Б. БАРС

 

Английн “Гардиан” сонинд ийм нэртэй нийтлэл гарсныг товчлон хүргэж байна.

 

Өөрийнх нь нэрийг авсан хот, гудамж, тосгон, сургууль, өөрт нь зориул­сан хөшөө баримал, музей зэргээр В.И.Ленин өнгөр­сөн зууны ямар ч хүнээс хол илүү. Тэгвэл Мон­голын нийслэл Улаан­баатар хот улс төрийн “үлэг гүрвэл” болсон түүнд баяртай гэж хэлж байна.

Монголын Засгийн га­­­­зар ЗХУ-ын даран­гуй­лагч түүнд зориулсан музейн барилгыг 70 сая жилийн настай Тарбозавр Батаар зэрэг тус улсын үлэг гүрвэлийн баялгийг олонд дэлгэх төв болго­хоор шийдвэрлэжээ.   

Улаанбаатарын төвд орших сүрлэг барилга дотор одоо хүртэл Вла­димир Ильичийн аварга том цээж баримал байдаг ч сүүлийн хэдэн жилд оффисын зориулалтаар ашигласаар иржээ. Соёл урлаг, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ, “Манай улс 20 жилийн турш үлэг гүрвэ­лийнхээ баялаг олдворыг гадаадын орнуудаар тогт­мол гаргаж байгаа ч ард иргэд маань энэ төрлийн баялагтайгаа төдийлөн сайн мэддэггүй. Дино­зав­рын музейтэй болсноор монголчууд бүгд энэ баял­гаа хайрлан хамгаалагч болох нь дамжиггүй. Энэ музей түүнчлэн аялал жуулч­­­лалын хөгжилд түл­хэц болох биз ээ” гэсэн юм. В. И. Лениний музейг Монгол Улс ЗХУ-ын да­гуул байсан 1980 онд нээ­жээ. Тус улс олон намын систем бүхий ард­чилал руу шилжих болсон 1990 оноос музейн байрыг МАН өмчилж байсан бөгөөд голд нь байрлах аварга том Лениний цээж баримлыг тойрон баар, ресторанууд ажилласаар өнөө хүрчээ.

Мэдээж, энэ барилгад динозаврын музей нээг­дэхэд Лениний баримлын оронд долоон метр урт Тарбозавр Батаар гол үз­мэрийн байрыг эзлэнэ. Батаар өнгөрсөн оны тав­дугаар сард АНУ-ын Нью-Йоркийн дуудлага худал­даагаар  борлогдсон ч Эрик Прокопи гэгч этгээд Монголоос хууль бусаар авч гарсныг шүүг­чид тог­тоосон юм. Нью-Йорк хотноо төв­тэй Монголын үлэг гүр­вэл судлалын инс­титутын үүс­гэн байгуулагч В.Мин­жингийн хэлс­нээр, Батаарын хэрэг Мон­го­лын олон нийт болон албан тушаалтнуудын ан­хаарлыг үлэг гүрвэлийн асуудалд ихээр хандуул­сан байна. Ер нь тус улс дэлхийн бусад аль ч орноос илүү үлэг гүрвэлийн олдвороор баялаг ажээ.

Монголын үндэсний түүхийн музейн барилга хэт хуучирч, нурахад бэ­лэн болсон тул Засгийн газ­рынх нь энэ шийдвэр цагаа олсон нь тодорхой. Ийнхүү Монгол Улс “Ленин баяртай, дино­заврууд тавтай морил” гэж хэллээ.