Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуо өнөөдөр өглөө манай улсад
ирнэ. Түүний айлчлалын талаар манайхаас гадна Хятад болон дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Учир нь ноён У Бангуогийн айчлалаар Тавантолгойн асуудлыг хөндөнө хэмээн таамаглаж байгаа юм. Хятадын “Чалко” компани манай Засгийн газартай Тавантолгойгоос нүүрс нийлүүлэх тухай урт хугацааны гэрээг өнгөрсөн онд байгуулсан юм.
Гэрээ ашиггүй учир цуцлах шаардлагатай хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. “Чалко”-д төлөх 180 сая ам.долларыг төлж барагдуулаад мөн 50 сая ам.доллар нэмж төлөн гэрээг цуцлахаа мэдэгдсэн. Гэвч гэрээг өөрчилвөл шүүхэд хандахаа “Чалко”-ийн зүгээс мэдэгдсэн байна. Ноён У Бангуогийн айлчлалыг угтаж манай улсад суугаа Хятадын Элчин сайд ч гэрээний талаар мэдэгдэл хийсэн нь асуудал үүсгэсэн юм.
У Бангуо ямар мэдээтэй ирэхийг олон улсын хэвлэлийнхэн чих тавин хүлээж байгаа юм. Айлчлал хоёр хоног үргэлжлэх бөгөөд Хятадын 30 гаруй хэвлэл сурвалжлахаар ирж байгаа аж.