М.ЦЭЦЭГ
УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хамтран хуралдав. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Дараа нь Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлын 70 орчим хувийг гэр хорооллын жирийн зуухны яндангаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд байдаг гэсэн статистик мэдээлэл ч бий. Иймд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан байна.
Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин долоон байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2.3 га газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, МҮОНРТ орчмын 11.4 га газар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр урьдчилсан зураг төслийг боловсруулаад байгаа аж. Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлэхээр болсон тухай Хотын дарга ярьж байлаа.
Тэрээр иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, хэрхэн саналаа оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллаж байгаагаа хэлсэн. Хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх ажлын хэсгийг зохион байгуулж, ажлын хэсгийнхэн тэрхүү дахин төлөвлөлтөд орох байршилд амьдардаг иргэдтэй уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулснаа ч дурдсан. Хэлэлцүүлэгт хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь дахин төлөвлөлтөд орохыг дэмжсэн дүн мэдээтэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 184.2 мянган айл өрх гэр хороололд байгаа бөгөөд эдгээр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт дэд бүтцээс алслагдсан байдаг гэнэ. Иймд гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээнд холбон барилгажуулах ёстой гэж үзэж байгаагаа хотын дарга Э.Бат-Үүл хэлж байв. Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдсэнээр эхний ээлжинд 42 мянган айл инженерийн байгууламжид холбогдож, хотын агаарын бохирдол 30 хувиар буурах юм байна. Түүнчлэн гэр хорооллын газрыг гурван хэсэгт бүсчлэн төлөвлөхөөр зураг төслийг боловсруулснаа танилцууллаа. 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 40 тэрбум төгрөг баталсан бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчдад санал тавьж хамтарч ажиллах юм байна.
Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулагдаж буй “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Улсын үйлдвэрийн газар гардан зохион байгуулах аж.