М.ГАН

Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд “Богдхан” төмөр замын төслийг хаалттай танилцуулсан юм.

-”Богдхан” төмөр замын төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Нийт 150 орчим км төмөр замыг Богдхан уулын урдуур тойруулж барина. Улаанбаатарын дундуур явж байгаа төмөр замыг чөлөөлөх юм. Ин­гэс­нээр дуу чимээ, утаа, аюултай ачаа тээвэр, тө­мөр зам дагасан аж ахуйг бүгдийг нь хотоос гаргана. Их хэмжээний газар чө­лөөлөгдөнө. Тэр газарт нь бүтээн байгуулалт хийх боломжтой.

-Ажил нь хэзээ дуусах вэ?

-Хөрөнгө мөнгө нь шийдэгдчихвэл 2016 онд дуусчихна.

-Хэдэн  төгрөг зарцуу­лах вэ?

-Урьдчилсан тооцоо­гоор 500 орчим сая ам.дол­лар хэрэгтэй.

-Сүүлийн үед улстөрч­дийн яриад буй төмөр замын асуудалд салбар хариуцсан сайд ямар тайлбар хэлэх вэ. Аль нь үр ашигтай юм бэ?

-2010 онд УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бод­логын бичиг баримтыг баталчихсан. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. 2010 онд УИХ-д хэн олонх байсан билээ.

-Ардын нам.

-Тийм ээ, Ардын нам. Ц.Нямдоржийн нам олонх байхдаа баталсан баримт бичиг. Өөрөө баталчихаад одоо түүнийгээ эргэж ярихыг би зөв алхам гэж хэлэхгүй. Тухайн үед боломж нь байсан. УИХ-аар ярьсан, шийдсэн. Шийд­­чихээд одоо энэ тухай нэг хүн ярих ямар ч боломж байхгүй. Нэг хүн ярилаа гээд өөрчлөгддөг юм биш.

-Тэгвэл өргөн цариг ашигтай юм уу?

-Ашиггүй гэж хэн хэ­лээд байгаа юм бэ. Төмөр зам одоо ч өргөн царигтай л байгаа биз дээ. Хятад руу нүүрс гаргахгүй гэж хэн яриад байгаа юм бэ. Гаргаж л таарна.

-Төмөр зам дээр шил­жүүлж ачилт хийхэд хэдэн төгрөг зарцуулах юм бэ?

-Шилжүүлэн ачилтын өртөг гурван ам.доллар. Тийм өндөр алдагдалд орох мөнгө биш.

-УИХ-ын гишүүн асан Р.Раш төмөр замын сал­барыг сайн мэдэх хүн. Тэрээр өргөнөөс нарийн руу суудлын галт тэрэг байж болно. Ачаа тээврийг ингэж хийсэн туршлага байхгүй гэсэн байна лээ?

-Байна. Өнөөдөр хэ­рэг­лэж байгаа технологи бий. Улстөрчдийн хийж буй  улс төр, хар пи-ар  болон бодит нөхцөл байдал, тооцоо судалгаа ямар байгааг харж болно. Өргөн царигаас галт тэрэг орж ирээд доор нь байгаа нарийн цариг дээрх галт тэрэг дээр нүүрсээ буулгаад асгачихна. Энэ нь байгаль орчинд халтай нөлөө байхгүй. Тоосжилт гарахгүй. Өнөөдөр хэрэг­лэж байгаа технологи ийм байна.

-Яагаад заавал өргөн царигийг сонгож байгаа юм бэ. Зөрүү нь гурван ам.доллар гэж байгаа ч нийт дүн нь өндөр юм биш үү. Нарийн байж болохгүй гэж үү?

-Өргөн царигтай хол­боо­той УИХ-аас гаргасан гурван бичиг баримт бий. УИХ-ын тогтоол бол хууль. Хэрэгжих ёстой. 2008 онд УИХ-ын 12 ду­гаар тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлого баталж гаргасан. Түүний 5.3.1-д Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулна гэж заасан. Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг бол нэг царигтай байна гэсэн үг. Хоёр цариг хэзээ ч нэгдсэн сүлжээ болохгүй. 2009 онд Ерөн­хийлөгч, ОХУ-ын Ерөн­хийлөгчтэй Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан. 15:20 мм өргөн цариг бүхий Монголын төмөр замын сүлжээг өр­гөжүүлэх стратегийн түнш­лэлийн талаар тохирлоо гэсэн. Дараа нь 2010 онд УИХ-аас Төмөр замын тээврийн бодлогыг батлахдаа 15:20 мм царигтай байна гэсэн. Одоо ямар ч тайлбар хэрэг­гүй. Царигийн тухай дахиж битгий яриарай.

-УИХ баталсан хууль­даа өөрчлөлт оруулж болно шүү дээ?

-Тэгвэл геополитик, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай хол­боо­той нарийн чухал асууд­лууд яригдана. Тий­мээс үүнтэй холбоотой тайлбар өгөх боломжгүй.

-Гадаад харилцааг хөндөх үү?

-Үгүй.

-МИАТ-ийн гэх хэрэг мандлаа. Өмнө нь тэнд болсон хэргийг нууцалсан гэх юм.  Яагаад хэргийг дарсан юм бэ?

-Х.Тэмүүжин сайд, Ц.Нямдорж гишүүн хоё­рын дунд тийм яриа бол­сон гэж би сонссон. 2010 оны нэгдүгээр сарын 7-нд гэмт хэргийн шинжтэй байсныг манай яам илрүү­лээд цагдаад өгсөн. Гэтэл 2013 онд хэрэг илэрч бай­на. Хоёр жилийн дараа илэрлээ. Тэгээд хэрэг дарагдаагүй гэж хэлэх үү. Төр засаг солиг­дож байж, цагдаагийн даргыг нь сольж байж энэ хэрэг гарч ирлээ. Өмнө нь яагаад гаргаж ирээгүй юм бэ. Тухайн үед Хууль зүйн сайд нь хэн байсан билээ. Маш тодорхой байгаа биз дээ. Бидэнд бүх баримт нь байсан. Бид 2010 онд шал­гуулахаар цагдаад өгчихсөн байсан.

-“Монголиан Эйр­лайнес” компани ямар шугамаар зөвшөөрөл авсан тухай Хууль зүйн сайд ярьсан шүү дээ?

-Шалгуулахад бэлэн байна. Хууль, дүрэм жур­мын дагуу зөвшөөрлөө авсан. Зөвхөн “Монго­лиан Эйрлайнес” ч биш “Изинис”, “Айро Мон­голиа” бүгдээрээ л ингэж авсан.

-МИАТ хэдэн төгрө­гийн алдагдалтай байгаа бол?

-Ес орчим тэрбум төг­рөгийн алдагдалтай явж байгаа.

-Тэнд хэр хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Хуучин удирд­лагуу­дыг бүгдийг нь өөрчилсөн. Хууль бус үйл ажил­ла­гаанд оролцсон хүмүүсийг удирдлагын багаас чөлөөлнө. МИАТ дээр шинэчлэл хийнэ.