Э.ОРХОНСҮРЭН

Манай улс өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудтай Засгийн газар хоорондын гэрээгээр оюутан суралцуулдаг билээ. Энэ жилийн эхний тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн оюутны хөгжлийн мэргэжилтэн Ч.Шинэбаяраас дараах мэдээллийг тодрууллаа

-Засгийн газрын тэт­гэлгээр суралцах оюут­нуудыг БШУЯ сонгон шалгаруулдаг. Энэ оны эхний шалгаруулалт хэзээ вэ. Ямар оронд суралцаж болох вэ? 

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоо­рондын гэрээ хэлэл­цээрийн дагуу болон сур­галтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, колле­жид суралцах ажлыг зо­хион байгуулан ажилла­даг. Энэ оны эхний тэтгэ­лэгт хөтөлбөр Энэтхэг улсад оюутнуудыг бүртгэж дууссан байгаа. Бүртгүү­лэг­чид баклавр болон магистрт бүртгүүлсэн. 2013-2014 оны хичээлийн жилд Засгийн газар хоорондын гэрээгээр 16 улсад оюутан суралцана. 

-Энэтхэг улсад хэч­нээн оюутан суралцах вэ. Ямар чиглэлэээр оюутан элсүүлэх юм бол? 

-Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хоо­рондын боловсролын сал­барын хамтын ажилла­гааны хүрээнд Энэт­хэгийн соёлын харил­цааны зөвлөлөөс 2013-2014 оны хичээлийн жилд 20 хүртэлх оюутанд тэтгэ­лэг олгох болсон. Энэтхэг Улсын их, дээд сур­гуулийн бакалавр, магистр, док­торын сургалтад биотех­нологи, нанотехнологи, мэдээллийн технологи, хими технологи, бай­галийн ухаан, хүмүүн­лэгийн чиглэлээр тэтгэ­лэг­тэй суралцуулах оюу­танг сонгон шалгаруулж байна. Мөн  Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт ажил­лах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2013-2014 оны хичээлийн жилд тус улсын их, дээд сур­гуулиудад 20 оюутныг суралцуулна. Бүртгэл нь мөн өнгөрсөн долоо хоногт явагдсан.

-Одоогоор хэчнээн хүн бүртгүүлсэн байна вэ. Шалгалт хэзээ эхлэх үү?

-Баклаврын төвшинд их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст 3-аас дээш голч дүнтэй сурал­цаж буй оюутнууд бүрт­гүү­лэх эрхтэй байдаг. Энэ дагуу өөрсдийн сур­гуулиуд дээрээ нийт 37 оюутан бүртгүүлсэн байна. Магистрын төвшинд өн­гөр­сөн долоо хоногт Мон­гол Улсын их сургууль дээр бүртгэл явагдсанаас 59 хүн бүртгүүлсэн байна. Тавигдаж байгаа шаард­лагын хувьд баклаврын төвшний сургууль төгссөн голч дүн нь 3-аас дээш байх хэрэгтэй. Өчигдөр англи хэлний шалгалтаа авсан. Харин өнөөдөр хими, буюу математикийн шалгалт авна. Ингээд хоёр шал­галтын нийлбэр дүнгээр 60-аас дээш оноо авсан хүмүүсийг онооны дараал­лаар жагсаагаад эхний 40 хүнийг Элчин сайдын яамны ярилцлагад орох эрх өгнө. Элчин сайдын яам тухайн 40 хүнтэй англи хэлний ярилц­­лага хийс­нээр эхний 20 хүнийг тэтгэлэгт нэр дэвшүүлэх юм. Тиймээс хэн сайн байсан нь тэнцэнэ.

-Дараагийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

-Засгийн газар хоо­рондын гэрээгээр сурал­цах, үүнийг сонирхож бай­гаа хүмүүс манай яамны цахим хаяг руу ороод гадаад суралцагчдад гэсэн буланг үзэх хэрэг­тэй. Гурав­дугаар сараас БНХАУ, ОХУ, Польш, Унгар, Болгар зэрэг улсын тэтгэлэгт хөтөлбөр эхэлнэ. Тав дугаар сараас Казакс­тан, Вьетнам, Лаос зэрэг улсын тэтгэлэгт хөтөл­бөрүүд явагдана. Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн жилээс журамд нь шинэч­лэл хийгд­сэний дагуу Туркийн тэтгэлгийн хороо­ноос 100 хувь өөрсдөө хариуцаж зохион байгуул­даг болсон. Дөрвөн сараас зургадугаар сар хүртэл бүртгэл нь үргэлжилнэ. Тухайн үед манайд ирсэн мэдээллээ цахим хууд­саараа олон нийтэд хүргэнэ.