Английн хөлбөмбөгийн “Арсенал” багийн хувьцааны 29.95 хувийг эзэмшдэг узбек гаралтай тэрбумтан Алишер Усманов тус багийг бүхлээр нь авахад бэлэн гэнэ. Харин Лондоны багийн удирдлага “Арсенал”-ын хувь заяаг узбек тэрбумтанд биш, харин Америкийн баян Стэн Кренкэд даатгахыг илүүд үздэг. Тэгсэн ч гэсэн А.Усманов багийн хөгжөөн дэмжигчдэд хандаж, хэрэв “Арсенал”-ыг өөрийн болговол тус багт их хэмжээний хөрөнгө хаяж, супер тоглогчдыг олноор худалдаж авахаа мэдэгджээ.

“Экип” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа А.Усманов “Арсен Венгер дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг. Гэвч түүний үүрч буй ачаа маш хүнд. Венгерийн ажлыг хөнгөвчлөх нь зүйтэй. Түүний хүссэн тоглогчийг нь багт худалдан авч өгөх хэрэгтэй. Багийн одоогийн бодлогоор Арсен үнэтэй хөлбөмбөгч авч чаддаггүй. Тэгсэн хэрнээ тэд дасгалжуулагчаас өндөр амжилт шаардаад байх юм” гэжээ.