." гэж, 16 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт "...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахийг хориглоно..." гэж өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч иргэн бүрийнхээ эрх ашгийг хуулиар хамгаалсан байхад Төрийн эрх мэдлээр далайлган сүрдүүлж иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчөөд байна.
Ардчилсан төрийн эрхэм үүргийн нэг нь иргэдийнхээ хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэлгүй төрийн механизмыг ашиглан хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Нийслэлийн дүүрэг бүрт ажиллаж буй Тохижилт үйлчилгээний газрууд нь төрийн үндсэн үүрэг болох Улаанбаатар хотын хог болон цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй, өдөр шөнийг үл харгалзан нийслэлийг өнгө үзэмжтэй байлгахын тулд ажиллаж 1200 гаруй иргэний ажлын байраар хангаж, иргэдийн амьжиргааг залгуулж байхад энэхүү үйл ажиллагааг нь хууль бус аргаар зогсоож байгаад ихээхэн гомдолтой байна.
Тохижилт үйлчилгээний ажил эрхэлж буй компаниуд нь өнөөдрийг хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаагаа сайн явуулж байгаа бөгөөд энэхүү ажил үүргийг төр засгаас үнэлэн олон ажилтныг шагнаж урамшуулж байсан нь бид үүргээ сайн биелүүлснийг нотлох юм.
Нийслэлийн өмч хувьчлах комиссоос хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолыг гаргахдаа НӨХГ болон менежментийн багийн хооронд хийсэн “Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ Худалдан авагч тал биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр буюу гэрээний 3.7 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг үндэслэжээ.
Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хувьчлалыг хүчингүйд тооцох журмыг тодорхойлсон байдаг бөгөөд уг хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т хувьчлалыг хүчингүй болгох 9 үндэслэлийг заасан байх ба энэхүү үндэслэлээр хувьчлалыг хүчингүй болгох болон хөрөнгийн хохирлыг хэрхэн арилгах шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргахаар хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 81 дүгээр зүйлд орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зуравдугаар бүлэпг заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоохоор заасан байна.
Өөрөөр хэлбэл, уг хуульд Орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх, шинээр олж авах асуудлыг ИТХ-аар шийдвэрлэхээр зааж өгсөн байдаг.
Гэтэл Нийслэлийн Засаг даргаар толгойлуулсан НӨХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмыг зөрчин, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж Нийслэлийн тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-уудыг хувьчилсан НӨХК-ийн 2007, 2008 онытоот тогтоолуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь тус компаниудын хууль ёсны эрх ашгийг хохирооход хүрээд байна.
Энэхүү нийслэлийн өмч хувьчлалын хууль бус шийдвэрийг шударга шүүхээр шүүн хэлэлцүүлж, эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулан тэмцэх бүхий л аргаар өөрсдийн болон ажилтан тэдгээрийн ар гэрийнхний хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэж тэд мэдэгдлээ.



