М.ХҮСЛЭН
Бразилийн Санта Мария хотын “Kiss” хэмээх шөнийн клубт гал гарч амь үрэгдсэн хүмүүсийн тоо 233-т хүрчээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан орон даяар 30 хоногийн гашуудал зарлажээ. Мөн Санта Мария хотод өчигдрөөс хохирогчдыг нутаглуулаад байна. Хотын цагдаагийн газраас амь үрэгдсэн 230 хүний хэн болохыг олж тодруулаад байгаа бөгөөд өөр гурван хүний цогцсыг таниулах ажиллагааг явуулж байгаа аж. Амь үрэгдсэн хохирогчид олон байгаагаас хотын цогцос хадгалах газар дүүрчээ. Бразилийн “Глобо” мэдээллийн агентлагийн мэдээлснээр хохирогчдын олонхи нь 16-20 насны залуучууд ба ихэнх нь “UFSM” их сургуулийн оюутнууд аж. Амиа алдагсдын олонхи нь галын үеэр утаанд угаартаж, эсвэл айж сандарсан хүмүүсийн хөлд дарагдаж, амиа алдсан байна. Санта Мариа хотын эмнэлгүүдэд аймшигт галаас аврагдсан боловч угаартаж, түлэгдэж, гэмтсэн 100 гаруй хүн эмчлүүлж байгаа юм байна. Одоогоор цагдаа нар гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч хохирогчдын ар гэрийнхэн галыг санаатайгаар тавьсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа тухай “ВВС” мэдээлжээ.
Гал сөнөөгчдийн мэдээлснээр шөнийн клубын ариун цэврийн өрөөнөөс 50 гаруй хүний цогцос олсон байна. Гал шөнийн 02:00 цагийн үед гарсан бөгөөд тухайн үед клубт 300-500 хүн байсан гэнэ.