Д.БОЛОР

Ерөнхий сайд Н.Ал­танхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуотой хэлэлцээ хийв.  Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол Ул­сын Шадар сайд, Монгол-Хя­тадын Засгийн газар хоо­рондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Соном­пил, УИХ-ын дэд дарга М.Энх­болд,  Монгол-Хятадын парламентын бүлгийн ги­шүүн С.Бямбацогт нарын бусад хүн оролцсон. Хя­та­дын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Санхүү, эдийн засгийн комиссын даргын орлогч Вэй Лючэн, Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цао Вэйжоу,Шэнь Чунь-яо, БНХАУ-ын Гадаад явд­лын дэд сайд Жан Жизюнь, Худалдааны дэд сайд Жун Шань,БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяо­лун нарын албан ёсны төлөөлөгчид байлцлаа. Уул­­залтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён   У Бангуотой танилцаж бай­гаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, түүний айлч­лал Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын парламент хоорондын харилцааг лавш­­­руулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.    

Хаалттай болсон хэлэлцээний үеэр ноён У Бангуо “Ерөн­хий сайд Н.Алтан­хуяг хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд олон жилийн турш ихээ­хэн үүрэгтэй ажиллаж ирсэнд талархаж байна. Монгол Улсад анх удаа айлчилж байгаа ч танай  орны эдийн засаг идэвхтэй хөгжиж буйг нүдээрээ харж, бахархаж байна шүү. Монгол Улс бол Хятадын чухал хөрш мөн. Манай хоёр улс их бүтээн байгуулалт, шинэ хөгж­лийн гараан дээр байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэйгээрээ давуу талтай бол манай Хятад улс хөрөнгө, техникийн хувьд боломжтой. Тий­мээс бид худалдаа, эдийн засгийн салбарт нягт хамт­ран ажиллаж, илүү их ам­жилт олох боломжтой” гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын төлөвлөж байгаа томоохон бүтээн бай­гуу­лалтад Хятадын нэр нөлөө бүхий томоохон компа­ниудыг оролцуулахад бэ­лэн байгаагаа илэрхий­лээд, харин хамтын ажил­лагаа, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн үндэс нь хэн хэндээ тодорхой, тогт­вортой байх нь чухал хэмээн онцолсон байна. Үүнийх нь хариуд Ерөн­хий сайд “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргө­жүүлэх шаардлага бий. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуйн салбарт бид өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэд­гээ илэрхийлжээ. Үүний дараа ноён У.Бангуо бо­лоод түүний дагалдагч нар Ерөнхий­лөгч Ц.Эл­эгдор­жид ба­раалх­сан юм. Мөн БНХАУ-ын банкинд очиж ажилласан ч уулзалт сэт­гүүлчдэд хаалт­тай  боллоо.