Д.БОЛОРМАА

Өмнөговь аймгийн Засаг дарга Бадамгаравын Бадраа. Энэ эрхмийг бөхөөр яривал дархан аварга гэлтэй. Орон нутагт өрсөлдөнө. Ажрахгүй л ялаад гараад ирнэ. Өмнийн цэнхэр говийн зон олон ирэх дөрвөн жилд түүний удирдлагаар хөгжиж, өмнөх амжилтаа бататгахаар шийдсэн нь энэ. Б.Бадраа дарга зөвхөн АН-ын үед л гэнэт засаг болсон битүү хүн биш. Тэрээр МАН-ын засаглалын үед орон нутагт ардчиллын салхийг аль хэдийнэ түгээж амжсан нэгэн. Түүний намтраас товч дурьдвал Өмнөговь аймгийн Даланзадгад хотын унаган хүү. Аав нь Өмнөговь аймгийн хуучнаар АИХ-ын депутатын гүйцэтгэх захиргаа гэж байх үед аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажилласан юм байна.
Боловсрол гэвэл бага анги болоод математикийн багш мэргэжилтэй. Багшаас сургуулийн захирал болтлоо соц нийгмийн үеэс ардчиллын он жилүүдэд ажиллаж. Боловсролын салбарт нийтдээ 23 жилийг өнгөрүүлж, 2000 оны дунд үеэс эхлэн улстөрд хөл тавьжээ. Өнөөдөр Өмнөговь аймаг 50 гаруй мянган хүн амтай, сая гаруй малтай, хөрсөн доорхи эрдэс баялагаа түшиглэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж их бүтээн байгуулалт өрнөсөн, өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй хөгжлийн томоохон төв болж байна. Энэ утгаараа түүнд Өмнөговийг “жишиг аймаг” болгох төлөвлөгөө бий. Улс, орны төсөв санхүүгийн дийлэнхи хувийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн цоо шинэ үеийг бүтээхэд чухал хувь нэмрээ оруулах шинэ цаг ирснийг Б.Бадраа дарга онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, ажил албаа нэр төртөй, үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай хашиж, хөдөлмөрч уламжлалтай хүн ардынхаа давуу талыг ашиглан аймгаа хөгжлийн хувьд үлгэр жишээ болгохоор зорьсон юм байх. Түүнээс гадна жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлыг сааруулж, иргэдийнхээ амьдралын баталгааг хангахаар төлөвлөжээ. Дээрээс нь 1000 айлын орон сууцыг барьж залуу боловсон хүчнийг өмнийн говьдоо татахаар шийдсэн сурагтай. Б.Бадраа даргын хувьд улс төрд, орон нутагт нэр хүнд сайтай ч хэвлэлийн хуудаснаа элдвээр бичүүлж ирсэн. Төрийн албанд тасралтгүй зүтгэсэн гэр бүлийн хоёр аймгийнхаа ганц ундны усны эх дээр дээд зэрэглэлийн хаусаа сүрлэг хашаагаар тойруулан эзэн дээдэс мэт амьдардаг. Аймгийн төвөөсөө хойш 40 орчим километрт байх маш том жуулчны баазыг худалдаад авчихсан. Хуучин ХААН банк байсан байрыг 100 саяар худалдан авч “Green Castle” нэртэй дээд зэрэглэлийн ресторан байгуулж аймгийнхаа хийгээд бууж мордсон баячуудад тусгайлан үйлчилж төрийн ажлаас илүү хувийн бизнесээ боддог. Төрийн мөнгөөр тоглогч, тендер будлиулагч гэх мэт элдвээр бичүүлэх ч нэгэнд нь ч тайлбар хийж байсангүй. Энэ нь түүнийг элдэв хэл амны хойноос хөөцөлдөөд явдаггүйг илтгэнэ. Түүнээс ярилцлага авахыг хүсэх бүрт “Хийх ажил их байна. Ярилцлага өгөөд суух зав алга” хэмээх нь хийж бүтээснээ сурталчлаад байдаггүй гүндүүгүй занг илэрхийлэх биз. Ер нь Өмнөговь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн 2011 оноор жишээ авахад улсын төвсийн тухай хуулийн өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлжээ. 60,9 тэрбум төгрөгийг улсдаа төвлөрүүлсэн. Жижиг Тавантолгой хувьцаат компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмч юм. Тухайн уурхайн нэг жилдээ олсон ашгийн 51 хувь нь Өмнөговь аймагт ногдож байдаг гэсэн үг. Өнгөрсөн онд 80 жилийн ойгоор баярлах, наадах цэнгэхдээ гол биш их зүйлийг хийж бүтээе гэсэн сэтгэлээр Өмнөговьчууд ажилласан учраас 20 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж чадсан хэмээн онцолдог юм билээ. Ойрын үед Б.Бадраа даргыг эрүүл мэндийн шалтгаанаар шалтаглан ажлаас нь огцруулахаар нэр бүхий хүмүүс хор найруулж яваа дуулдаж байна. Шалтгаан нь Даланзадгадын дулааны цахилгаан станцын сааталтай холбоотой гэнэ. Гэсэн ч тэрээр хэнээс ч айж бэмбийхгүй хэлэхээ хэлж, хийхээ хийж, ажилласан шиг ажиллаж, амьдарсан шиг амьдарч яваа шударга нэгэн хэмээн магтах хүн ч цөөнгүй байна.