Д.БОЛОР

 

Засгийн газрын сайд нар долоо хоног бүр ажлаа тайлагнаж, шинэчлэлийн бодлогоо олон нийтэд ойлгуулахаар болжээ. Түүнийхээ түүчээ болгож Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй “буу халсан” бол энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хэвлэлийнхэнтэй уулзсан юм.

 

-Шинэчлэлийн Зас­гийн газар байгуулагд­санаас хойш  ямар амжуу­лав гэдгээс яриагаа эхэлье?

-Агуулгын хувьд нэлээд өөрчлөлт орлоо. Үүний нэг нь ажил өглөө найман цагт эхэлдэг болсон. Өглөө бүр Ерөнхий сайдын өрөөнд шуурхай хуралдаж долоо хоног, сард хийх ажлаа төлөвлөж байна. Засгийн газрын хурал яг цагтаа эхэлж байгаа. Хуучин Засгийн газрын хуралдаан 10 цаг гэчихээд 11 цагт эхэлдэг. Цагтаа эхэлж байгаа нь хэлбэ­р хэдий ч хариуцлага сайтай байгаагийн тод илэрхийлэл. Засгийн газ­рын хүрээнд зургаан чиг­лэлд анхаарал хандуулж байна. Үүний эхнийх нь барилга. Барилга бол авлига, хүнд сурталын сонгодог жишээ болсон салбар. Барилга барих зөвшөөрөл авахын тулд 19 дамжлагаар 208 өдөр зарцуулдаг байсан. 208 өдөр болж зөвшөөрлөө ав­сан бол амжилттай ажил­ласандаа тооцох хоног шүү.  121 албан тушаалтны гарын үсэг авна. Ингээд 19 дамж­лагатай явдаг байдлыг дөрөв болгон цөөрүүлж,  59 хоног зарцуулахаар болгож өөрчиллөө. Одоо барилгын компани, хувь хүмүүстээ хүргэж ойл­гуулах зохион байгуу­лалтын ажил үлдээд байна.  Олон улсын сан­хүүгийн корпорациас гар­гасан бизнес эрхлэлтийг дэмжих зэрэглэлээр ма­най улс 180 орноос 86-д жагсдаг байсан бол өдгөө 76 болж хэдэн алхам урагшилсан. Тиймээс нэн түрүүд “Цахим нэг цонх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнесийн салбарын хүнд суртал, авлигыг багасгах зорилгоор барилга, хил гааль, мэргэжлийн хянал­тын байгууллагын зөв­шөөр­лийн тоог бууруулах, иргэний болоод эд хө­рөнгийн бүртгэл хийх гэж иргэ­дийг чирэгдүүлдэг байдлыг халахаар хэд хэдэн төсөл боловс­руулсан.  Бүх ши­нэч­лэлээ хэрэгжүүлж амжвал иргэд 300 гаруй нэр төрлийн үйлчилгээг нэг дороос 15 минутын дотор авдаг болно. Үйл­чилгээ үзүүлэх ордон нь төрийн ордноос ч тансаг харш байна гээд бод доо. Мөн хороо, цаг­даа­гийн тодорхойлолтыг яг л АТМ-ээс мөнгө авах мэт  дугаарлан зогсож байгаад авчихна. Дээрээс нь яа­ралтай тусламжийн  дууд­лага 10-12 минутын дараа шаардлагатай газарт хүр­нэ. Энэ бүхэн үлгэр мэт  сонсогдож байгаа ч үүнийг ажил хэрэг болгоно гэдгээ ам бардам хэлэх байна.

-Мэргэжлийн хянал­тын ерөнхий газрыг татан буулгана гэж та мэдэгд­сэн. Тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болох уу?

-Татан буугдсан ч цаа­шид ажиллана. Боловс­рол, эрүүл мэнд гээд сал­бар бүрт хянах эрх бүхий болгож сургана. Хянахаас гадна сургалт зөвөлгөө, урьдчилан сэргийлэх ажил руу түлхүү анхаарна.

-МАН-ынхан “Засгийн газрын бүтэц данхайлаа. Данхайхын хэрээр төсөв зарцуулах нь ихэсч байна” гэж мэдэгдэж байгаа. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Данхайгаагүй. Хуу­чин 13 яам, 43 агентлаг ажилладаг байсан. Одоо 16 яам 27 агентлаг ажиллаж байна. Энэ хоёрыг нэмээд үзэхэд аль нэгнээсээ дан­хайсан гэдэг нь нот­лог­дохгүй. Харин ч данхайхаас сэргийлж 438 ажлын байраар багасгасан шүү.

-”Чалко”-той холбоо­той гэрээ Монголд ашиг­гүй талаар ярьж байна. Та үүнд ямар дүгнэлттэй байгаа вэ?

-Гэрээг байгуулсан хүмүүсийн дагзанд нь буу тулгаж байгаад зуруул­чихав уу гэж санагдсан. Эс­вэл хувийн ашиг сонир­хол орж байгаад зурсан юм болов уу гэдэг дүр зураг харагдаад байдаг юм. Энэ гэрээг цуцалсан нь Мон­голын эрх ашигт нийцсэн  гэж дүгнэж байгаа. Асуу­далд нухацтай хандаж ойрын хугацаанд нэг тийш болгоно.

-”Чалко”-гийн гэрээ бол Хамтарсан Засгийн газрын үед байгуулсан гэрээ. Та дагзанд буу тулгаж байгаад байгуулсан гэрээ гэж хэлж байна. Тэгэхээр хамтарсан Засгийн газар мөнгө та­раана гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд яа­равчилж байгуулсан болж таарах уу?

-Жишээгээ буруу ав­сан юм шиг байна. Гэрээ бол хоёр талын эрх ашгийг хангах ёстой. Хэтэрхий нэг талыг баримталсан гэрээ хуульзүйн хувьд хүчин төгөлдөр биш шүү дээ.

-Тэгэхээр гэрээг хуга­цаанаас өмнө цуцалвал шүүхэд хандаж торгууль хүлээлгэх тухай олон улсад шуугиж байгаа?

-Цуцалсан нь гэрээг үргэлжлүүлж байснаас дээр дүр зураг харагдаж байгаа шүү дээ. Шийдвэр гараагүй байхад тодорхой зүйл яримааргүй байна. Ер нь эх орны эрх ашгийг анхаарах ёстой.

-Гэрээг байгуулсан гэх хамтарсан Засгийн газрын үед та ажиллаж байсан. Хариуцлага хүлээх хүний нэг нь та өөрөө юм биш үү?

-Энэ бол төрийн өмчит компанийн байгуулсан гэрээ. УИХ, Засгийн газ­рын төвшинд энэ гэрээг яриагүй. Одоо л олж үзээд гайхаад сууж байна.

-Гэрээ цуцлагдвал ма­най улс хэдий хэмжээний торгууль төлөхөөр байна?

-Нарийн шалгах шаард­лагатай байх. Надад байгаа мэдээллээр 50 ор­чим сая долларын асуудал байдаг юм шиг байна.

-Сэдвээ өөрчилье. Та нэгэн цагт  “Сувгаа битгий солиорой” гэж нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг хянах алхмуудыг хийж эхэллээ. Үүний нэг нь цахим хаягийн сэтгэгд­лийг хаах шийдвэр байсан?

-Цахим хаягийн  сэт­гэгд­лийг хаах, хянах, шүүмж­лэлийг болиулах гэсэн асуудал анх­наасаа байгаагүй. Өнөөдөр телевизүүдээр гарч буй мэдээ мэдээлэл, нэвт­рүү­лэг болгон эзэнтэй байгаа. Сонин, радиогийн хувьд ч өөрийн гэсэн ре­дакци, бичсэн сэтгүүл­чийн нэр ус тодорхой байдаг. Цахим хуудсуудад ч хариуцлагаа хэн хүлээх нь тодорхой бий. Төлбөрт нийтлэл нэвт­рүүлэг ч хэ­нийх вэ гэдэг нь харагдаж байдаг. Гэтэл иргэдийн сэтгэгдэл гэхээр хэн бэ гэдэг нь мэдэг­дэггүй мөрт­лөө хүмүүсийг эсрэгцүүл­сэн, дайрч до­ромжилсон, илт гүтгэсэн мэдээллүүд байдаг. “На­дад буу өгөөд хүн алуулах захиалга өгөх хүн байна уу” гэсэн зар одоо ч явж  байна. Тий­мээс энэ байд­лыг яаж цэгцлэх вэ гэдэг асуудлыг хөндөн тавьсан. Бид Хэв­лэл мэдээллийн байгуул­лагынхан, суд­лаач, эр­дэм­тэд салбарын­хантай уулзаж энэ талаар ярилц­сан. Нэгэнт энэ ажилд төр оролцох нь элдэв хардлага төрүүлээд байгаа бол энэ ажлыг мэдээллийн сай­тууд өөрс­дөө хийх нь зөв юм гэдэгт бид тогтсон. Сай­туудын эзэдтэй ч ингэж тохирсон.

-Орон нутагт өвөлжилт хүндэрч байна. Ийм үед зарим аймгийн Засаг дарга нарыг яагаад батламж­лахгүй байна вэ. МАН-ынхан  “Манай нам учраас батламжлахгүй байна” гэж мэдэгдэж байгаа?

-Говь-Алтай аймгийн Засаг даргыг батлам­жил­сан. Харин Дундговийн Засаг даргад нэр дэв­шиг­чийн танилцуулга ирсэн. Бид АТГ-ынхнаас энэ хүн гэмт хэрэгт холбогдож бай­сан эсэхийг лавлахаар бичиг явуулсан. Хэрэв “Үгүй” гэсэн ха­риулт ир­вэл удахгүй бат­ламжилна. Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн тухайд шүүхийн маргаантай байгаа учраас асуудал шийдэгдсний дараа батламжилна.