Л.ХЭРЛЭН
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдрөөс эхлэн ЭМЯ-нд ажиллаж байна. Салбарын сайдыг нь Женевийн уулзалтад оролцож явах үеэр ийнхүү гэнэтийн айлчлал хийж, ажилтай нь танилцсан нь эмч, эмнэлгийн ажилтнуудыг гайхшруулаад зогсохгүй, багагүй хардлага дагуулав. Учир нь хэдэн өдрийн өмнө тэрээр эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн бодлогоо танилцуулж, Н.Удвал сайд ч хийх ажлаа ил тод ярьсан. Юуны өмнө идээ бээрэндээ баригдсан эрүүл мэндийн салбарыг өөрийг нь эхлээд эрүүлжүүлэх шаардлагатай байгааг тэрээр ажил хүлээж авсан цагаасаа л ярьж байгаа. Түүний төлөө ч зүтгэж ирсэн. Тус салбар дахь тэрхүү идээ, бээр ч савандаа багтахгүй болж эхнээсээ ил гарч эхэлсэн гэж болно. Гэтэл Н.Удвалыг олон улсын уулзалтад явсан хойгуур түүнээр оролдсон бор шувууг АН-ын зүгээс хэвлэлээр нисгэж, дараахан нь Ерөнхий сайд яаман дээр нь харайлгаж очсон явдал улстөржлөө гэх дүнэлтийг олон нийтэд төрүүлэх нь зүйн хэрэг биз. 
Уг нь салбарын сайдын эзгүйд Ерөнхий сайд гэнэт очиж ажлыг нь шалгах сайн хэрэг л дээ. Ажил урагштай байхад ч дөхөмтэй. Манайхан тэр дарга ирнэ, ийм шалгалт хийнэ гээд урьдчилаад бэлтгэчихдэг бол байдлыг газар дээр нь танилцаж бодитой үнэлэлт, дүгнэлт өгнө гэсэн үг. Харин улстөржсөн санаа агуулж, зориуд зохион байгуулж, хор найруулж байгаа тохиолдолд бол мэдээж ямар үр дагавар авчрах нь ойлгомжтой. Хэрэв тийм бол Н.Удвалыг эзгүйчилсэн Н.Алтанхуягийн айлчлал бусад сайд нарт ч туршлага болог гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Гэхдээ Ерөнхий сайд огт өөр санаа агуулж өрхийн эмнэлэг хэссэн байхыг байг гэхгүй. Тухайлбал, улстөрийн намын даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль угтаж иргэдэд ойртох гарц хайсан ч юм бил үү. Тэр нь дүүрэг, хороо, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв болж таарсан учраас ийнхүү иргэдэд хүрэх гүүрээ ийм маягаар барьж эхэлсэн байж ч болзошгүй юм. Энэ олон таамгийн аль нь үнэн болохыг цааш өрнөх улстөрийн үйл явдал тодорхойлж таарна. Мөн өнөөдөр Ерөнхий сайдын сэтгүүлчидтэй хийх зангиагүй уулзалтаар багагүй зүйл тодорхой болох биз ээ.