М.ГАН
Гадаадын зарим оронд эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарыг УИХ-аас томиллоо. Ш.Алтангэрэл Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллахаар болов. Мөн Н.Тулга Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад, З.Алтай Шведийн Вант улсад, Л.Дүгэржав Бүгд Найрамдах Болгар улсад, Д.Зүмбэрэллхам Бүгд Найрамдах Чех улсад суухаар болов. Дээрх эрхмүүдийн очиж ажиллах оронд одоо сууж байгаа Элчингүүдийг эгүүлэн татлаа. ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Б.Алтангэрэлийг, Шведээс Б.Энхмандахыг, Болгараас Ц.Ганхуягийг, Чехээс С.Цоггэрэл нарыг эгүүлэн татах саналыг дэмжлээ. Их хурал энэ саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх хуультай юм.
УИХ-ын гишүүд шинээр томилогдсон Элчингүүдэд олон зүйлийг захив. Томилогдон очиж ажиллах оронд амьдардаг монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар дорвитой ажиллахыг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн юм. Бусад оронд нэг хүний эрх хөндвөл бөөн асуудал болдог ч манайхан чимээгүй суудаг жишээ байдгийг тэрээр сануулж байлаа. Мөн гишүүн Ц.Даваасүрэн Элчингүүдийн томилгоонд цаашид онцгой анхаарч тухайн орны талаарх мэдлэг, ажлын туршлага зэргийг дэлгэрэнгүй танилцуулж байхыг холбогдох хүмүүст хэлэв. Өмнө нь томилж байсан Элчингүүдийн нэг нь тухайн орныхоо талаар мэдэхгүй гэж УИХ-д ярьж байсныг Х.Болорчулуун гишүүн анхаарууллаа. Шинэ Элчингүүд тухайн улсад Монголын нэрийн хуудас, нүүр царай болдог хүмүүс учир залхуурч тааваараа амарч тухлалгүй эрчтэй, идэвх зүтгэлтэй ажиллахыг захиж байлаа. Тухайн оронд хийх гурван өндөрлөгийн айлчлалын талаарх мэдээллийг парламентад өгдөг байхыг гишүүн Д.Дэмбэрэл хэллээ. Ерөнхийлөгч явлаа, ирлээ гэснээс өөр мэдээлэлгүй байгаа. Тухайн улсын талаар Монгол ямар бодлого баримталж айлчлалаар ямар асуудал хөндөхийг парламентад танилцуулдаг болж, айлчлалыг дэг журамтай зохион байгуулахыг хүсэв. Гадаад бодлогыг эдийн засагжуулах, хоёр орны харилцааг иэдвхжүүлэх, хамтын ажиллагааны бүхий л салбарыг өрнүүлж ажиллахыг гишүүн Д.Тэрбишдагва захив.
Мөн УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд УИХ-ын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо зочилсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хувиасаа болон УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс У Бангуо даргад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, УИХ-ын гишүүд суудлаасаа босч алга ташин хүндэтгэл үзүүллээ.