А.ОТГОНЧИМЭГ
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Б.Батзаяатай ярилцлаа.
-Танай хамт олны шинэ оны ажлын гараа зорилго юу вэ?
-Бид энэ онд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Тэдгээрийн дотроос нэн тэргүүнд албан хаагчдын харилцаа, хандлагыг өөрчилж, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулж, шуурхай болгох, иргэдээс цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээтэй холбоотой болон хамтран ажиллах талаар гаргасан саналуудыг хүлээн авч, тэдэнтэйгээ ойрхон ажиллах зорилго тавин ажиллаж байна. Цагдаагийн газрын даргын 01 тоот албан даалгавар гарган биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байгаа. Албан даалгаврын нэг онцлог нь урд жилүүдэд ихэвчлэн ажлын бүтээмжийг дээшүүлэх, сайжруулах чиглэлтэй байсан бол энэ удаагийнхад сахилга, харилцааны соёлыг дээшлүүлэх, үйлчилгээний чанарт ахиц гаргах талаар зорьж байгаагаараа онцлогтой. Гол нь цагдаагийн удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, байгууллагаас баримталж буй бодлогыг нэн түрүүнд хэрэгжүүлж хяналт тавих үүрэг бүхий субьектуудын хувьд шинэчлэлийн бодлогын хүрээнд тавигдаж буй шаардлага, шалгууруудад өөрсдийгөө нийцүүлж, цаг ямагт албан хаагчдынхаа манлайлагч байхад анхаарч ажиллахаар тусгасан. Мөн залуу боловсон хүчнээ сургаж дадлагажуулах, тэднээс иргэдэд үзүүлж буй ажил үйлчилгээний чанар, харилцах чадвар нь иргэдийн хүсч хүлээж буй хэмжээнд хүрч байгаа эсэхэд тавих хяналтаа тогтмолжуулж, хэвшүүлэх, алба хаагчдын сахилга болон ёс зүйн зөрчил, дутагдлыг засаж тэдэнд алдаагаа дахин гаргуулахгүй байх талаар тусгасан. Ер нь ажил үйлчилгээний чанарт өөрчлөлт оруулж, хамгийн түрүүнд иргэдтэйгээ ойртож тэдний туслалцаа дэмжлэгийг авч, нийгмийн шаардлага захиалгад нийцсэн ажил үйлчилгээг чирэгдэлгүй хүргэж байя гэсэн гол зорилт тавин ажиллаж байна. Дээрх ажил нь бидний зүгээс ямар ч төсөв хөрөнгө шаардахгүйгээр хийж чадах энгийн юм шиг мөртлөө ажлын арга барил, сэтгэлгээнд өөрчлөлт оруулж чадах хамгийн том ажил гэж болно.
-Шинэчлэлийн бодологын хүрээнд шинэлэг ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ?
-Засгийн газраас олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь иргэдтэйгээ ойр байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоо, туслалцаа дэмжлэгийг авч хамтран ажиллах зорилготой хөтөлбөр юм. Үүнийг орон нутгийн хөрсөнд буулгахын тулд Арвайхээр сумын төвийн 10 багт иргэний зөвлөлүүдийг ажиллуулж байгаа. Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийг татан оролцуулж байгаа нь ажлын чанар, арга барилд тодорхой хэмжээний дэвшил гарч байгаа юм. Энэ нь бусад аймгуудад туршлага болохуйц ажил гэж үзэж байгаа. Бид иргэний зөвлөлд сайн дураараа нэгдэн ажиллаж буй хүмүүсийн хүрээг тэлэх, тэднээр дамжуулан иргэдтэйгээ ойртох бодлогыг барин ажиллаж байгаа. Энэ ажлыг өргөжүүлэх, хэвшүүлэхэд тулгамдаж буй гол зүйл бол тэдний урамшууллын асуудлыг шийдвэрлэх. Энэ талаар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд саналаа танилцуулж урамшууллыг шийдвэрлэхээр болсон.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2013 онд аймгийн Засаг даргын үндсэн чиглэлд Арвайхээрийг камержуулах, төрийн үйлчилгээний нэгдсэн хяналтын системийг бий болгохоор 500 сая төгрөгийг эхний ээлжинд аймгийн Иргэдийн хурлаараа батлуулж, ажлаа эхлүүлэхээр болсон. 2013 онд Арвайхээр сумыг бүхэлд нь камержуулах ажил хийгдэнэ гэсэн үг. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг бий болгож аймгийн төвийг бүхэлд нь камержуулснаар ,гэмт хэрэг, захиргааны зөрчлийн тоо буурах бодитой ажил болно. Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээ иргэдэд цаг тухайд нь хүрч байгаа эсэхэд хяналт тавих, мөн өнгөрсөн үйл явдал, хэрэг, зөрчлийг сэргээснээр шүүхэд гол нотлох баримт болгон ашиглах боломжтой хэмээн үзэж байгаа. Цаашлаад ганц Цагдаагийн байгууллага биш төрийн бүхий л байгууллагуудад хяналтын системийг ашигласнаар ажил үйлчилгээ жигд, хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэхэд үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа. Энэ дашрамд төрийн үйлчилгээний нэгдсэн систем байгуулах ажлыг дэмжиж, төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүддээ талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хүргэж байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд манай байгууллага идэвхитэй оролцож, санал санаачлага гарган ажиллах болно гэдгээ хэлмээр байна.
-Мөрдөн байцаах тасагт хэрэглэж байгаа техник хэрэгсэл шинэчлэгдэж байна уу?
-Манай хэрэг бүртгэх албаны чиглэлийн ажилтнууд нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлүүлэх ажилд хэрэглэж байгаа техник хэрэгсэлүүд хоцрогдсон шаардлага хангахгүй болсон. Шинэчлэлт хийхээр Хууль зүйн сайдын зүгээс нэлээд ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Хөгжингүй орнуудад ашиглаж байгаа хүчин чадалтай техник хэрэгслүүдийг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд өргөнөөр ашиглах боломж нь удахгүй нээгдэх байх гэж миний хувьд боддог. Ялангуяа гэмт этгээдийн зүгээс хэргийн газарт үлдээсэн биологийн гаралтай ул мөр, хөлс үнэрийг бэхжүүлэх боломжгүй байдаг. Гэмт хэрэгтэй тэмцэхэд техник хэрэгсэл сайжрахгүйгээр асуудлыг ярихад явцуу юм. Мөн энэ албанд ажиллаж буй хүмүүсийн ур чадварыг сайжруулах нь зайлшгүй юм.
-Замын цагдаагийн ажилд шинээр нэвтрүүлж буй олон ажил байгаа байх даа?
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн осол, гэмтэл жил дарааллан өсөж байгаа. Энэ нь тээврийн хэрэгсэл, чанаргүй жолооч бэлтгэдэг сургуулиудын тоо ихэссэнтэй холбоотой гэж үздэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг зөрчил сүүлийн жилүүдэд өссөөр байна. Үүнд төрийн зүгээс анхаарал хандуулахгүй бол энэ хэргийн улмаас хүний амь нас эрсдэж, учруулж буй хор уршиг, хохирлоороо бусад хэргүүдтэй харьцуулахад илүү байгааг анхаарах цаг болсон. Бид тоо баримт л яриад байгаа болохоос цаад агуулгыг нь орхигдуулж байна. Өөрөөр хэлбэл, аль ч төвшинд нүд, чих дассан байна гэж боддог. Манай аймгийн ГХУСАЗЗ-өөс 2013 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулах жил болгон тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Сумдын хэсгийн төлөөлөгчид амьдрал ахуй, ажиллах байраар хэр хангагдсан бэ?
-Сумдад ажиллаж буй хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар, ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь суманд ажиллаж буй цагдаагийн алба хаагчдийн кобан байрны асуудал юм. Манай гурван суманд л кобан бариагүй байгаа. Энэ онд Бүрд суманд кобан байр баригдана. Иймээс ажиллах амьдрах байрны хувьд харьцангуй хангагдсан. Мөн цагдаагийн албан хаагч ажилтнуудын нийгмийн баталгааг хангахаар цагдаагийн тухай хуульд хуульчилсан байдаг үүнийг сумдын Засаг дарга нарыг анхаарч ажиллах байх гэж найдаж байна.
-Танайд хамгийн их тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Манайд хамгийн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах юм. Бид олон жил ашигласан, багтаамж муутай ажлын байртай. Орон нутгийн удирдлагын зүгээс энэ нөхцөл байдлыг ойлгож Цагдаагийн газрын шинэ байрны газар, барилгын зургийн мөнгийг шийдсэн. Бид хөрсний шинжилгээгээ хийлгэж зураг, төсвөө холбогдох газруудад хүргүүлсэн байгаа. Цагдаагийн алба хаагчид айлын хажуу өрөө түрээслэх, айлын хашаанд гэрээ барих зэргээр тав тухгүй байснаас үндсэн ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэх боломжгүй байна гэсэн миний бодол байдаг. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах чиглэлээр төрөөс нэлээд томоохон ажлыг шат дараалан хийж гүйцэтгэх нь зохимжтой боловуу гэж. боддог.